niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 13:02 UTC Эх: https://news.mn/r/2821056/ adc69fd2fbc30c37… ← niitlelch.mn руу буцах

Г.Занданшатар: Найдвартай, тогтвортой хамтын ажиллагааг эрхэмлэнэ

Хуучирсан мэдээ: 2025.09.05-нд нийтлэгдсэн

LiveГ.Занданшатар: Найдвартай, тогтвортой хамтын ажиллагааг эрхэмлэнэ

Г.Занданшатар: Найдвартай, тогтвортой хамтын ажиллагааг эрхэмлэнэ

Владивосток хотноо энэ сарын 3–6-нд зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2025.09.05/ эхэллээ. Тус хуралдаанд 70 гаруй орны төлөөлөгчид оролцож байна. Энэ удаагийн форумын гол сэдэв нь “Дорнын бүс — энх тайван ба хөгжилд чиглэсэн хамтын ажиллагаа” юм.

Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
15 : 44
2025-9-5

Ерөнхий сайд Г.Занданшатар үг хэлж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Г. Занданшатар:

-Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтыг зохион байгуулж байгаад талархал илэрхийлж, амжилт хүсье.

Бүс нутгийн, инфраструктур, эрчим хүч, байгаль орчны салбаруудын хамтын ажиллагааны хөгжил нь Азийн Номхон далайн бүс нутагт Монгол Улсын нэр хүндийг дээшлүүлж, цаг үеэ олсон, тогтвортой хамтын ажиллагааг өрнүүлэх чухал боломж юм.

Дэлхийн хүн амын талаас илүү нь оршин суугаа энэ бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэхэд манай улс Зүүн Өмнөд Азийн орнуудтай болон бусад түнш орнуудтай харилцан ашигтай, найдвартай, үр ашигтай хамтын ажиллагаа тогтоох нь бидний гол зорилт юм. Сүүлийн гурван жилд манай улсын эдийн засаг зургаан хувийн өсөлт үзүүлсэн нь гадаад худалдааны салбарын үр дүнтэй бодлого, хамтын ажиллагааны үр дүн юм.

Гурав хоногийн өмнө ОХУ, БНХАУ, Монгол гурван орны Засгийн газрын дээд түвшний уулзалтын дараа бид томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр баталсан.

Үүний нэг нь Улаанбаатар хотод байгалийн хийн хэрэглээг нэвтрүүлэх төсөл юм. Өнөөдөр /2025.09.05/ уг төсөлд Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Газпорм компаниуд гарын үсэг зурлаа.

 

 

 

13 : 20
2025-9-5

Монголд хөнгөлөлттэй үнээр улаанбуудай нийлүүлэх хүсэлтийг шийдвэрлэхээ Ерөнхийлөгч В.Путин илэрхийлжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Дорнын эдийн засгийн X чуулга уулзалт”-д оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзсан билээ. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар хөнгөлөлттэй үнээр улаанбуудай нийлүүлэх хүсэлтийг Оросын талд тавьсан байна. Энэ жил манай улсын газар тариалангийн бүс нутагт ган гачиг нүүрлэж, ургацын байдал хүндэрсэн тул 100-150 мянган тонн хүнсний улаанбуудай болон малын тэжээлийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлж, байгаль цаг уураас шалтгаалсан хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэхийг хүсчээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин энэхүү хүсэлтэд нааштай хариу өгсөн байна. Энэ жил нэгд, Орос улс хангалттай хэмжээний ургац хурааж авч буй, хоёрт ОХУ улаанбуудайн экспортоороо дэлхийд тэргүүлэгч улс тул Монголын талын хүсэлтийг шийдвэрлэхэд саад болох зүйл үгүй гэж хэлсэн байна. Энэ чиглэлээр хоёр талын салбарын яамд хамтарч ажиллаж, хэрхэн яаж нийлүүлэх зэрэг техникийн асуудлуудаа шуурхайлах хэрэгтэй гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгч Путин онцолжээ.

14 : 28
2025-9-5

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин илтгэл тавьж байна

inbound2650820735098658624

Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн 10-р чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин илтгэл тавьж, Дорнын болон Сибирийн бүс нутгийг хөгжүүлэх нь XXI зууны Оросын үндэсний тэргүүлэх чиглэл гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр, Дорнийн эдийн засгийн форумын арван жилийн ойг тэмдэглэн, оролцогч улс орнуудын төлөөлөгчид, зочдод талархал илэрхийлэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Энэ арга хэмжээний гол зорилго нь Дорнын бүс нутгийн бүх боломжийг бүрэн дүүрэн ашиглаж, хөгжлийн шинэ гарцыг нээхэд оршино” хэмээн тодотгов.

Илтгэлийнхээ үеэр тэрбээр бүсийн дэд бүтцийн хөгжлийн асуудалд онцгойлон анхаарч, “Дорнын гол мөрнүүд бол байгалийн тээврийн чухал артерууд. Бид шинэ далайн терминал, тээврийн зангилаа байгуулахын зэрэгцээ Байгаль-Амурын магистраль болон Транссибирийн төмөр замыг өргөтгөн хөгжүүлж, боомтуудыг төмөр замын сүлжээнд илүү үр ашигтай холбох шаардлагатай байна” гэж мэдэгдэв.

Мөн эрчим хүчний салбар ч мөн чуулганы илтгэлийн гол сэдэв байлаа. В.В.Путин эдийн засаг, хүн амын өсөлттэй холбоотойгоор бүсийн эрчим хүчний хэрэглээ нэмэгдэхийг дурдан, “хий, атомын болон усан цахилгаан станцуудыг цогцоор нь хөгжүүлэхэд томоохон хөрөнгө оруулалт шаардлагатай” гэдгийг хэлэв.

Технологийн хөгжил, шинжлэх ухааны инновацийн талаар тэрээр “ховор төрлийн газрын металл боловсруулах, баяжуулах дэвшилтэт технологийг яаралтай нэвтрүүлэх нь бүс нутгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ” хэмээн онцлов.

Мөн тэрбээр хөрөнгө оруулалтын нөхцөл байдлыг тайлбарлахдаа, өнгөрсөн жилүүдэд нүүрсхүчлийн үйлдвэрлэл болон нефть-химийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд энэ нь бодит үр дүн авчирсныг дурдав. “Өнөөдөр Дорнын хязгаарт нэг хүнд ноогдох хөрөнгө оруулалт улсын дунджаас хоёр дахин их байгаа нь бидний бодлогын зөв чигийг баталж байна” гэж В.В.Путин мэдэгдлээ.

Цаашид бизнесийг дэмжих олон төрлийн механизм үргэлжлэн хэрэгжих бөгөөд тээвэр, дэд бүтэц, боловсрол зэрэг салбарт төрөөс томоохон хөтөлбөрүүд хэрэгжиж буйг тэмдэглэн хэлэв.

В.В.Путин илтгэлдээ Дорнын бүс нутгийг Оросын эдийн засгийн хөдөлгөгч хүч болгон хөгжүүлэх стратегийн зорилтоо тодорхойлж, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, эрчим хүч, шинжлэх ухаан, технологийн шинэчлэл зэрэг олон чиглэлээр цогц бодлого хэрэгжүүлэхийг уриаллаа.

Илтгэлийн төгсгөлд ОХУ-ын зүгээс Алс Дорнодыг хөгжүүлэх нь улс орны стратегийн чухал зорилт гэж үзэж буйгаа илэрхийлээд, энэ хүрээнд дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчидтай өргөн хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдлээ.

Дорнын эдийн засгийн чуулганы өргөтгөсөн хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины дараа Лаос улсын Ерөнхий сайд үг хэлнэ. Үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар үг хэлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж