niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 14:02 UTC Эх: https://news.mn/r/2819748/ 34044fedbd38c7e4… ← niitlelch.mn руу буцах

Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэлийг сонголоо

Хуучирсан мэдээ: 2025.08.31-нд нийтлэгдсэн

LiveАрдчилсан намын даргаар О.Цогтгэрэлийг сонголоо

Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
16 : 20
2025-8-31

О.Цогтгэрэл: АН-ын ялалтын төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг хийнэ

Ардчилсан намын даргаар сонгогдоод байгаа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.


-Та ялалт байгуулж, Ардчилсан намын дарга боллоо. Ямар бодлого зорилт дэвшүүлж байна вэ?

-Үндэсний бодлогын хорооны гишүүдийн 63 хувийн санал авснаар Ардчилсан намын даргаар  сонгодлоо. Өндөр дээд итгэл хүлээлгэсэн Ардчилсан намынхандаа,  төлөөллийн төв байгууллагын гишүүддээ талхархал илэрхийлье. Ардчилсан намын үндсэн дүрмийн дагуу Ардчилсан намын даргыг их хурлаар ёсчлон батламжлах ёстой.

Ардчилсан нам УИХ-ын 2028, 2032 оны сонгуульд дараалж давхар ялах улс төрийн амбиц, зорилго хамтаараа тавих ёстой.  Дараалж ялна гэдэг нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн сонгуульд ч ялах ёстой гэсэн үг.

Ингэж байж ардчилсан тогтолцоо, хувийн өмчийг дээдэлсэн, хүний эрхийг дээдэлсэн, жижиг төрийг дээдэлсэн тогтолцоо сонгуулиас сонгуулийн хооронд батжих ёстой гэсэн ийм л тодорхой зорилтыг нөхөддөө уриалж байгаа.

-Ерөнхий сайд Г.Занданшатар хамтарсан Засгийн газарт танай намыг уривал та хүлээн авах уу?

-Миний хувийн байр суурь бол Ардчилсан намыг Засгийн газарт хамтрахыг зөв гэж боддоггүй. Гэхдээ нам гэдэг өөрөө дарга биш олон нийтийн байгууллага, институци. Нам шийдвэрээ гаргавал дарга ч байсан хэн ч байсан биелүүлэх үүрэгтэй.

-Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам Монгол Улсын 2026 оны төсвийн хуулийг боловсруулахдаа улсын төсвийг алдагдалтай байхаар төлөвлөсөн. Энэ асуудалд та  ямар байр суурьтай байна вэ?

-Сүүлийн найман жилийн хугацаанд Монгол Улсын татвараар авч байгаа төсөв зургаа дахин нэмэгдсэн. Зургаан их наядаас 30 их наяд болсон. Энэ бүх тоо баримтыг харахад Монгол Улсын хувьд хийх ажил тодорхой байгаа. Төр энэ хэмжээгээр томорсон. Монгол Улс төсөвжсөн, төвлөрсөн,энийг задлах хэрэгтэй.

Төрийн өмчит компанийг задлах хэрэгтэй, уул уурхайн орлогыг эрх баригч нам захиран зарцуулдаг, халамжийн бодлого болгож тараадаг, энүүгээр дамжуулж улс төрийн эрх мэдлийг авдаг схемийг эвдэх хэрэгтэй.

Энэний дараа олон олон зүйл хийгдэх ёстой гэж боддог.

-Та намын дарга болбол намаа таван сонгуульд дараалан ялалт байгуулна гэдэг амлалт өгсөн?

-Мэдээж бид амбицтай том зорилгыг хамт олноороо тавих хэрэгтэй. Гол нь энэ зорилгыг уриалж хашгираад зорилгод хүрэхгүй. Гол нь энэний цаана Ардчилсан намыг институтци, систем болгох талд онцгойлох ажиллах ёстой. Ардчилсан нам асар олон баатруудтай, Ардчилсан намд стратегийн жанжин нар хэрэгтэй байгаа. Энэ бол институцийг хийх эхний ажлууд байх болно.

-Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын удирдлага МАН-аас хараат явж ирсэн. Ардчилсан намыг эрх баригч хүчнээс туурга тусгаар байлгахын тулд юу хийх вэ?  

-Ардчилсан намын удирдлага болж байгаа хүн энэ намыг бусдын хараат бус бие даасан байдлыг нь хангах ёстой. Бие даасан шийдвэрээ гаргах эрх нь ирчихвэл дотоод энерги ихтэй нам л гэж боддог.

-Сонгогчиддоо хандаж юу хэлэх вэ?

-Ардчилал бэхжих ёстой. Ардчилсан намын ялалт гэдэг бол Монголын ардчиллын ялалт байх ёстой. Монголын ардчиллын ялалт бол Монгол Улсын ялалт байх ёстой. Энэ зорилгын төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг хийнэ.

15 : 16
2025-8-31

АН-ын даргаар О.Цогтгэрэлийг сонголоо

Ардчилсан намын даргаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл сонгогдлоо. Тэрбээр эхний санал хураалтаар Үндэсний бодлогын хорооны гишүүдээс 196 санал авсан юм.

Ардчилсан намын даргаар сонгогдсон О.Цогтгэрэл нь УИХ-д хоёр дараалан сонгогдоод байгаа бөгөөд эдийн засагч мэргэжилтэй. 

Тэрбээр Ардчилсан намын даргад өрсөлдөж байхдаа мэтгэлцээний үеэр "Ардчилсан нам манлайллын стратегийг хэрэгжүүлнэ. Миний хувьд систем бүтээж ялалт авч ирэхийн төлөө бодлогоо хэрэгжүүлнэ" гэж бодлогоо тодорхойлсон. Мөн "Ардчилсан нам 35 жилийн хугацаанд олонх болж ялж байсангүй. Харин олуулаа болж байсан. Дийлэнх хугацаанд нэг нам эрх барьсан. Аргентин улсын жишээг харахад зүүний популизмд нэрвэгдсэн улсыг хэрхэн засварлах вэ гэдгийг харуулж чадаж байна.

Иргэн төвтэй, бизнес төвтэй нам байх, улмаар татварыг бууруулж, иргэдэд боломжийг илүү олгож байж л шинэчлэл ирнэ" гэж байр сууриа илэрхийлсэн.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1993 онд Увс аймгийн Тэс сумын 10 жилийн дунд сургууль

1998 онд ТИС-ийн Компьютерын техник менежментийн сургууль, эдийн засагч

2008 онд Удирдлагын академи, магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1998-2011 онд ТЭСО ХХК-ийн захирал

2012-2015 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх

2015-2017 онд Увс аймгийн Ардчилсан Намын дарга

2015-2020 онд ТЭСО корпорацын ерөнхийлөгч

2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2022 оноос Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга

2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.

 

 

15 : 06
2025-8-31

ҮБХ-ны гишүүдээс О.Цогтгэрэл 196 санал авлаа

Ардчилсан намын даргад өрсөлдсөн дөрвөн нэр дэвшигчээс УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл 196, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж 82, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа 33, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Отгонболд гурван саналыг  тус бүр Үндэсний бодлогын хорооны гишүүдээс авсан байна, энэ бол хүчинтэй саналын тоо. 

Ардчилсан намын даргад өрсөлдсөн Б.Отгонболд Үндэсний бодлогын хорооны гишүүдээс 10 хувийн санал авч чадаагүй тул шууд өрсөлдөөнөөс хасагдана. Удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно. 

 

14 : 54
2025-8-31

ҮБХ-ны гишүүдээс 10 хувийн санал авч чадаагүй нэр дэвшигчийг АН-ын даргад өрсөлдөх санал хураалтаас хасна

Ардчилсан намын даргыг сонгох сонгуулийн санал хураалт ямар шатанд яваа талаар Дотоод сонгуулийн хорооноос мэдээлэл өглөө.

Энэ талаар Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооны гишүүн О.Баасанхүү “Санал хураалт хоёр, гурван шаттай болж мэдэхээр байна.  Санал хураалтад оролцсон ҮБХ-ны гишүүдийн ирц 86.3 хувьтай, санал тоологдоод явж байна. Саналын хуудаснаас хүчинтэй нь хэд юм, хүчингүй нь хэд юм. Нэр дэвшигчдээс хэн нь хэдэн хувийн санал авсныг удахгүй мэдээлнэ.

Ардчилсан намын даргад дөрвөн хүн нэр дэвшсэнээс 10 хувийн санал авч чадаагүйг хасна. Тооллого явж байна, удахгүй хариу гарна. Нэгдүгээр үеийн санал хураалт явж байна” гэлээ.  

 

14 : 11
2025-8-31

Ардчилсан намын даргыг сонгох санал хураалт болж байна

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүд намын даргад нэр дэвшигч нараас хэнд нь итгэл үзүүлэх талаар санал өгч байна. Ардчилсан намын даргад УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Отгонболд нар өрсөлдөж буй. Тэднээс хамгийн олон санал авсан нь Ардчилсан намын дарга болно. 

Үндэсний бодлогын хороо нь 380 гаруй гишүүнтэй бөгөөд ирц 80 хувьтай байгаа гэж тус намаас мэдэгдсэн. 

14 : 05
2025-8-31

Н.Алтанхуяг: Ардчилсан үнэт зүйл дээрээ зогсож чаддаг хүн АН-ын дарга болоосой

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан Төрийн ордонд энэ цаг мөчид хуралдаж байна. Бид энэ удаад Ардчилсан намыг удирдаж явсан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас байр суурийг нь сонирхлоо. 

Тэрбээр "Улс оронд шударга ёс тогтох тал руугаа явах юм болов уу гэж бодож уржигдар хуралд ирсэн. Мартагдсан байсан мэтгэлцээн, боллоо.  Намын даргаар хэнийг нь сонгох нь зөв бэ гэж та бүхэн асуугаад байна.  Ганц Н.Алтанхуягийн хүслээр болдоггүй. Намын дарга болох хүсэлтэй хүн олон байж болно, тэр хүмүүс мэтгэлцээнд орох ёстой. Нэг удаагийн мэтгэлцээнээр шийдэгдэхгүй ч хана гарна. Манай намынхан мартагдсан зүйлийг гаргаж ирлээ, би маш их баяртай байна.

Ерөнхийлөгчийн сонгууль 1993 онд болоход П.Очирбат, Л.Түдэв гуай хоёр өрсөлдөхөд монголчууд анх удаа мэтгэлцээн гэдэг юмыг харж байсан. Манай намынхан мартагдсан мэтгэлцээнийг сэргээж чадсанаар Ардчилсан намын даргад нэр дэвшигчид юу хийх бодолтой байгаа юм, хэн нь  ямар хүн бэ гэдгийг богино хугацаанд монголчууд маань таньсан болов уу.

Намын дарга нь надад таалагдах албагүй. Ард түмний төлөө юм хийж чаддаг, ардчилсан үнэт зүйл дээрээ зогсож чаддаг, шударга байж чаддаг хүн гараад ирвэл зохицуулаад явчихна" гэв. 

 

 

13 : 37
2025-8-31

О.Баасанхүү: Санал хураахын өмнө ирцийг дахин тоолно

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурлын үйл явцын талаар Дотоод сонгуулийн хорооны ажлын хэсгийн гишүүн О.Баасанхүү дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Удахгүй Ардчилсан намын даргад нэр дэвшигч нараар санал хураана. Санал хураалтын материалыг хэвлүүлээд ажиглагч нарын хяналт дор сонгуулийн санал авах комисст хүлээлгэж өгсөн. Хамгийн багадаа нэг удаагийн санал хураалт явна гэж тооцож байна. Нэр дэвшигч дотроос гурван хүн 10 хувийн санал аваагүй, нэг хүн үлдлээ гэхэд тэр хүн дарга болно. Хоёрт нь, дөрвөн хүн 10 хувийн санал авбал хоёр дахь санал хураалт явуулна. Хамгийн бага санал авсан нэг хүнийг хасах байдлаар санал хураалтыг явуулна.

ҮБХ-ны хуралдаанд оролцож байгаа гишүүдийн ирц өндөр 80 хувьтай байна. Санал хураалт авахын өмнө гишүүдийн ирцийг дахин тоолж, гурваар нь нэр дуудаад санал өгсөн хүний тоогоор ирцийн мэдээ гаргана.

Ардчилсан намын даргад нэр дэвшигч нарын гаргасан сонгуулийн зардалтай холбоотой маш тодорхой  тайлбар өгч байгаа. Төрийн сонгууль хийхэд нэр дэвшигч нар зардлаа өөрсдөөсөө гаргадаг.  Яг тэрэн шиг намыг сонгуульд нэр дэвшигчд зардлаа өөрөө даагаад явъя гэдэг асуудал тавьсан. Энэ удаагийн сонгуулийн зардал 408 сая төгрөг болсон. Нэр дэвшигч нар бүгд хүлээн зөвшөөрсөн учраас хуваагаад тус бүр 102 сая төгрөгийн зардлыг төлсөн.  Энэ мөнгө сонгуулийн арга хэмжээнд зарцуулагдаж байгаа. Хэвлэл мэдээлэл, орон нутгаас ирж байгаа гишүүдийн зардал зэрэгт зарцуулж байна" гэлээ.

 

12 : 53
2025-8-31

АН-ын даргад нэр дэвшигчид асуултад хариулж байна

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны ээлжит бус хуралдаан Төрийн ордонд энэ цаг мөчид үргэлжилж байна. Ардчилсан намын даргад нэрээ дэвшүүлсэн дөрвөн нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө ҮБХ-ны гишүүдэд танилцуулж дууссан бөгөөд одоо гишүүдийнхээ асуултад хариулт өгч байгаа юм. 

Ардчилсан намын даргад УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар өрсөлдөж буй. 

ҮБХ нь 380 гаруй гишүүнтэй бөгөөд 360 гаруй нь тус хуралдаанд оролцож байна. 

12 : 25
2025-8-31

Ч.Лодойсамбуу: Албан тушаалаар амаа хамхиулж болохгүй

Ардчилсан намын даргад нэр бүхий дөрвөн гишүүн өрсөлдөж байна. Нэр дэвшигч нараас та юу хүсэж байгаа вэ гэсэн асуултад УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу дараах байр суурь илэрхийллээ.

Тэрбээр “Ардчилсан намын дарга маань нэр дэвшигч нарыг хоёр нүүртэй битгий байгаарай гэж захисан. Үүнийг хүсэж байна.

Мөн нэр дэвшигч нар маань монголчуудынхаа нүдэн дээр юу бодож, юу зорьж байгаа вэ гэпдгээ маш тодорхой ярилаа. Би өөрөө мэтгэлцээнд их дуртай, энэ соёл тогтох ёстой. Ардын нам ч Ардчилсан намаас суралцаад намын дарга нараа сонгохдоо иймэрхүү байдлаар олон нийтдээ нээлттэй байх нь зөв юм.

Манай намын Үндэсний бодлогын хорооны хурал хэрүүл маргаангүй үргэлжилж байгаа нь намын удирдлага эрх барих байгууллагатайгаа яаж ажилласан бэ гэдэг нь харагдаж байна. Ойлголцож,  ажил хийлгэж чадаж байсан байна.

Дөрвөн нэр дэвшигчид би тодорхой зүйл хэлж байгаа. Ардчилсан нам өөрөө 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөө мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн төлөө улс төрийн нам явдаг. Хэрвээ МАН дангаараа Засаг барьж чадахгүй байгаа тохиолдолд бид нар нэг л шаардлага тавьж байгаа. Хэн чинь ч дарга болсон шууд хэл.  Өнөөдрийн 16 яам, 23 сайдтай байгаа энэ данхгар бүтцийг боль. Сайд нарын тоо, яамдынхаа тоог 10 дотор барь. Төрийн данхгар бүтцийг бууруулах замаар татварыг бодитой бууруулах боломж бүрдүүлнэ. Нийгмийн даатгалын репормыг хувийн хэвшилтэйгээ хамтраад олон тулгуурт бодлого руу оруулна.Өөрийн намын мөрийн хөтөлбөр дээр байгаа ажлыг хийе гэж хэлсний дараа Ардчилсан нам засагт хамтрах асуудлыг ярьж болно. Тэрнээс наана албан тушаалаар амыг нь хамхидаг юм шиг, одоо жишээлбэл яамгүй гурван сайд байгаа. 16 яамтай хэрнээ 23 сайдтай байна. 

Ардчилсан нам институт болоод эв нэгдэлтэйгээр сонгуульд орох юм бол ялна" гэв.

Харин Ардчилсан нам шинэ даргаа сонгосны дараа МАН Засгийн газарт хамтрах хүсэлт тавибал яах вэ. Намын даргад нэр дэвшсэн Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл нар Засгийн газарт хамтрах санал ирвэл хүлээж авна гэдэг зүйлийг өчигдөр мэтгэлцээний үеэр хэлсэн гэж сэтгүүлч тодруулахад тэрбээр "Нэгдүгээрт, МАН Ардчилсан намаас уучлалт гуй. Хоёрт, ардчилсан хотоос Х.Нямбаатарыг канондсон хувилбаруудынх нь хамт авч хая, гуравт, Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүл гэсэн гурван шаардлага тавих ёстой гэлээ. 

11 : 08
2025-8-31

АН-ын ҮБХ-ны хурал Төрийн ордонд болж байна

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо/ҮБХ/-ны хурал Төрийн ордонд үргэлжилж байна. Энэ удаагийн ҮБХ-ны хуралд 360 орчим гишүүн оролцож байгаа юм. 

Ардчилсан намын даргад дөрвөн гишүүн нэрээ дэвшүүлсэн. Тодруулбал, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар нэрээ дэвшүүлсэн. Нэр дэвшигч бүр 20 минутад багтаан мөрийн хөтөлбөрөө танилцуулна. Түүний дараа нэр дэвшигч нар ҮБХ-ны гишүүдийн асуултад хариулна. Улмаар санал хураах юм. Ингэхдээ нэр дэвшигч нараас хэн нь  50+1 саналыг ҮБХ-ны гишүүдээс авч чадсан нь Ардчилсан намын даргаар сонгогдоно. Хэрвээ хэн нь ч 50+1 саналыг авч чадахгүй бол хамгийн бага санал авсан нь хасагдах журмаар саналыг дахин авч, Ардчилсан намын даргыг сонгох дүрэм үйлчилнэ. 

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж