УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж өнөөдөр /2025.08.29/ Ардчилсан намын даргад нэр дэвших хүсэлтээ Үндэсний бодлогын хорооны дотоод сонгуулийн хороонд гардуулж, мэдээлэл хийлээ.
УИХ-ын дэд дарга Б.ПҮРЭВДОРЖ:
-Ардчилсан намд 1992 онд элсэж батлахаа авч сумандаа ухуулагч хийж эхэлснээс хойш намынхаа төлөө зүтгэх сайхан боломж ирсэн. Улс төрд идэвхтэй оролцох үе 2009-2010 он буюу Ховд аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж, анх аймагтаа Ардчилсан нам ялалт байгуулах үүдийг нээсэн. 2012-2015 онд Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар, Иргэний харьяа шилжилт хөдөлгөөний газрын даргаар ажиллаж, монголчууд сайхан амьдрах боломжийн төлөө ажиллаж байлаа. 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш гурван сонгуульд дараалан ялж ард түмнийхээ хэлж дамжуулсан захиасыг Монгол төрийн бодлого болгохоор ажиллаж ирлээ.
Эрх баригчдын аливаа нэгэн буруу шийдвэртэй байнга тэмцэж ирсэн. Би Ардчилсан намын дарга болбол гурван зүйлд анхаарч ажиллана.
Нэгдүгээрт, чөлөөт зах зээлийг шинэ шатанд гаргаж, аж ахуй нэгжүүд баруун төвийн үзэл баримтлалаар ажиллах тэр боломжийг бий болгоно. Монгол Улсын эдийн засагт төрийн оролцоо хэтэрхий их болсон.
Эдийн засгийн 40 хувь төсвөөр дамжиж, 30 хувь төрийн өмчит компаниар, 10 хувь дарга нарын голцуу төсвийн хөрөнгө оруулалтаар ажил хийдэг 5000 компанийн эдийн засаг буюу Монголын нийт эдийн засгийн 75 хувь төсөв, төрийн өмчит компани, дарга нарын компанитай холбоотой байна.
Ердөө 25 хан хувь дээр Монгол Улсын эдийн засаг явж байна. Өөрөөр хэлбэл, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг руу шилжсэн орон болсон. Дэлхийн дээр өнөөдөр төсвийн хөрөнгөөр дамжуулж, хувийн хэвшил рүүгээ, чөлөөт зах зээл рүүгээ дэмжсэн бодолого хэрэгжүүлсэн улс орнууд хөгжиж байгаа. Гэтэл манайд татвар төлөгчдөөс авч төсвөөр дамжуулж хэрэгжиж байгаа тэр бүх ажлууд дарга нарын халаас руу орж нэг хэсэг нь алга болж байгаа. Тийм учраас данхгар төрийг байхгүй болгох, цомхон болгох, төр өнгө ороод гялзалзаад байх тусам ард иргэдийн амьдрал муудаж,аж ахуй нэгжийн орлого багасдаг буруу тогтолцоог өөрчлөхийн төлөө ажиллана. Тийм учраас төрийн оролцоог бага байлгах тал дээр илүү сайн ажиллах болно.
Хоёрдугаарт, хариуцлагын асуудал. МАН есөн жилийн турш үнэмлэхүй олонхиор засаглахдаа ард иргэдэд ирэх байсан боломжийг бүгдийг хулгайлсан он жилүүд боллоо.
Төсвийн хулгай, ЖДҮХС-ийн хулгай, нүүрсний хулгай, кодидын хулгай гээд маш олон хулгай хийсэн. Энэ бүхэн дээр хариуцлага тооцож байгаа зүйл алга.
Нүүрсний үнэ нэг тонн нь 400 ам.долларт хүрсэн гахйалтай үед эдийн засагт асар их орлого орж ирэх боломжийг яаж хулгайлж алга болгосныг та бүхэн мэдэж байгаа. Гэвч өнөөдөр хэнд ч хариуцлага тооцож чадаагүй МАН-ынхан. Ардчилсан нам 2028 онд ялалт байгуулснаар төрийн нэрээр хулгай хийсэн хулгайч нарт хатуу хариуцлага тооцох болно. Хулгайлсан мөнгө мөртэй, тийм учраас хариуцлага тооцож ажиллана.
Гуравт, цаашдаа бидний хийх ёстой зүйл бол баруун төвийн үзэл буюу чөлөөт зах зээл, чөлөөт ардчилал, үг хэлэх эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөг авч ирэхийн төлөө Ардчилсан намыг ялуулахын төлөө, ард иргэдийн амьдрал, аж ахуй нэгжийн эдийн засгийн чадавхийг илүү өндөр төвшинд хүргэхийн төлөө намынхаа гишүүд болоод ард түмэнтэйгээ хамтарч ажиллах болно.
Г.ХОРОЛ
3,607.57

















































Холбоотой мэдээ