УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас Ардчилсан намын ҮБХ-ны хуралтай холбоотой асуудлаар тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Аль нь хамгийн чухал вэ гэдгээр нь бид асуудлыг харах нь зүйтэй. Улс төрийн намууд дотор асуудал ямар байна вэ гэдгийг мөн маш сайн оношлох хэрэгтэй. Ардчилсан намын тухайд сүүлийн гурван сонгуульд дараалан ялагдал хүлээсэн. Тиймээс ч намын дарга Л.Гантөмөр ажлаа өгөхөө илэрхийлсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл багагүй хугацаа өнгөрсөн. Гэтэл өнөөдөр Ардчилсан нам удирдлагатай байна уу? гэдгийг бид дүгнэх хэрэгтэй.
Өмнөх дарга нь ажлаа өгнө гэдгээ мэдэгдчихсэн байхад бид нэн яаралтай Ардчилсан намын удирдлагыг сонгох ажлыг эхлэх ёстой.
Яагаад гэвэл үүний цаана ард түмний амьдрал, улс орны хөгжил бий. Бид нэгэнт сөрөг хүчин болсон бол сөрөг хүчнийхээ ажлыг жинтэй, чадамжтай хийж байж эрх баригч намын үйл ажиллагааг шүүмжилнэ.
Тиймээс хамгийн түрүүнд тулгамдсан асуудал буюу удирдлагынхаа асуудлыг эхлээд шийдэх ёстой. Ингэхдээ өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа дүрэм, журмаа баримтална. Бид огт дүрэм, журамгүй нам биш шүү дээ.
Монгол Улсад шийдвэрлэх ёстой асуудлууд олон бий. Ард түмний амьдрал сайжрахгүй байна. Түгжрэл, утаа буурахгүй байна. Улстөрчдийн өнөөгийн байдал ямар байна вэ? гээд харахаар өөрсдөө авлигад идэгдчихсэн байна шүү дээ. Энэ улстөрчид нам дотор бойждог. Үүнээс харахад бүх асуудал улс төрийн нам дотор байна. Улс төрийн нам өөрөө нам шиг нам байж чадахгүй байна.
Тэгэхээр дотоод ардчилалтай, шударга, ёс суртахуунтай намын үзэл баримтлалынхаа дагуу ажилладаг, манлайлал үзүүлдэг улстөрчид энэ намыг авч явах ёстой. Миний хувьд эдгээр зарчмуудад нийцэж байгаа учраас намын даргад нэр дэвшсэн.
3,607.57






















































Холбоотой мэдээ