Ардчилсан нам Үндэсний бодлогын хороо/ҮБХ/-гоо өчигдөр /2025.08.31/ үргэлжлүүлэн хуралдуулж, удирдлагаараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг сонголоо.
Дээрх хуралд ҮБХ-ны 360 гаруй гишүүн оролцсоноос УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл 196, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж 82, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа 33, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Отгонболд гурван саналыг тус бүр авсан юм.
Дотоод сонгуулийн хорооноос санал хураалтын талаар мэдээлэл өгөх үеэрээ хоёр ч шатны санал хураалт болж мэдэшгүй, 10 хувийн санал авч чадаагүй нэр дэвшигчийг хоёр дахь шатны санал хураалтад оруулахгүй шууд хасна гэж мэдэгдсэн. Гэхдээ эхний санал хураалтаар дөрвөн нэр дэвшигчээс О.Цогтгэрэл ҮБХ-ны гишүүдийн 60 гаруй хувийн санал авч тасарснаар бусад нэр дэвшигчид нь дахин санал хураах шаардлагагүй гэж үзэн нэрээ татсан юм. Энэ талаар намын даргад өрсөлдсөн УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Нийт 312 гишүүн санал хураалтад оролцсоноос О.Цогтгэрэлд-196/62.2 хувь/, Б.Пүрэвдоржид-82/26.4 хувь/, Ж.Баярмаад-33/0.7 хувь/ Б.Отгонбат-3/0.7 хувь/ гишүүн санал өгсөн. Би дараах шатанд өрсөлдөөд нөгөө хоёр нэр дэвшигчдийнхээ саналыг нэмээд 62.2 хувийг давахгүй нь харагдаж байгаа. Тиймээс бид бүгд нэрээ татсан" гэж тодотгосон.
Мөн энэ сонгуульд өрсөлдсөн УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж "О.Цогтгэрэл маань үнэмлэхүй олонхийн буюу 60 гаруй хувийн санал авлаа. ҮБХ-ны нийт гишүүдийн олонхи маань О.Цогтгэрэлд итгэл үзүүллээ. Намынхаа даргын үйл ажиллагааг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлье" гэсэн бол Б.Отгонболд "Энэ сонгуульд би гурван хүний санал авсан ч 311 санал авахын талаа ажиллах ёстой юм байна гэж өөртөө дүгнэлт хийлээ. Манай нам сонгуулиа шударга, нийгэмд жишиг тогтоосон байдлаар зохион байгууллаа. Ардчилсан нам сэргэж байна" гэж сонгуулийн үр дүнд гомдолгүй гэдгээ илэрхийлсэн юм.
ҮБХ-ны хурал эхэлсэн өдөр Ардчилсан намын экс дарга Л.Гантөмөр “Хэн ч намын дарга болсон дотооддоо эв нэгдлийг хангаж, хоёр нүүр гаргахгүй ажиллах ёстой” гэх захиасыг дайсан. Харин ахмад гишүүдийнх нь зүгээс даргаа өөрчлүүт эрх баригчдын өвөрт гүйж оролгүй, хүчтэй сөрөг хүчний үүргээ гүйцэтгэхийг хүсэж буй. Тухайлбал, Э.Бат-Үүл “Манай намын дарга хэн ч боллоо, ахин МАНАН байгуулж огт болохгүй. Ард түмэн Ардын намаас залхчихаад байна. Судалгаа нь гарсан байна лээ!. Ийм үед МАН-ын ганц чаддаг арга нь манай намыг хөнжилдөө оруулж, ард түмнийг сонголтгүй болгодог. Энэ захиалгыг нь хийх хүн ҮБХ-нд зөндөө бий!” гэж сануулга өгсөн.
УИХ-ын 2024 оны сонгуульд Ардчилсан нам 42 суудал авсны дараа МАН-ын дарга, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Засгийн газарт хамтрах урилга өгсөн. Сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэхийн тулд Ардчилсан нам энэхүү урилгыг ҮБХ-гоороо хэлэлцүүлж, хамтрах шийдвэр гаргасан. Гэвч урилга илгээсэн нам найман сарын дараа буюу өнгөрсөн тавдугаар сард зорилгоосоо ухарч, хамтарсан Засгийн газраас Ардчилсан намыг гаргах шийдвэр гаргасан. Удалгүй Засгийн газар ч огцорсон. Шинэ Засгийн газар байгуулагдаад удаагүй гурван сар болж буй. Удирдлагаа сольсон Ардчилсан намд Ерөнхий сайд Г.Занданшатар хамтран ажиллах урилга өгвөл хүлээж авах уу” гэдэг асуулт зөвхөн сөрөг хүчний гишүүдээр хязгаарлахгүй олон нийтийн ч сонирхож буй асуулт болж хувирч байна.
Ардчилсан намын шинэ дарга О.Цогтгэрэлийн хувийн байр суурь бол сөрөг хүчний статустайгаар бүрэн эрхээ дуусгах сонирхол бий ч хэрэв Ерөнхий сайд урилга илгээж, Засгийн газарт хамтрахыг хүсвэл намын гишүүдийн шийдвэрээ дагана гэх хариулт олон, олон асуултыг араасаа дагуулж эхэллээ.
Хэдийгээр МАН Бага хурлаа зарлаагүй, Засгийн газарт сэлгээ хийх эсэх нь тодорхойгүй ч албан тушаалаар Ардчилсан намыг “өвөр”-төө оруулах вий гэх болгоомжлол бий болсон нь хардалт уу, аль эсвэл хэзээний зурагдсан сценараар сонгууль зохион байгуулагдав уу гээд тунгаах, цаг хугацаа шаардсан олон асуултыг үлдээгээд байна.
Намын даргын төлөөх зодоонд тамираа барагдтал тэмцэлдсэнээс тавхан хувийн рейтингтэй болж доош унасан байсан Ардчилсан нам өнөөдөр улс төрийн намуудаас хамгийн өндөр рейтингтэй болж ард түмний итгэлийг хүлээсэн нь яах аргагүй хуучин дарга Л.Гантөмөрийнх нь гавьяа. Харин энэ хэмжээнд хүртэл өөд нь татаж чадсан улс төрийн хүчнийг ирэх жилүүдэд хэрхэн удирдаж, амжилтыг нь ахиулж чадах вэ гэдэг нь шинэ даргын менежментээс хамаарна.
Цаг хугацаа бүх зүйлийн шалгуур тул шинэ удирдлагатай болсон Ардчилсан нам Засгийн газарт хамтрах уу гэдгээс эхлээд таван шатны сонгуульд ялалт байгуулж чадах эсэхийг харах л үлдлээ.
Г.ХОРОЛ
3,607.57






















































Холбоотой мэдээ