УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Ардчилсан намын даргад нэр дэвших хүсэлтээ Үндэсний бодлогын хорооны дотоод сонгуулийн хороонд гардуулж, мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.БАЯРМАА:
-Улс төрийн нам яах гэж оршдог вэ гэвэл сонгуульд ялалт байгуулж засаглах. Бид Ардчилсан намын үнэт зүйлд суурилж нэгдсэн. Ардчилсан нам баруун төвийн үзэл баримтлалыг жанжин шугамаа болгож нэгдсэн. Энэ хэрэгжилт маань олон жил тасарлаа. Өрсөлдөгч буюу эрх барьж байгаа нам маань зүүн төвийн нам гэж явдаг. Бид нар энэ онолыг зохиогоогүй. Дэлхий нийтэд тогтсон онол. Зүүн төвийн нам нь ямар үзэл баримтлалтай, бодлогын ямар шийдэл гаргадаг нь тодорхой. Мөн баруун төвийн нам нь ямар бодлогын шийдэл гаргаж, тухайн улсыг удирдах гэж байгаа юм бэ гэдгийг заагаад өгсөн байдаг. Жирийн иргэд хүртэл мэдэж байгаа.
Ардчилсан нам гэхээр ардчилал харагдаж байгаа, ардчилал үнэртэж байгаа, Ардчилсан намын ард эрх чөлөө үнэртэж байгаа.
Хүнд эрх чөлөөг нь олго, тэр хүн өөрөө асар их зүйлийг хийгээд эрх чөлөөнийхөө хүрээнд бүх амжилтыг гаргах боломж олго гэж үздэг байгаа. Энэ бүх үзэл баримтлалд тулгуурласан бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Ардчилсан нам оршиж байгаа. Энэ их үйл хэргийг манлайлж оролцъё гэж шийдсэн.
Хэрвээ би Ардчилсан намын даргаар сонгогдох юм бол даргалах гэж дарга болохгүй, ухрахгүйгээр тэмцдэг дарга байна, ямагт урагшилдаг, манлайлдаг дарга байна. Гэхдээ ганц даргаас хамаарахгүй, Ардчилсан нам өөрөө сайн байж, Ардчилсан нам өөрөө нам шиг нам байж бид нар маш зөв зохистойгоор амжилттайгаар засаглаж чадна. Ардчилсан намыг сайн болгохын төлөө улам их ардчилалтай, бодлого шийдлээ олон нийтэд ойлгуулсан, тэрнийхээ хэрэгжилтийн төлөө явдаг нам байж засаглах боломж маань хэрэгжинэ. Энэнийн төлөө миний бие явж байна.
Яг одоогийн тохиолдолд бид нар харамсалтай нь сөрөг хүчний ажил хийж байна. Сөрөг хүчинд цаанаас нь заагаад өгсөн үүрэг бий.
Одоо эрх барьж байгаа намыг Монгол Улсын хөгжлийн төлөө юу зөв бэ гэдэг дээр шахаж шаардаж ажиллуулах ёстой.
Түүнээс биш бид нарын цаг ирэхээр хийнэ, ялж байгаад хийж хэрэгжүүлнэ гэж суухгүй. Гэхдээ ямар ч байсан реформын шинжтэй ажлуудыг Ардын намыг шахаж шаардаж байгаад хийлгэнэ гэж бодож байна. Зөвийг нь дэмжээд явна, буруу зүйлийг нь асар хүчтэй шүүмжилнэ, бурууг таслан зогсоохын төлөө Ардчилсан нам ирэх гурван жил ажиллах ёстой.
Ялдаг намын төлөө ялалтын стратегийг хамтдаа боловсруулна. Даргаас хамаарахгүй бүх гишүүд маань удирдах төвшинд хамтарч ажиллаж байж намаа илүү сайн болгохын төлөө ажиллана. Тэрний үндсэн дээр миний зорилго биелж 2028 онд ялалт байгуулна гэдэгт би итгэлтэй байгаа.
Г.ХОРОЛ
3,607.57















































