Сүүлийн жилүүдэд цахим хэрэгсэл ашиглан орон сууц зарах, түрээслэх, захиалга авах зэргээр зар сурталчилгаа явуулж, залилан мэхлэх гэмт хэрэг нэмэгдэж байгааг цагдаагийн байгуулагаас сэрэмжлүүлж буй. Иймд иргэд байр худалдан авахдаа юуг анхаарах шаардлагатай талаар хуульч, өмгөөлөгч П.Эрхэмбаяртай ярилцлаа.
-Сүүлийн үед залилах гэмт хэрэг тэр дундаа орон сууцны гэрээ байгуулж, их хэмжээний мөнгө иргэдээс залилж буй хэрэг нэмэгдэж байгааг албаныхан анхааруулж, сэрэмжлүүлж байна. Гэсэн ч байртай болохыг хүссэн иргэд хамаг мөнгөө шавхан барилгын компаниудад өгдөг ч эцэстээ хохирогч болж үлддэг байдал газар авлаа. Иргэдийн зүгээс ихэвчлэн ямар гомдлыг хэлж, мэргэжлийн хуульчид хандаж байна вэ?
-Орон сууц захиалан бариулах гэрээг Иргэний хуулийн холбогдох хоёр зүйл заалтаар зохицуулдаг. Зарим нь хамтран ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, нөгөө хэсэг нь худалдах болон худалдан авахтай холбоотой гэрээг хийдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд зөвхөн иргэний маргаан нь залилангийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл болж, шүүхийн шатанд орж ирж байна. Энэ он гарснаас хойш иргэний 180 орчим маргаан шийдвэрлэгдсэн бол зөвхөн орон сууцны залилангийн 79 маргаан эрүүгийн хэргээр шийдэгдсэн байна. Оны эцэст шүүхийн шийдвэрийн сангийн дүн судалгааг харахаар маш өндөр хувьтай гарна.
Иргэдийн хууль эрх зүйн зөвлөгөө авч буй маргаан, кейсүүд харилцан адилгүй.
Барилгын ажил гүйцэтгэгч компани хугацаандаа байраа ашиглалтад оруулаагүй, урьдчилгаа төлбөр авчихаад орон сууцаа бариагүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөөгүй, хашаа байшинг буулгачихаад түрээсийн төлбөр давхар нэхэмжлэх гэх мэтээр олон асуудлаар ханддаг. Үүнээс гадна 100 м.кв талбайтай орон сууцны захиалга өгтөл 85 м.кв талбайтай байна гэдэг асуудлыг тавьдаг. Хууль эрх зүйн тусламж авч буй иргэдийг болж өгвөл шүүхийн хаалга татуулахгүй байх талаас нь зөвлөж, тухайн гэрээнүүдэд дүгнэлт хийхийг зорьдог. Мөн энэ төрлийн маргаан, хэргүүд дээр яаралтай шүүхэд хандах тохиолдол ч бий.
Ер нь орон сууцны захиалга авч буй барилгын компаниуд орон сууцыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүйн улмаас тодорхой алданги бодогдож байдаг. Тэр алдангийг төлөхгүйн тулд захиалагч иргэдэд "Та гэрээгээ аваад ир. Дахин гэрээгээ шинэчлэх шаардлагатай байна" гэх байдлаар гэрээг засдаг.
Хоёрт, "Удахгүй орон сууц улсын комисст орно. Тийм учраас шатахуун, эрчим хүчний үнэ нэмэгдсэн" гэдэг шалтгаанаар байрны м.кв-ыг анх тохирсон үнэ дээр хамгийн багадаа 500 мянгаас нэг сая төгрөгөөр нэмдэг. Гуравт, "Бид үл хөдлөхийн гэрчилгээг удахгүй гаргаж өгнө. Та түр хүлээж байгаарай" гээд ББСБ-д барьцаалж, тэр зээлээ төлөлгүйгээр иргэдэд түлхүүрийг нь өгч оруулдаг. Ингэж иргэдийг хуурч, байртай болгосон мэт ойлголтыг төрүүлдэг. Гэтэл үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Улсын бүртгэлд бүртгүүлснээр иргэн өмчлөгч нь болсон гэж ойлгох хэрэгтэй. Дөрөвт, байрны м.кв-ын зөрүүтэй байр хүлээлгэж өгдөг. Дээр нь "Манай 3 дахь блок удахгүй ашиглалтад орох гэж байна. Та нэг м.кв талбайг 1.5-2.5 сая төгрөгөөр худалдан авах боломжтой. Барилга бүрэн дуусахад 4 сая төгрөгөөр зарагдана" гэдэг байдлаар иргэдээс урьдчилгаа төлбөр авч, хотын өөр захад барьж байгаа шинэ төсөл рүү хийж, гацааж иргэдийг хохироож, тухайн барилга нь олон жил гацаж, удааширдаг нөхцөл байдал харагдаж байна. Энэ асуудлаас болж олон мянган иргэн хохирч байна.
-Байр захиалаад хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалах холбоо гэж байдаг юм билээ. Тэр холбооноос байртай болохоор залилуулсан иргэдийн тоо улсын хэмжээнд албан бусаар 70 мянгад хүрсэн гэж мэдээлж байсан. Хэдий албан бус тоо ч энэ бага тоо биш шүү дээ?
-Уг нь 70 мянган иргэн гэдэг чинь энэ тооны байшин хорооллын иргэд яндангаа буулгаж, аюулгүй орчин руу шилжих хүсэлтэй байна гэсэн үг. Тиймээс энэ асуудалд төрөөс хатуу бодлого баримтлах шаардлагатай байна. Энэ олон замбараагүй барилгын туслан гүйцэтгэгч компаниудыг цэгцлэх хэрэгтэй. Нэг томоохон ажлын ард гарчихаад, шинэ компани байгуулан барилгын төсөл хэрэгжүүлж эхэлдэг. Барилгын салбарт хийж бүтээсэн ажлын туршлагагүй, хөрөнгө оруулалтгүй гэдэг шалтгаанаар иргэд олон нийтийг хохироож буй компаниудыг хар жагсаалтад оруулах шаардлагатай.
Салбар яам болон холбогдох байгууллагуудаас нь хариуцлагагүй компанийн эцсийн өмчлөгч нь тэр гэдэг бүртгэлийг хийж, барилгын зөвшөөрөл гаргахгүй, техникийн нөхцөл өгөхгүй, өмнөх барилгуудаа барьж, иргэдийн хохирлыг барагдуулаагүй бол дахин төсөл хэрэгжүүлэхгүй байх хязгаарлуулалтыг хийх хэрэгтэй байна.
Иргэд энэ асуудлаар шүүхийн хаалга татаад эхлэхээр маш урт хугацаанд маргаан үүсгэж, их зардал гаргах болдог. Ингэснээр зарим иргэд үл хөдлөх хөрөнгөө олж авч чаддаг бол нөгөө хэсэг нь байгуулсан гэрээгээ цуцалж, төлбөрөө буцааж авья гэдэг. Ийм нөхцөл байдал руу орж байгаа нь иргэдийг санхүүгийн маш их эрсдэлд оруулж байна. Тиймээс барилгын салбарт тодорхой хэмжээний эрх зүйн зохицуулалтыг хийх зайлшгүй шаардлага тулгарч байна.

-Барилгын салбарт тодорхой хэмжээний эрх зүйн зохицуулалтыг хийх зайлшгүй шаардлагатай гэлээ. Хохирсон иргэд хохирлоо барагдуулахаар хуулийн байгууллагад ханддаг ч шалгаж байна гэх нэрийн дор жил тойрдог, хугацаа алддаг гээд улам нэрмээс болж байгааг хэлдэг. Эргээд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх хуулийн хариуцлага сул байна уу?
-Шүүх бол энэ төрлийн гэмт хэргийг чадлаараа шийдвэрлэж байгаа. Барилгын компанийн зүгээс "Би энэ барилгыг барьж байгаа юм чинь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахгүй", "Би барилгаа ашиглалтад оруулж, гэрчилгээг нь гаргаж өгөх юм чинь таны хүслээр энэ асуудлыг шийдвэрлэхгүй" гэдэг үүднээс иргэдийг хохироож байгаа бол иргэд өөрсдөө салбарын яам, Барилгын хөгжлийн төв болон холбогдох газруудад гомдол саналаа гаргах хэрэгтэй. Мөн гэрээ байгуулахаас урьтаж, мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөс зөвлөгөө авах нь чухал. Орон сууц захиалах гэрээн дээр юуг анхаарах вэ, урьдчилсан тэмдэглэл гэдэг юмыг яаж хийлгэдэг вэ гэдгийг судалж, хариуцлагатай хандах хэрэгтэй.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд эхнээсээ шүүхээс ял сонсч байгаа. Одоо ч гэсэн нэр бүхий олны танил хүмүүсээр сурталчилгаа хийлгэж, орон сууцаа одоо хүртэл бариагүй, бусад эд хөрөнгө нь хураагдаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд явж байгаа нэр бүхий хүмүүсийн асуудал байна.
Энэ үйлдэл нь олон нийтэд итгэл үнэмшил төрүүлж, мөнгийг нь аваад залилсан үйлдэл учраас заавал эрүүгийн хариуцлага хүлээнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэгтэй холбоотой зүйл заалт бий. Дотроо мөнгөн дүнгээсээ хамаараад хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй учраас хорих хүртэл зүйл ангитай. Гэтэл хохирсон иргэдийн зорилго нь хүнд их хэмжээний мөнгөө өгчихөөд тэр хүнийг шоронд хорих гэхээс илүүтэй орон байртай болох нь чухал байдаг. Хэрэг шийдвэрлэж дуусахад иргэн мөнгө ч үгүй, орон гэргүй болж хохирч байгаа юм. Орон сууц захиалгын гэрээгээ байгуулчихаад байрандаа орж чадалгүй харамсалтайгаар нас барж байгаа тохиолдол ч бий. Мөн амьдарч байгаа газраа дахин төлөвлөлтөд оруулж, түрээсийн байраар олон жил амьдарч байгаад нас барах тохиолдол ч байна.
Хууль эрх зүйн хариуцлага өндөр байхаар залилангийн гэмт хэргийн тоо буурна гэж уялдуулах нь өрөөсгөл юм. Хамгийн чухал нь иргэд энэ талаарх мэдлэг, мэдээллээ сайжруулах хэрэгтэй. Мөн төрийн байгууллагуудаас сайн барилга барьдаг компаниудын жагсаалтыг харах боломжоор хангах хэрэгтэй. Энд ямар нэгэн зардал чирэгдэл гарч, улсын төсвөөс мөнгө зарцуулах шаардлагагүй шүү дээ. Энэ онд ийм ийм компаниуд сайн ажилласан, эдгээрээс орон сууц худалдан авах боломжтой гэдгийг жагсааж, иргэдийг мэдээллээр хангах хэрэгтэй. Харин эсрэгээрээ хариуцлагагүй компаниудын хар жагсаалтыг гаргавал хохирсон 70 мянган иргэний тоо 40 мянга руу орох боломжтой. Гэтэл харамсалтай нь ийм дата мэдээлэл огт алга. Иргэд мэдээлэлгүйгээсээ болж нэгнийхээ аманд орж, харанхуй нүх рүү бөөндөө орж байна.
-Иргэдийн зүгээс хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл дутмаг, хэн нэгнээс сонссон дам ярианд итгэж, эрсдэлд орж байна. Тэгэхээр байр худалдан авахдаа юун дээр анхаарах нь чухал вэ. Иргэдэд ямар зөвлөгөөг өгөх бол?
-Хамгийн их маргаантай, шийдэхэд хүндрэлтэй, хүнд нөхцөлтэй хэрэг. Тухайн компани нь барилгаа ч эхлээгүй, ухсан нүхнээс өөр юу ч байхгүй байж иргэдээс их хэмжээний мөнгө авч, тэр мөнгө нь хаашаа ч юм алга болчихсон. Тэр компанийг шүүхэд өгөх гэхээр тэр их мөнгийг барагдуулах боломжгүй, хоёр чихнээс өөр авах юм байхгүй гэдэг. Иргэд гурваас дээш жил буюу олон жил хүлээвэл гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааны асуудал хөндөгдөнө. Тийм учраас иргэд удаан хугацаагаар хүлээхгүйгээр мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах хэрэгтэй. Цар тахлын үед барилгын компаниудад хил гаальтай холбоотой асуудал үүссэн үү гэвэл үүссэн. Гэхдээ томоохон нэр бүхий компаниуд төслөө хэвийн үргэлжлүүлж байсан бол нөгөө туршлага багатай, барилга барьж үзээгүй шинэ компаниуд хүмүүсийн амьдралаар тоглосон гэж хэлж болно.
Энэ нөхцөл байдлуудад төрийн зохицуулалт хийх салбар яам болон Барилгын хөгжлийн төвөөс хар жагсаалт гаргаж, хариуцлагагүй компаниудыг тэнд оруулах зохицуулалтыг хийх шаардлагатай.
Өнөөдрийн байдлаар нэгдсэн журмаар бодлогын хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа зүйл алга. Хууль тогтоомж, орон сууц захиалан бариулахтай холбоотой Иргэний хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлт алга. Барилга хөгжлийн төв, салбарын яам энэ газрууд чинь тухайн барилга барих зөвшөөрөл, зураг төслүүд дээр хяналт тавьж байгаа. Тэр журам дээрээ өөрчлөлт оруулж, иргэдийг хохироохгүй байх тал дээр шийдэл гаргасангүй.
Эцэст нь иргэд тухайн орон сууц захиалахдаа маш хянуур, өмнө нь ямар ямар төсөл, барилга барьж байсан эсэх, хэрэгжүүлж ашиглалт оруулж байсан уу, одоо тухайн компани дээр санхүүгийн болон хүний нөөцийн чадамж байна уу, бүх зүйлийг нягталж, үнэхээр хариуцлагатай хандах нь чухал.
Татвар төлөгчдийн мөнгөөр залилангийн асуудлыг шийдвэрлэх ёсгүй. Тийм учраас иргэд өөрсдөө хянамгай байж, олон жил харь улсад хөдөлмөрлөж, цуглуулсан мөнгөө зүгээр нэг барилгын компани руу урсгаж болохгүй. Орон сууц захиалан бариулахтай холбоотой иргэний маш олон маргаан гарч байна. Барилгаа барьж чадахгүй хугацаа алдаж байгаа компани ч их байна. Үүний хажуугаар иргэдийг хохироож, залилан хийж байгаа нөхдүүд ч олширсон байна. Тухайн үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийж болохгүй шүү гэж хэлээгүй. Барилга барьж буй компани нь сайн чадамжтай, тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлтэй, өмнө нь хэрэгжүүлж байсан төслийг нь, улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөвлөлт гээд бүх зүйлийг нь харж захиалга өгөх хэрэгтэй. "Би ажилтан нь юм" гэсэн хэн нэгэн төлөөлөгчтэй гэрээ байгуулахаас татгалзаарай.
Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ
3,607.57






















































Холбоотой мэдээ