Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт "Гацуурт"ХХК-ийн удирдлагууд хууль зөрчин байгаль орчинд хохирол учруулсан талаар нутгийн ард иргэд өнөөдөр /2025.09.04/ мэдээлэл хийлээ.
Баянхонгор аймгийн Галуут сумын малчин Б.Далайцэрэн:
-Үндсэн хуульд зааснаар иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах, аж төрөх эрхтэй гэсэн байдаг. Гэвч эдгээр эрх маань зөрчигдөөд байна. "Гацуурт" компани бидний мал бэлчдэг газарт, ундаалдаг гол устай маань ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр уул уурхайн ажил зохион байгуулах гэж байна. Манай сумын ард иргэд долоон жилийн өмнөөс байгаль хамгааллын чиглэлээр тэмцэл өрнүүлж өдийг хүртэл чадлынхаа хэрээр тэмцэж явна. Энэ жилээс манай нутаг усанд энэ асуудал илүү өргөн цар хүрээтэй болж малчид ард иргэдийн сэтгэл санааг зовнилд хүргэж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бидний хүсэлтийг хүлээн аваасай гэж хүсч байна гэв.
Галуут сум нь Баянхонгор аймгийн хойд хэсэгт байрладаг. Хангайн нурууны өртөө, уул толгодтой бүсэд оршдог тул төрөл бүрийн ан амьтад, 100 гаруй нэр төрлийн эмийн ургамал, гол мөрний эко системд амьдардаг ховор цоохор ирвэс, мазаалай, зэрлэг тэмээн, аргаль гэх мэт амьтад байдаг.
Экологич н.Туяа энэ үеэр ярихдаа “Энэ нутагт орших Өлзийт гол гэж бий. Энэ гол бохирдсоноор зөвхөн Галуут сумын асуудал үүсэхгүй. Галуут Бөмбөгөр, Бацагаан, Бууцагаан гээд дөрвөн нутгийг ундаалдгаар зогсохгүй Бөөнцагаан нуур руу цутгадаг. Олон улсын хамгаалалтад байдаг хамгийн олон шувуу буюу 163 нэр төрлийн шувуу ирдэг. Бөөнцагаан нуур руу цутгадаг. Өлзийт голын ай савыг уул уурхайн зориулалттай ашиглавал усгүй цөлжих эрсдэлтэй.

"Гацуурт" компани 2017 онд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийссан тайланг батлуулахгүйгээр багийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авахгүйгээр, уул уурхайн үйл ажиллагаа явуулсан. Хуулийн дагуу бол үүнийг байгаль орчны эсрэг гэмт хэрэг гэж үздэг. Тусгай зөвшөөрөлтэй талбай дээр 14 ширхэг хүрэл зэвсгийн үеийн түүхэн дурсгал байсан.
Гэтэл энэ оны наймдугаар сард орон нутгийн иргэд болон удирдлагуудад мэдэгдэлгүйгээр ухаж тухайн газар түүхэн дурсгал байхгүй гэсэн үндэслэл гарсан.
Бид ажлын хэсэг гарган очиж судлахад хүрэл зэвсгийн үеийн таван үнэт дурсгал олж илрүүлсэн. Хуульд зааснаар соёлын өв бүртгэгдсэн талбайд ажлын тусгай зөвшөөрөл олгохыг хориглодог” гэж ярьсан юм.
Б.Сарнай
3,607.57






















































Холбоотой мэдээ