Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо/ҮБХ/-г энэ сарын 28-нд хуралдуулах төв зарласан. Уг товын дагуу өнөөдөр Ардчилсан намын ҮБХ хуралдаж Үндсэн дүрэм болон хөтөлбөр, намын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх юм.
Ардчилсан намын зарим гишүүд өнөөдөр хуралдах Үндэсний бодлогын хорооны хуралдаанаараа намынхаа дүрэм болон хөтөлбөрөө шинэчилж түүнийгээ 21 аймаг, 360 гаруй сумаар тойрч бүх гишүүдээрээ хэлэлцүүлсний дараа даргынхаа асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байгаа бол зарим нь одоо байгаа дүрмийнхээ хүрээнд намын даргаа сонгоод дараа нь намын дүрэм болон хөтөлбөрийн асуудлаа хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Ардчилсан намын ҮБХ-оо 380 гаруй гаруй гишүүнтэй бөгөөд олонхийн саналаар уг асуудал шийдэгдэх юм.
Угтаа хамтарсан Засгийн газраас Ардчилсан намыг гаргах шийдвэрийг МАН-ын VI бага хурлаас гаргасантай холбоотойгоор Ардчилсан намын дарга Л.Гантөмөр даргынхаа үүрэгт ажлаас чөлөөлөгдөнө гэдгээ өнгөрсөн зургадугаар сард мэдэгдсэн. Тэр цагаас хойш дараагийн даргын төлөөх өрсөлдөөн ил, далд өрнөж эхэлсэн. Хэдийгээр албан ёсоор Ардчилсан намын даргын сонгууль зарлагдаагүй боловч өнөөдөр хуралдах ҮБХ-ноос намын даргын сонгуулийг явуулах шийдвэр гаргана. Нэгэнт УТЗ-ийн хурал дээрээ Ардчилсан намын дарга Л.Гантөмөр намын даргын сонгуулийг явуулах хүсэлтээ гаргаад, ҮБХ-ны хурлыг товлосон. Энэ асуудлыг ҮБХ хуралдаж шийдвэрлэхээс өөр аргагүй.
АН-ЫН ДАРААГИЙН ДАРГЫН ТӨЛӨӨ ХЭН ХЭН ӨРСӨЛДӨХ ВЭ?

Тэгвэл Ардчилсан намын дараагийн дарга хэн байх вэ гэдэг нь олны анхаарлын төвд байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ардчилсан намын Үндсэн дүрмийн
5.17.4-т Намын даргад нэр дэвшигч нь ҮД зөрчиж шийтгэл хүлээгээгүй, намд элсээд 10 жил болсон, тухайн үеийн хүчин төгөлдөр ҮБХ-ны нийт гишүүдийн 10 хувийн дэмжлэг авч, гарын үсэг зуруулсан, намын сонгуульт гишүүн (ҮБХ, ҮЗХ)-ээр 4-өөс доошгүй жил ажиллаж байсан гишүүн байна гэж заасан байдаг.
Энэ шаардлагын дагуу намын даргад өрсөлдөхөө мэдэгдээд буй УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу тэргүүтэй залуу гишүүдэд өрсөлдөөнд оролцох боломж олдохгүй. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл болон УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарт боломж бий.
Одоогийн байдлаар Ардчилсан намын даргын өрсөлдөөнд оролцохоо илэрхийлсэн хэд хэдэн гишүүн бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Хууль, шударга ёсыг тууштай дээдэлсэн, баян чинээлэг иргэдтэй, уламжлал шинэчлэлийг хослуулсан, хүчирхэг Монголын төлөө Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр миний бие шийдвэрлэлээ. Эв нэгдэл, үндэсний эрх ашгийг эрхэмлэсэн, үнэт зүйл, үзэл баримтлалын хатуу мөрдлөгтэй, заавал ялдаг стратегитэй намын дарга байх болно. Ардчилсан намд реформ хийх нь нийгмийн реформыг эхлүүлэх захиалга мөн" гэж өөрийн цахим хуудсаараа дамжуулж намын даргад өрсөлдөхөө илэрхийлээд буй.
Харин УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийн хувьд "Тасралтгүй 8 жил намын ДоСХ-ны гишүүн байж сонгуульт ажил хийсэн, энэ үндэслэлээр хоёр ч удаа УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн намайг дүрмийн шаардлага хангахгүй гэж, аймгийн намын хорооны дарга, намын нарийн бичгийн даргын ажил хийж байсан, одоо намын дэд дарга хийж байгааг маань хүртэл үгүйсгэж. Үнэн хэрэгтээ өрсөлдөхдөө тулвал дүрмийн шаардлагыг давуулан хангана л даа. Намын даргад өрсөлдөх эсэх дээр байр сууриа тодорхой илэрхийлсэн. Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг дэмжсэн нэр дэвшигчийг дэмжинэ. Харин уг хуулийн төслийг дэмжих нэр дэвшигч байхгүй бол өөрөө өрсөлдөнө" гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хувьд "Хууль ёсны сонгууль болвол өрсөлдөнө. Үүнд багагүй хугацаанд бэлдсэн" гэсэн байр суурь илэрхийлсэн юм.
АН-ЫН ДАРГА Л.ГАНТӨМӨРИЙГ ШҮҮХ ЯМАР ҮНДЭСЛЭЛЭЭР БҮРТГЭЖ БАЙВ

Ардчилсан намын дарга нарыг албажуулах ажил Улсын дээд шүүх дээр удаа дараа гацдаг асуудал гардаг. Хамгийн гол нь УДШ-д бүртгэлтэй намынхаа үндсэн дүрмийн дагуу даргын сунгаа явсан уу гэдэг дээр л асуудал үүсдэг. Хамгийн сүүлд Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар ямар үндэслэлээр бүртгэж байсан талаарх шүүхийн дэлгэрэнгүйг танилцуулбал:
Ардчилсан намын даргаар Л.Гантөмөрийг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцээд, өргөдлийн дагуу улсын бүртгэлд бүртгэх үндэслэлтэй гэж үзэв. Өргөдөлд хавсарган ирүүлсэн баримтуудаас үзвэл:
- Намын үндсэн дүрмийн 5.13.13.1-д “Намын дарга эсвэл Үндэсний бодлогын хорооны дарга Үндэсний бодлогын хорооны 1/3-ээс доошгүй гишүүдийн шаардлагаар 14 хоногоос хэтрүүлэхгүйгээр зарлан хуралдуулах үүрэгтэй” гэж заасны дагуу Үндэсний бодлогын хорооны 167 гишүүн “ээлжит бус хуралдаан хуралдуулах” шаардлага гаргасан байна. Энэ нь Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 389 гишүүний 167 гишүүн санал гаргасан нь Намын дүрмийн дээрх шаардлагыг хангасан;
- Намын дүрмийн Дөрөвдүгээр бүлэгт “намын шийдвэр гаргах зарчим”-ыг зохицуулахдаа 4.3.5-д “Хурлын ирц дараах байдлаар бүрдэнэ” гээд 4.3.5.1-д “Бүх шатны намын байгууллагын хурлын хувьд Үндсэн дүрэм, бусад журамд өөрөөр заагаагүй бол таслах эрхтэй нийт гишүүдийн ердийн олонх” гэж заасан байна. Иймээс 389 гишүүний ердийн олонх 196 гишүүн байхаас 201 гишүүн 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанд оролцсон нь хурлын ирцийн хувьд дүрэмд заасан шаардлагад нийцсэн;
- Дүрмийн 5.13.1.1-д “Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой асуудлыг намын эрх бүхий байгууллага буюу Үндэсний бодлогын хороо шийдвэрлэнэ” гэж зааснаар намын дотоод асуудлаа шийдэж, намын даргын асуудлыг шийдвэрлэсэн нь дүрмийн хүрээнд байна;
- Дүрмийн 5.12.2-т “… Их хурлын ээлжит, ээлжит бус хуралдааныг Үндэсний бодлогын хорооны нийт гишүүдийн ердийн олонх /50-аас дээш хувийн/-ын саналаар эсхүл Намын дарга зарлан хуралдуулна” гэж заасан, 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Үндэсний бодлогын хорооны хуралдаанд 249 гишүүн ирсэн нь дүрэмд заасан шаардлагыг хангасан. Энэ хуралд намын даргад 3 гишүүн өрсөлдөж, Л.Гантөмөр 51.88 хувийн санал авсан нь зөрчилгүй;
- Дүрмийн 5.12.4-т “Их хурал нь дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд, 5.12.4.8-д “Намын даргыг ёсчлон батламжлах” гэж зааснаар 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Намын их хурал хуралдсан, 1009 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдаж, намын даргаар Л.Гантөмөрийг сонгогдсоныг 100 хувийн саналаар ёсчлон батламжилсан нь дүрмийн дагуу болсон;
- Их хурлын 1009 төлөөлөгчийн 302 нь Үндэсний бодлогын хорооноос, УИХ-ын 9 гишүүн, Дотоод сонгууль, Үндсэн дүрмийн хорооноос 7 хүн, орон нутгаас 502, Улаанбаатар хотоос 189 төлөөлөгч оролцсон нь Дүрмийн 5.12.3-т “Их хурлын төлөөлөгчид нь сонгогдох, томилогдох зарчмаар бүрдэх бөгөөд өөрөөр шийдээгүй бол Нийслэлд дүүргийн хороо тус бүрээс 2, аймагт 10000-аас дээш хүн амтай сумын баг бүрээс 1, бусад сумдаас тус бүр 1 төлөөлөгч сонгох ба Намын дарга, Үндэсний бодлогын хороо, Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны гишүүд, намын дэргэдэх байгууллагын гүйцэтгэх удирдлага томилогдоно” гэж заасанд нийцсэн гэж тус тус дүгнэв.
Иймд намын даргыг сонгох үйл ажиллагаа нь Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу явагдсан байна гэж үзэж, тус намын даргаар Л.Гантөмөрийг улсын бүртгэлд бүртгэж шийдвэрлэв гэжээ.
Эцэст нь өнөөдөр хуралдах ҮБХ-ны хуралдаанаас гарсан шийдвэрийг 31-нд хуралдах Ардчилсан намын их хурлаараа албажуулна. Өнгөц харахад нэг дарга явж, нөгөө дарга ирэх гэж байгаа мэт боловч 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаар хэнээр удирдуулж, ямар тоглоомын дүрмээр оролцох вэ гэдэг чухал асуудал өнөөдөр тодорхой болох юм.
3,607.57






















































Холбоотой мэдээ