Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо/ҮБХ/-ны ээлжит бус хурал өчигдөр /2025.08.28/ боллоо. Уг хуралдаанаар Ардчилсан намын дүрмийн зарим нэг өөрчлөлтүүдийг хэлэлцэхийн зэрэгцээ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийн өргөдлийг хэлэлцсэн.
МАН-ын Бага хурлаас Ардчилсан намыг хамтарсан Засгийн газраас гаргахаар шийдвэрлэсний дараа тус намын дарга Л.Гантөмөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө гэж мэдэгдсэн. Тэр цагаас хойш дараагийн даргын төлөөх марафон ил, далд өрнөсөн. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн дүрмийн дагуу намын даргыг сонгох юм бол Ардчилсан намын зарим гишүүдэд намын даргын төлөөх марафонд оролцох боломж олдохгүй гэдэг нь эхнээсээ ойлгомжтой байсан. Тиймээс ҮБХ-ны хуралдааны эхэнд тоглоомын дүрмээ тодорхой болгож одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн дүрмийн дагуу намын даргаа сонгох нь зүйтэй гэдэг дээр олонхоороо санал нэгдсэн. Угтаа Ардчилсан намд хоёр даргатай, хоёр тамгатай байсан хуваагдал, хагарлын хар түүх бий. Тиймээс тэр түүхийг дахин давтахгүйн тулд ҮБХ-ны гишүүд эхнээсээ тоглоомын дүрмээ тодорхой болгосон нь энэ.
Ардчилсан намын дүрэмд 5.17.4-т Намын даргад нэр дэвшигч нь ҮД зөрчиж шийтгэл хүлээгээгүй, намд элсээд 10 жил болсон, тухайн үеийн хүчин төгөлдөр ҮБХ-ны нийт гишүүдийн 10 хувийн дэмжлэг авч, гарын үсэг зуруулсан, намын сонгуульт гишүүн (ҮБХ, ҮЗХ)-ээр 4-өөс доошгүй жил ажиллаж байсан гишүүн байна гэж заасан байдаг бөгөөд энэхүү заалтын дагуу даргын сунгаагаа хийх нь зүйтэй гэж үзсэн юм.
Нэгэнт тоглоомын дүрэм тодорхой болсон учраас Ардчилсан намын дараагийн даргад горилохоо мэдэгдээд байсан УИХ-ы гишүүн Ч.Лодойсамбуу, Л.Мөнхбаясгалан, О.Алтангэрэл нарын хүсэл талаар болов.
ҮБХ-ны хуралдаанд оролцохоор ирэхдээ АН-ын дарга Л.Гантөмөр Ардчилсан намын шинэ дарга намынхаа эв нэгдлийг хангаж, үнэнчээр ажиллаж, хоёр нүүргүй байх шаардлагатай. Мөн хүчтэй сөрөг хүчний ажлыг хийх үүрэг даалгавар оногдож байна. Үүнээс гадна шинэ дүрмийн дагуу намын бүх шатны байгууллагуудыг дахин зохион байгуулах гээд нүсэр их ажил өмнө нь байна. Хамгийн гол нь ухаалаг, ард түмнийхээ талд байж чаддаг намын даргыг сонгож чадна гэдэгт итгэж байна.
Би УИХ-ын сонгуулийн өмнө таван хувийн рейтингтэй нам хүлээж авсан. Тухайн үед МАН манай намаас 2-3 дахин өндөр рейтингтэй байсан. Өнөөдөр бид эрх баригчдаасаа өндөр рейтингтэй нам болсон байна.
Би ийм нам хүлээлгэн өгч байна. Ямар ч байсан намаа хувааж, алдаж асгасангүй” гэдэг байр суурь илэрхийлсэн. Чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийн хувьд УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан ялагдал хүлээж, сэхээнд орсон байсан намыг 2024 оны УИХ-ын сонгуульд амжилттай оролцуулж парламентад 42 суудалтай болгож, сонгогчдоос 50 хувийн санал авч чадсан улс төрийн хүчин болгож чадсаны зэрэгцээ ард иргэдийн Ардчилсан намд итгэх итгэлийг дээшлүүлж, рейтингээрээ улс төрийн хүчнүүдээс хамгийн дээгүүрт бичигдэх болсон амжилттайгаар албаа дараагийн хүндээ хүлээлгэн өгөхөд бэлэн байгаагаа албан ёсоор зарлалаа.
Нэгэнт Ардчилсан намын шинэ даргыг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрмээрээ нэр дэвшүүлэн, сонгохоор шийдвэрлэсэн учраас ҮБХ-ны өнөөдрийн хуралдаанаас намын шинэ даргад нэр дэвшигчийг бүртгэх 15 хүний бүрэлдэхүүнтэй сонгон шалгаруулах хороог байгуулж тухайн Ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн асан, хуульч О.Баасанхүү нарыг сонгосон. Уг ажлын хэсэг өнөөдөр /2025.08.29/-ний 18 цаг хүртэл нэр дэвшигчийг бүртгэх юм.
Одоогийн байдлаар Ардчилсан намын дараагийн даргад өрсөлдөнө гэдгээ албан ёсоор зарласан хоёр хүн бий. Нэг нь УИХ-ын гишүүн Ж.Баярмаа. Харин нөгөө нь УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж юм. Харин өнөөдрийг болтол албан ёсоор нэр дэвшихээ албан ёсоор илэрхийлээгүй байгаа ч уг өрсөлдөөнд эртнээс бэлдсэн хүн бол УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл юм. Тиймээс өрсөлдөөн энэ гурвын дунд өрнөх нь тодорхой болж байна.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1989 онд Нийслэлийн 10-н жилийн 23-р тусгай дунд сургууль
- 1990 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 10-н жилийн сургууль
- 1995 онд Гадаад Хэлний Дээд Сургууль, Англи хэлний орчуулагч-багш
- 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Эрх зүйч
- 2024 онд МУИС-ийн Бизнесийн сургууль, Бизнесийн удирдлага
- 2008 онд Япон Улсын Осакагийн Их Сургууль, Нийгмийн ухааны магистр
- 2016 оноос МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, докторант
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1995-1997 онд Хүүхдийн төлөө Үндэсний Төвд гадаад харилцааны хэлтсийн ажилтан
- 1997-1998 онд Азийн хөгжлийн банкны төслийн ажилтан
- 1998-2001 онд JCI Mongolia-д Ерөнхий Нарийн бичгийн дарга
- 2001-2003 онд Канад-Монголын бизнесийн нийгэмлэгт менежер
- 2004-2005 онд БСШУЯ-нд Гадаад харилцааны хэлтсийн дарга
- 2014-2016 онд ГХЯ-ны Гадаад бодлогын нэгдсэн зохицуулалтын судалгааны төвийн Дэд захирал, ТЗУГ, ОТХАГ-т 1-р нарийн бичгийн дарга
- 2016-2019 онд УИХ-ын Тамгын Газарт Гадаад харилцааны хэлтсийн зөвлөх, УИХ-ын гишүүний зөвлөх
- 2022 оноос Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны тэргүүлэгч
- 2023 оноос Ардчилсан намын Дэд дарга
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ГАДААД ХЭЛ
- Англи, Орос, Япон
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1994 онд Монгол улсын их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургууль, англи хэлний багш, орчуулагч
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1995-2009 онд Монгол улсын Гаалийн ерөнхий газрын харьяа Баян-Өлгий, Буянт-Ухаа, Улаанбаатар хот дахь гаалийн газарт байцаагч, албаны дарга
- 2009-2012 онд Ховд аймгийн Ардчилсан намын дарга
- 2012-2014 онд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга
- 2014-2015 онд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын дэд дарга
ГАДААД ХЭЛ
- Англи, Орос
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1993 онд Увс аймгийн Тэс сумын 10 жилийн дунд сургууль
- 1998 онд ТИС-ийн Компьютерын техник менежментийн сургууль, эдийн засагч
- 2008 онд Удирдлагын академи, магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1998-2011 онд ТЭСО ХХК-ийн захирал
- 2012-2015 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
- 2015-2017 онд Увс аймгийн Ардчилсан Намын дарга
- 2015-2020 онд ТЭСО корпорацын ерөнхийлөгч
- 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2022 оноос Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ГАДААД ХЭЛ
- Англи
3,607.57






















































Холбоотой мэдээ