niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 13:05 UTC Эх: https://news.mn/r/2820838/ 6a03f8e899391fb1… ← niitlelch.mn руу буцах

“Шахаа” -ны эздэд хариуцлага тооцож чадах уу?

Хуучирсан мэдээ: 2025.09.04-нд нийтлэгдсэн

“Шахаа” -ны эздэд хариуцлага тооцож чадах уу?

“Шахаа” -ны эздэд хариуцлага тооцож чадах уу?

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтын мэдээллээр төрийн өмчит компаниудад "шахаа" нүүрлэжээ. Хамгийн ноцтой нь өндөр үнээр “шахсан” техник технологи нь ажилладаггүй. Хуучин “Эрдэнэт” үйлдвэрт МАН-ын томчууд ашиглалтын шаардлага хангахгүй зүйл ихээр “шахаж” хэтэвчээ түнтийлгэдэг байсан бол өнөө цагт “Эрдэнэс Тавантолгой”, ХК, “Хөтөлийн цемент шохой үйлдвэр” зэрэг төрийн өмчит компаниудад өндөр үнээр техник хэрэгсэл нийлүүлж, “шахаа”-ны үйлдвэр байгуулдаг аргатай болжээ.

Уг нь гурван жилийн өмнө Л.Оюун-Эрдэнийн танхим “Хөтөлийн цемент шохой үйлдвэр”-ийг хувийн хэвшлээс булаан, төрийн мэдэлд авсан. Тус үйлдвэрийг төрд буцаан авснаар дотоод дахь цементийн үнийг бууруулж, төсөвт төвлөрөх татварын орлого ч сайжирна гэж үзсэн. Харамсалтай нь, өнөөдөр бүх зүйл эсрэгээрээ.

Үйлдвэрийг шинэчлэх хүрээнд суурилуулсан техник, технологи нь эвдэрдгээс ашиг олох бус алдагдал үйлдвэрлэдэг болсон.

Нэг төгрөгийн ашиг олохын тулд 1.7 төгрөгийн зардал гаргадаг. Нэг ёсны техник хэрэгслээ дахин шинэчлэхгүйгээр үйлдвэрлэл хэвийн явуулах боломжгүй болсон байна.

Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК 300 сая ам.доллар буюу нэг их наяд гаруй төгрөг зарцуулан, нүүрс баяжуулах үйлдвэр барьсан ч өнөөх нь “шахаа”-ны үйлдвэр болж таарав.  Уг нь тус компанийн зүгээс байгальд ээлтэй, хаягдалгүй, эдийн засгийн үр өгөөжтэй нүүрс баяжуулах үйлдвэр барилаа, хэрэглэсэн усныхаа 96 хувийг дахин ашиглана гэж мэдээлж байсан ч хямд өртөгтэй техник технологийг өндөр үнэтэй “шахсан” болж таарав. Дээр нь баяжуулах үйлдвэрийг уурхайгаасаа 12 км зайд барьсан асуудал нь хууль хяналтын байгууллагаар шалгуулах хэмжээнд хүрсэн бол нэг их наядын машин тоног төхөөрөмж худалдан авсан асуудал нь бас л “но” –той байгаа тул шалгах нь.

Уг нь энэ компанийн өмнөх удирдлага нь нүүрсний асар их мөнгийг хувьдаа завшсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зэрэг зүйчлэлээр шүүхээс ял сонссон.  Нүүрсний хэдэн их наяд төгрөг эргэлдэж байдаг тул худалдан авалтыг нь ил тод болгох зорилгоор биржээр нүүрс арилжааг зохион байгуулахаас эхлээд Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч томилон ажилуулсан ч тусыг эс олсон нь энэ.

Тэр бүү хэл Авлигатай тэмцэх газраас гурван ч мөрдөгч “шургуулж” ажиллуулж байгаа. Хулгай, луйвар, шахаа, шантааж гаргуулахгүй гэж л мөрдөгч хүртэл дотор нь оруулсан болов уу. Гэтэл ямар сиймхийгээр нь баяжуулах үйлдвэрт “шахаа” хийгээд амждаг юм, санаснаа гүйцэлдүүлж…

Уг нь ажил хариуцаж буй албан тушаалтнуудын хувьд хариуцлага хар толгой дээр нь бууна гэдгийг мэдэж л байлтай. Аль эсвэл өмнөх удирдлагад шүүхээс оноосон ял нь хөнгөдсөн үү, эсхүл “шахаа”-г нь хаацайлах, хамгаалах том татаас байдаг уу, шоронд орохоос айдаггүй л хүмүүс болж таарч байна.

Төрийн өмчийн 100 гаруй компаниас гарын таван хуруунд багтах нь ашигтай ажилладаг. Тэдгээрийн нэг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК. Тэр хэрээр удирдлагуудынх нь цалин, урамшуулал өндөр. Нүүрсний үнэ унасан ч авдаг цалин, урамшууллаа хасалт, таналтгүйгээр авч ирсэн. Гэвч хамар дор нь “шахаа” –ны үйлдвэр баригдчихсан.

Уг нь төрийн өмчит компаниудад Засгийн газрын БЭТ-өөс гадна хяналтын менежер, Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/гэж том хяналтын инстутици бий.

ТУЗ-д багтсан төлөөлөл нь сар бүр тухайн компаниас цалин авдаг. Дээр нь  “Эрдэнэс Монгол нэгдэл”, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гээд хяналт тавих газрууд маш олон. Чухамхүү энэ олон нүд, чихний хаагуур нь “шахаа”-гаа хийж амжуулаад байгаа нь хачирхалтай.

Хамгийн гол нь энэ олон “мануухай”-нууд нь яагаад бүхэл бүтэн “шахаа”-ны үйлдвэр бариад байхад мэддэггүй нь бас сонин. Засгийн газар огцорч, сайд нь солигдохоор л хамаг ноцтой юм нь илэрдэг.

Тэр болтол гоё мэдээллүүд л цацагдаад байдаг.

Ийм байдлаар төрийн өмчит компанид “шахаа” хийгээд байвал Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээ боловсруулж, нэмүү өртөг шингээн экспортод гаргана гэдэг үлгэр биз дээ. Харин төрөөс төрөх тэрбумтнуудын тоо л нэмэгдэнэ.

Улс орнуудын хөгжсөн туршлага бол эрдэс баялгаа түүхийгээр нь экспортлох бус боловсруулж, нэмүү өртөг шингээснээр ажлын байрыг хэдэн зуугаар нь бий болгож, боловсруулсан бүтээгдэхүүн нь асар их валютыг оруулж ирдэг. Харин Монгол Улс түүхийгээр нь экспортолсоор, аж үйлдвэржих тухай ярьдаг ч хөрөнгө зарж босгосон үйлдвэр нь “шахаа”-ны ажилладаггүй техникүүдтэй байхад яаж ч үйлдвэржиж, хөгжих билээ дээ.

Хамгийн эмгэнэлтэй нь, “шахаа”-чин болон түүнд дэмжлэг үзүүлж ажилласан “гар хөл”-ийн үзүүрийн хүмүүст нь хариуцлага тооцох болохоор эзэн олдохгүй л болох вий дээ. Ер нь цаашдаа Засгийн газар зорьсноороо төрийн өмчит компаниудынхаа тоог цөөрүүлж, нэгтгэхийг нь нэгтгэж, татан буулгахыг нь буулгаж, хувьчлахыг нь хувьчилж, олон нийтийн хараа хяналтад оруулахгүй бол шахаа, луйвар, авлига зогсохгүй л болов уу.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж