niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 14:30 UTC Эх: https://news.mn/r/2819433/ 0a3a1155d9cbf64e… ← niitlelch.mn руу буцах

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид тодорлоо

Хуучирсан мэдээ: 2025.08.29-нд нийтлэгдсэн

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид тодорлоо

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчид тодорлоо

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдөр /2025.08.29/ 18.00 цагт дууслаа. Өчигдөр /2025.08.28/ хуралдсан АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлаас сонгогдсон дотоод сонгуулийн хорооны гишүүд 2023 оны нэгдүгээр сарын 13-нд батлагдсан журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Журмын дагуу нэр дэвшигчид бүртгэлээ хийлгэж, батламжид гарын үсэг зурж, хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан өөрийн байр сууриа гишүүд, дэмжигчдэдээ илэрхийллээ. “Эрх чөлөө-Эргэлтийн цаг” уриатай Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид бүртгүүлсэн бөгөөд журмын дагуу шаардлага хангасан нэр дэвшигчдэд үнэмлэх олгоно. Нэр дэвшигчдийг бүртгүүлсэн дарааллаар танилцуулъя.

  • Одонгийн ЦОГТГЭРЭЛ УИХ-ын гишүүн

Мэргэжил: Эдийн засаг

Сонгуульт албан тушаал:

2009 он Ардчилсан намын гишүүн

2013 оноос  АН-ын ҮЗХ, ҮБХ-ын гишүүн

2014-2017 он Увс аймгийн Ардчилсан намын дарга

2017 оноос  АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн

  • Бөхчулууны ПҮРЭВДОРЖ УИХ-ын Дэд дарга

Мэргэжил: Эрх зүйч

Сонгуульт албан тушаал:

2009 он Ардчилсан намын гишүүн

2009-2012 он Ховд аймгийн намын дарга

2019-2020 он Ардчилсан намын дэд дарга

  • Жудагийн БАЯРМАА УИХ-ын гишүүн

Мэргэжил: Олон улсын харилцаа, Эрх зүйч , Англи, орос хэлний багш

Сонгуульт албан тушаал:

2008 он Ардчилсан намын гишүүн

1998-2002 он  МҮАН-ын Шинэ үе Ардчилсан залуучуудын холбоо нарийн бичгийн дарга

2001-2005 он Ардчилсан намын гишүүн

  • Бархүүгийн ОТГОНБАТ Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн

Мэргэжил: Боловсролын ухааны доктор

Сонгуульт албан тушаал:

2007 он Ардчилсан намын гишүүн

2007 оноос АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн

АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч, маргааш буюу наймдугаар сарын 30-нд 20:00 минутад NTV телевизээр мэтгэлцэж, 31-нд Үндэсний бодлогын хорооны гишүүдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулж, гишүүдийн саналаар Ардчилсан намын дарга сонгогдох юм.

"АН-ЫН ДАРГЫГ АЛЬ НЭГ НАМ, МӨНГӨ, УЛС ТӨРИЙН ХҮЧИН ТОМИЛОХГҮЙ"

АН-ын даргын сонгуультай холбоотойгоор УИХ-ын гишүүн, ҮБХ-ны Дотоод сонгуулийн хорооны дарга С.Эрдэнэболд тэргүүтэй гишүүд өнөөдөр/2025.08.28/ мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн, ҮБХ-ны Дотоод сонгуулийн хорооны дарга С.Эрдэнэболд:

-Бид Ардчилсан хувьсгалыг туулаад 35 жил болж байна. Энэ хугацаанд Монгол Улс ардчиллын замналаар эргэлт буцалтгүй явж, өнгөрсөн 35 жилийн ололт болсон олон олон эрх чөлөө хумигдсаар иргэдийн нуруун дээр ачаалал, дарамт болж байна. Энэ цаг хугацаа бол эрх чөлөөний эргэлтийн цэгийг авч ирэх түүхэн цаг хугацаа гэж үзэж байна. АН-ын зүгээс 2025 оны наймдугаар сарын 28-ны өдөр төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хороог хуралдуулж, дараагийн даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн болно. Ингээд 2025 оны наймдугаар сарын 29-н буюу өнөөдөр 11.40 минутаас оройн 18.00 цаг хүртэлх хугацаанд АН-ын даргын сонгууль нэрээ дэвшүүлэх нэр дэвшигчдийг бүртгэхэд бэлэн болсон байна.

Улс төрийн намын тухай хууль, АН-ын үндсэн дүрэм, ҮБХ-ны 2023 оны 23/9 тушаалаар баталсан намын даргыг сонгох журмын дагуу АН-ын даргыг сонгох сонгуулийг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.

Намын үндсэн дүрэм болон намын даргыг сонгох журамд заасны дагуу намын төлөөллийн байгууллагад сонгуульт гишүүнээр дөрвөөс доошгүй жил ажилласан, Ардчилсан намын гишүүн намын даргад нэрээ дэвшүүлэх эрхтэй байгаа. Дүрэм болон журамд заасан энэ шаардлагыг хангасан хүн холбогдох материалыг бүрдүүлж, өнөөдрийн 18.00 цагаас өмнө бидэнд өгөх боломжтой. Дотоод сонгуулийн хороо буюу сонгон шалгаруулах хороог 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Эдгээр хүмүүс бол АН-ын ҮБХ-ны гишүүд байгаа юм. Бид намын Дотоод сонгуулийн хороотойгоо хамтран ажиллаж байна. Хамгийн чухал нь АН-ын даргын сонгууль бол түүхэн хариуцлагатай, асар эгзэгтэй цаг үед болж байна. Улс төрийн сонгуульд гурав дараалан олонх болж чадаагүй хүчний хувьд эв нэгдлээс институц гэсэн зарчмаар ажилласан.

Одоо дараа дараагийн улс төрийн сонгуульд иргэд олон нийтийн дэмжлэгийг авч, итгэлийг хүлээн, хүндэрсэн эдийн засагт сэргэлт авч ирэх, эрх чөлөөг буцаан авч ирэх улс төрийн хүчирхэг институц болохын төлөө ажиллана. Энэ манлайллыг түүчээлэн авч явах багийн лидерийг сонгох сонгууль түүхэн хариуцлагатай гэж үзэж байна.

Өмнө намын даргын сонгуулийг өөр өөр дүрмээр зохион байгуулж байсан. Энэ удаа ҮБХ-ноос намын даргаа сонгох сонгууль явагдана. Өнөөдөр 18.00 цагаас өмнө нэр дэвшигчид материалаа өгч, тухайн материалууд нь шаардлага хангасан эсэхийг дүгнэнэ. Ингээд нэр дэвшигчийн мандатыг өгнө. Ингэснээр ҮБХ 2025 оны наймдугаар сарын 31-ний өдөр үргэлжлүүлэн хуралдаж, сонгууль явуулахаар товлосон. ҮБХ-ны өчигдрийн хуралдаанаар 15 нэр бүхий хүмүүсийг 390 хүнээс сонгосон бөгөөд эдгээр хүмүүс хурлаа хийн, нууц санал хураалтаар дарга, нарийн бичгээ сонгосон. Энэ сонгосон бичгээ ҮБХ руу тогтоол болгон илгээсэн. Миний бие С.Эрдэнэболд намын даргыг сонгох бүтцийг ахалж, УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү нарийн бичгийн даргаар сонгогдсон бөгөөд УИХ-ын гишүүн Д.Энхтуяа зэрэг үе үеийн төлөөлөл багтсан.

Улс төрийн намын тухай хууль болон АН-ын дүрэм, намын даргыг сонгох журам гэж бий. Энэ журамд шаардлага хангасан ямар ч нэр дэвшигчдэд мандат олгож, өрсөлдүүлэхээр ҮБХ-нд танилцуулах юм. Манай нам өмнө нь хоёр хуваагдаж байсан учраас бүхий л хурлын шийдвэрээ видео, аудио, цаасан тэмдэглэлээр баталгаажуулж байна. ҮБХ дээр шаардлага хангасан нэр дэвшигчид өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж өрсөлдөнө. Ялалт байгуулсан нэр дэвшигчийг бид намын их хурлаараа батламжлах заалттай байгаа. Олон нэр дэвшигч гарсан тохиолдолд 2, 3 шатны өрсөлдөөн гарч болох зохицуулалт бий.

Ингэхдээ дийлэнх олонхын  санал авч чадаагүй бол 10 хувиас доош санал авсан хүн нь хасагдана. ҮБХ-ноос өнөөдрийн 18.00 цаг хүртэл нэр дэвшигчдийг бүртгэж авч, 19.00 цагт материал нь үнэн зөв эсэх, намын дүрэм, журамд нийцэж байгаа эсэхийг дүгнэж, дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөр намын үзэл баримтлалд нийцэж буй эсэхийг дүгнэлт гаргах юм.

Өнгөрсөн 2019 оны нэгдүгээр сарын 19-нд АН-ын үзэл баримтлал бүртгэгдэж, эдийн засаг, шударга ёс, үндэсний эрх чөлөө зэрэг таван эрх чөлөөтэй мөрийн хөтөлбөр нь нийцэж байгааг дүгнэнэ. Хүний эрх чөлөөний эсрэг үзэл санаа огт байж болохгүй. Чөлөөт нийгмийн үзэл санаа, нээлттэй эдийн засаг, эерэг хандлагыг бий болгох эсэхэд хяналт тавина гэсэн үг.

АН-ын даргыг аль нэг нам, аль нэг мөнгө, улс төрийн хүчин, явцуу ашиг сонирхол томилохгүй. Ардчилсан нам дүрэмтэй, түүхтэй нам. Бидний алдаа оноо бүрэн нээлттэй байж ирсэн. Хуультай улсын түүхтэй нам юм. Саруул ухаант хүмүүсийн сонголтоор АН-ын дараагийн удирдлагыг сонгож чадна гэдэгт итгэл төгс байна. Өнөөдөр АН-ын 200 мянган гишүүд дотроос боловсролтой, үнэт зүйлтэй, ухаалаг, ачаа үүрэх сэтгэлийн хаттай, үзэл санааны манлайллыг авч явах мянга мянган залууст Ардчилсан намын хаалга нээлттэй. Тийм учраас бид 1300 хүний баталсан дүрмээр намын даргын сонгуулийг явуулна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
7
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж