niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 13:35 UTC Эх: https://news.mn/r/2820078/ b3a6b8d3cdb25042… ← niitlelch.mn руу буцах

Төсөв 2026: Тэтгэврийг 6 хувиар нэмэхэд 378 тэрбум төгрөг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2025.09.02-нд нийтлэгдсэн

Төсөв 2026: Тэтгэврийг 6 хувиар нэмэхэд 378 тэрбум төгрөг зарцуулна

Төсөв 2026: Тэтгэврийг 6 хувиар нэмэхэд 378 тэрбум төгрөг зарцуулна

Засгийн газар Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг боловсруулснаа өчигдөр /2025.09.01/ УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Хуульд зааснаар ирэх оны төсвийн хуулийг есдүгээр сарын 1-нд багтаан УИХ-д өргөн мэдүүлэх дэгтэй юм.

Төсөлд Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 32 их наяд 980 тэрбум төгрөг, төсвийн тэнцэл ДНБ-ий 1.3 хувийн алдагдалтай байхаар төлөвлөжээ.

Ирэх онд түүхий эдийн үнийн бууралт хэвээр байх төлөв гарсан тул төсвийн урсгал зардлыг өмнөх оны түвшинд буюу ДНБ-ийн 24 хувьд хязгаарлаж, төрийн байгууллагуудыг хэмнэлтийн горимд ажиллуулахаар төлөвлөсөн байна. Энэ хүрээнд урсгал зардлыг 2025 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлтэй харьцуулахад 641.7 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцжээ. Дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагуудын урсгал зардал, салбаруудад олгодог татаас, урамшуулал, хүүгийн хөнгөлөлт,  төрийн албан хаагчдад олгох тэтгэмжийн төлбөрийг түр хойшлуулах зэрэг арга хэмжээ авах юм байна.

Ирэх онд 7000 орчим төрийн албан хаагч тэтгэвэрт гарахаар тооцсон бөгөөд нэг удаагийн тэтгэмжийн зардалд 326 тэрбум төгрөг шаардана. Энэхүү тэтгэмж 2025 онтой харьцуулахад 111 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Үүнийг төсөвт бүрэн тусгах боломжгүй тул 50 хувь буюу 178.1 тэрбум төгрөгөөр бууруулж, 174.4 тэрбум төгрөгийг 2026 оны төсөвт тусгасан байна.

Тэтгэмжийн үлдэгдэл зардлыг 2027 оны төсвийн жилд шилжүүлж, бүрэн олгохоор тооцжээ.

Засгийн газар ирэх онд ахмад настнуудын тэтгэврийг инфляцитай уялдуулан 6 хувиар нэмэгдүүлэхээр тооцоод байна. Үүнд нийт 378 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар төсөвт суулгажээ.

Нийгмийн халамжийн сангаас 2026 онд олгох хөнгөлөлт, тусламж, үйлчилгээнд 2 их наяд 593 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон. Нийгмийн халамжийн сангаас олгох нийт хөнгөлөлт, тусламж, үйлчилгээний зардлын 60.7 хувийг хүүхдийн мөнгөн тэтгэмжийн зардал эзэлж байна.

Ирэх онд 0-18 хүртэлх насны нийт 1 сая 332.8 мянган хүүхдэд сар бүрийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж олгоход 1 их наяд 575.4 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар 65 насанд хүрсэн иргэн, 16 насанд хүрсэн одой иргэн, хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэг нийт 63.8 мянган иргэн нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авч байна. Ирэх онд халамжийн тэтгэвэр авагч иргэд, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж авах 16.4 мянган иргэдийн тэтгэврийн хэмжээг 6 хувиар нэмэгдүүлэхээр тусгаж нийт тэтгэврийн зардалд 335.1 тэрбум төгрөг тусгажээ.

Мөн бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авсан болон эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа хүүхдийг асарч байгаа асралт гэр бүл, тэжээн тэтгэх хүүхэдгүй, ганц бие ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа, эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асарч байгаа иргэдэд тус тус асаргааны тэтгэмж олгохоор заасан байдаг. Асаргааны тэтгэмж авдаг нийт 82.8 мянган иргэнд 279.3 тэрбум төгрөг олгохоор тооцож, төсөвт тусгаад байна.

Нийгмийн халамжийн тухай хуулиар байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд, байнгын асаргаа шаардлагатай 16 ба түүнээс дээш насны иргэн нийт 76.4 мянган иргэнд 97.1 тэрбум төгрөг олгохоор тооцжээ.

Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль, мөн жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж, ихэр хүүхдийн тэтгэмж, гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийг 172.1 мянган иргэнд олгохоор тооцож 107 тэрбум төгрөг тусгасан байна.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн 4 дүгээр зүйл, Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.9 дэх хэсэгт заасны дагуу “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон, “Эхийн алдал” хоёрдугаар зэргийн одонтой 274 мянган эхэд 67.6 тэрбум төгрөг олгохоор төсөвт тусгасан аж.

Харин 65 болон түүнээс дээш настай ахмад настанд “насны хишиг” тэтгэмж олгохоор заасны дагуу 210.3 мянган ахмад настанд нийт 33.6 тэрбум төгрөг олгохоор тооцоод байна.

Хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн, гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэн нийт 129 мянган иргэнд 18.8 тэрбум төгрөг олгохоор төсөвт тусгаад байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж