niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 14:03 UTC Эх: https://news.mn/r/2819574/ 3269accc8253636b… ← niitlelch.mn руу буцах

Онцлох сурвалжлага: Иргэд газраа үнэлүүлж, байрны төлбөрт дүйцүүлэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2025.08.30-нд нийтлэгдсэн

Онцлох сурвалжлага: Иргэд газраа үнэлүүлж, байрны төлбөрт дүйцүүлэх боломжтой

Онцлох сурвалжлага: Иргэд газраа үнэлүүлж, байрны төлбөрт дүйцүүлэх боломжтой

Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох сурвалжлагуудаа тоймлон хүргэж байна. 


АВТО ЗОГСООЛ БАРИХЫН ТУЛД НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ БУЛГА ТАТАЖ ЭХЛЭВ

Иргэдийн сайн мэдэхээр "Барс" захын хойно, вокзал орчимд байрлах хэсэгхэн ногоон байгууламжийг сүйтгэж, барилга барихаар хашаалж эхэлсэн талаарх мэдээлэл иргэдийг бухимдуулаад байгаа юм.  Манай сурвалжлах багийг өнгөрөгч Баасан гаригт /2025.08.22/ тус цэцэрлэгт хүрээлэнд 17 цагийн орчимд очиход цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэг газрыг төмөр хашаагаар хашаалж буй хэсэг залуус газар ухах, хашаагаа босгох ажил өрнүүлж байлаа. Тус газрыг хашаалснаар дээр нь ямар бүтээн байгуулалт хийх талаар тодруулахад "Бидэнд энэ талаар нарийн мэдээлэл алга. Бид уг газрыг тойруулан төмөр хашаа босгох ажил аваад өдрөөр ажиллаж байгаа хүмүүс. Тийм учраас ярилцлага тодруулга өгөх боломжгүй" гэв.
Хашаалсан хэсгээр дотогш орвол ногоон байгууламж, мод сөөг бутыг хөрснөөс нь сугалж, хөрсийг нь эргүүлж орхижээ.

Саяхан л ойр орчимдоо өнгө нэмж, агаар цэвэршүүлэх үүргээ гүйцэтгэж байсан модод хөрс дэрлэн унажээ.

Эдгээр мод, бут сөөгийг хаа нэг тийш шилжүүлэн суулгах уу, эсвэл хогийн цэг рүү аваачиж хаях юм болов уу гэсэн эргэлзээ гуниг тээсээр цааш алхав. Хашаалсан хэсгийн цаад буланд хоёр хүн тонголзож, ямар нэгэн зүйл хийж харагдана. Дөхөөд очиход 50 орчим насны хоёр эрэгтэй сугалж орхисон бут сөөгнөөс хэд хэдийг авч цоохор уутанд боож харагдана. Тэдний хувьд ухаж гаргасан мод, бут, сөөгнөөс цаашид ургах боломжтой хэсгийг нь ялгаж, өөр газарт шилжүүлэн суулгахад нь бэлтгэж, баглаж боож байгаа нь энэ аж. "Ямар ч байсан газар доогуур граш бариад дээр нь ногоон байгууламж барих юм гэсэн. Хаанаас ямар газраас бариулж байгааг нь мэдээгүй. Хүүхдүүдийн хичээл сургууль орох дөхөж байгаа учраас "халтуур"-ны ажил хийж байна. Мэддэг хүмүүс нь цаагуур чинь л байгаа байх гэж цааргалав.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


ЗУНЖИН АЖИЛЛАЖ ОЛСОН МӨНГӨӨ СУРГАЛТЫН ТӨЛБӨРТӨӨ ЗАРЦУУЛЖ БАЙНА

МУИС, 2025.08.25, 15:30 цагт

Саяхан л нам гүмхэн байсан их сургуулийн гудамж зөрөх зайгүй болтлоо олны хөлд дарагдаж эхлэв. Ингэж хэлэхийн учир их, дээд сургуульд шинээр элссэн оюутнуудын хичээл нь орсноор хөл хөдөлгөөн ихэссэн нь энэ. Төрийн өмчит ШУТИС -ийн оюутнуудын хичээл есдүгээр сарын 1-нээс өмнө буюу долоо хоногийн өмнө эхэлдэг. МУИС-ийн хичээлийн шинэ жил хараахан эхлээгүй ч эргэн тойрных нь зам ачаалал авч хүмүүс алхахад зөрөх зай хомс болжээ. Бид энэ удаагийн сурвалжлагаа оюутнуудад тулгамдаж байгаа асуудлаар бэлтгэлээ.

МУИС-ийн урд байрлах модон сандал дээр суусан оюутнууд Улаанбаатарт суралцахаар Эрдэнэт хотоос хамтдаа ганзага нийлүүлэн ирсэн найзууд аж. Тэдний нэг нь СУИС, нөгөө найз нь МУИС-д элсчээ. Хамтдаа тэд нэг өрөө байрыг сарын 1.5 сая төгрөгөөр түрээсэлж байгаа аж. Сургуулийн дотуур байр хямд боловч хамтдаа байх боломжгүй учраас үнэтэй байрыг зориг гарган сонгосон талаараа У.Хулан яриандаа дурдлаа.

Улаанбаатар хотод суралцахаар ирсэн орон нутгийн оюутнуудын өмнө тулгамддаг хамгийн том асуудал бол байр. Их дээд сургуулийн дотуур байр үнэ хямд ч хүртээмж муу, цөөн тооны оюутан хүлээн авдаг. Тиймээс оюутнууд Улаанбаатар хотод амьдардаг ах эгчийндээ аль эсвэл  төрөл садныдаа толгой хоргоддог гэж хэлж болно. Мөн зарим оюутнууд найз нөхдөөрөө нэг өрөө, хажуу өрөө, нийтийн байр түрээслэх арга хайдаг. Гэвч нийслэлийн зургаан дүүргийн хувьд түрээсийн байр төлбөрийн хувьд ахадсан үнэтэй гэхэд хилсдэхгүй.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


ЛОМБАРДУУД ХУУЛЬД ЗААСНААС ИЛҮҮ ХҮҮ ТООЦОЖ БАЙНА

Цалин, тэтгэвэр буух өдрөө хүлээдэг сардаа ганц орлоготой өрхүүд урсгал зардлаа давахын тулд ломбард, ББСБ-аас хялбар боловч өндөр үнэтэй зээл авдаг. Учир нь банкнаас зээл авна гэдэг хүнд даваа. Иргэд орлогоо нотолж, олон төрлийн шалгуур давж байж зээлтэй золгодог. Тиймээс иргэдийн хувьд санхүүгийн хүндрэлээ шийдэх ганц боломж нь ББСБ, эсвэл ломбард болж хувирсан.

Улаанбаатар хотод байдаг хамгийн олон ломбардтай байршил бол Баянзүрх дүүрэг. Тодруулбал Сансарын туннелийн зүүн жигүүр. Нийслэлд ойролцоогоор 1000 гаруй ломбард ажилладаг гэсэн статистик бий. Үүний тал шахуу хувь нь энд үйл ажиллагаа явуулдаг гэж хэлж болно. Учир нь дээр үеэсээ л тус газар хүний хөл ихтэй, шөнийн цэнгээний газар олонтой гэдгээрээ алдартай. Арга ядсан иргэд ломбардыг зорьдог боловч нөгөө талаар арга нь нарийссан хүмүүс ч үйлчлүүлдэг гэдгийг барьцаалан зээлдүүлэгчид хэлж байна. Оройн цагаар үйлчлүүлдэг иргэдийн хамгийн их барьцаалдаг зүйл нь гар утас аж. Гэвч гар утасны үнэ өдрөөс өдөрт унаж байдаг учраас үнэлгээ нь харьцангуй бага байдаг. Ихэвчлэн i Phone загварын утас болоод хамгийн сүүлийн үеийн гар утаснуудыг барьцаанд авдаг. Түүнчлэн иргэд лизингээр шинэ утас аваад ломбардад тавиад хаядаг жишиг тогтсон гэнэ. Мөн хулгайн эд зүйл барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн толгойны өвчин болсон байна. Хулгайлагдсан эд зүйлсийн 90 орчим хувь нь ломбардаар дамждаг гэдгийг албаныхан хэлдэг.

Журмын дагуу барьцааны зүйл нь гэмт хэрэг, зөрчлийн улмаас алдагдсаныг цагдаагийн байгууллагаас тогтоосон тохиолдолд борлуулахгүй, үрэгдүүлэхгүй байх үүрэгтэй.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


ИРГЭД ГАЗРАА ҮНЭЛҮҮЛЖ, БАЙРНЫ ТӨЛБӨРТ ДҮЙЦҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

Улаанбаатар хотын утааны гол бүс болсон Баянхошуунд дөрвөн давхар, саарал пасадтай орон сууцууд баригдсан нь гэр хороолол дундаас тодоос тод ялгарна. Орон сууц хоорондын зай том цэлгэр төдийгүй дөрвөн давхар тул газар хөдлөлтөд тэсвэрлэх чадвар өндөр.  Сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, дүүргийн эмнэлэг, Төрийн нэг цэгийн үйлчилгээ зэрэг нь ойр байрлах тул хамгийн шуурхай үйлчилгээ авах боломжтойгоороо онцлог харагдав.
Орон сууцны тагтны хэсгийг үүлэн хээгээр чимж, цонхыг нь шар, ногооноор буджээ. Биднийг очиход орон сууцны гадна талбайн тохижилтын ажил ид өрнөж байв. Ажилчид энд тэнд явган хүний зам хийж, техник тоног төхөөрөмжийн дуу тачигнана.

Харин албаныхан "Орон сууцны айлууд нарны зайн хураагуур ашиглан эрчим хүчээ хэмнэж, хүлэмжид хүнсний ногоогоо тарьж, саарал ус ашиглах боломжтой. Нэг давхрын айлуудын хаалга, шат, шүршүүр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гэдгээрээ онцлог. Байгальд ээлтэй модон шал, дулаан алдагдлыг багасгах гурван давхар вакум шилтэй цонх, ус хэмнэдэг цорго гээд олон улсын норм стандартад нийцсэн энэ орон сууц бол Улаанбаатар хотдоо анхдагч болж буй жишиг төсөл" гэдгийг онцоллоо.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж