niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 15:02 UTC Эх: https://news.mn/r/2818702/ 322c35083af14586… ← niitlelch.mn руу буцах

АН: Барьц илүүтэй нь илүүрхэж барилддаг

Хуучирсан мэдээ: 2025.08.26-нд нийтлэгдсэн

АН: Барьц илүүтэй нь илүүрхэж барилддаг

АН: Барьц илүүтэй нь илүүрхэж барилддаг

АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурал энэ долоо хоногийн Пүрэв гариг /2025.08.28/-т зарлагдаад байгаа бол намын Их хурал нь Ням гаиаг /2025.08.31/-т болох гэж байна. Эдгээр хурлаар АН-ын Үндсэн дүрэм болон хөтөлбөр, намын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэхээр тогтоод байгаа юм.

Угтаа хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргах шийдвэрийг МАН-ын IV бага хурлаас гаргасантай холбоотойгоор Ардчилсан намын дарга Л.Гантөмөр даргынхаа үүрэгт ажлаас чөлөөлөгдөнө гэдгээ өнгөрсөн зургадугаар сард мэдэгдсэн. Тэр цагаас хойш АН-ын дараагийн даргын төлөөх өрсөлдөөн ил, далд өрнөж эхэлсэн гэж хэлж болно. Гагцхүү хэзээ албан ёсоор ҮБХ-г хуралдуулж даргын төлөөх марафон эхлэх вэ гэдэг нь л анхаарал татаж байсан юм.

Болдог юм болдогоороо л болж байна гэдэг шиг АН-ын ҮБХ болон Их хурлыг хуралдуулж дүрэм болон хөтөлбөр, намын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх хурлын товыг ойрын хугацаанд зарлуулан хуралдуулахыг зарим гишүүд шаардаж, шахаж, хэвлэлийн хурал ч хийж амжсан. Зарим хүмүүсийн хувьд хүссэн зүйл нь хүзүүгээр нь татаж байна.

Үндсэндээ, хоёр хоногийн дараа хуралдах ҮБХ-ны хуралдаанаар АН-ын үндсэн дүрмийн асуудлыг хэлэлцүүлж 21 аймаг, 360 гаруй сум буюу анхан шатны байгуулалгынхаа гишүүдийн санаа бодлыг сонсох, дүрмэндээ тэдний санал бодлыг тусгах ёстой. Тухайн дүрмийн өөрчлөлтөө Улсын дээд шүүхэд бүртгүүлсний дараа намынхаа даргыг сонгох ёстой гэж АН-ын зарим гишүүд үзэж байгаагаа илэрхийлээд байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Улс төрийн намын тухай хуульд зааснаар улс төрийн нам дүрмээ шинэчлэн баталж Улсын Дээд шүүхэд хүргүүлэх ёстой бөгөөд шүүх 30 хоногийн дотор бүртгэх журамтай байдаг. Гэвч АН-ын удирдлагууд шинэчилсэн дүрмийн хэлэлцүүлгийг гишүүддээ хүргүүлээгүй, анхан шатны нэгжүүдээрээ хэлэлцүүлж санал аваагүй нь гишүүдийн оролцоог хязгаарлаж байгаа хэрэг юм. 2017 оны сунгаанаас хойш намын удирдлагууд гишүүдтэйгээ огт уулзаагүй, санал бодлыг нь сонсоогүй хэвээр байна.

Өнөөдөр ч мөн хурлыг яаран зарлаж, хэдхэн хүний хүрээнд намын даргыг сонгох тухай ярьж байгаа нь буруу юм. Юуны өмнө намын дүрмээ шинэчлэн баталж, гишүүдээрээ хэлэлцүүлэх ёстой. Дүрмээ баталсны дараа удирдлагын асуудлыг ярих нь зүйтэй. Хурлын өмнөхөн яаран зарладаг энэ үйлдэл нь зөв зүйл биш бөгөөд дүрэм нь хуулиас давж үйлчилж болохгүй.

Нам гишүүдээсээ улам холдож байна. Тиймээс гишүүдтэйгээ ойр ажиллаж, тэдний саналыг сонсох нь чухал юм. Дүрмээ баталсны дараа тэр дүрмийн дагуу өрсөлдөж, хэн нь намыг удирдахаа шийдэх хэрэгтэй. Улс төрийн намын тухай хуулиа хэрэгжүүлж, хамтын удирдлагын зарчмыг баримтлах ёстой. Дараагийн удирдлагыг сонгохдоо гишүүдийн оролцоотой, хуульд нийцсэн дүрмийн дагуу явах нь чухал. Миний хувьд намын дүрэм хамгийн түрүүнд хэлэлцэгдэж батлагдах ёстой гэж үзэж байна" гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Бидний хэдэн залуус улс төрд орж, намд элсэхдээ нэг зарчмыг үргэлж барьж ирсэн. Энэ нь хэдхэн хүний тохиролцоонд, цөөнхийн зурсан зураг дээр тулгуурлан бүх асуудлыг шийддэг хуучин хэв маягийг өөрчлөх ёстой гэсэн байр суурь юм. Өөрөөр хэлбэл, цөөн хүний хаалттай хүрээнд хийгддэг шийдвэрийн эсрэг шинэ үеийнхэн болж улс төрд орсон гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд намын тамга, гэрчилгээ болон Улсын дээд шүүхтэй холбоотой маргаан зэрэг яаран хийсэн бүх үйлдэл дээр гишүүд, ялангуяа залуу үеийнхэн нэг л байр суурьтай байсан.

Тэд ил тод, шударга зарчим баримталж, бүх гишүүдийн оролцоотойгоор асуудлаа шийдэхийг хүсэж ирсэн. Шинэчилсэн Улс төрийн намын тухай хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хуульд намын гишүүдийг ялгаварлан гадуурхахгүй байх, удирдах түвшинд өрсөлдөх боломжийг бүх гишүүдэд тэгш олгох тухай тодорхой заалтууд орсон. Тиймээс хуучин журмаар яаравчлан дарга сонгох нь буруу бөгөөд шинэ хуулийн шаардлагад нийцүүлэн дүрмээ эхлээд шинэчлэх ёстой гэж мэдэгдээд байна.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ардчилсан намын Үндсэн дүрмийн

5.17.4-т Намын даргад нэр дэвшигч нь ҮД зөрчиж шийтгэл хүлээгээгүй, намд элсээд 10 жил болсон, тухайн үеийн хүчин төгөлдөр ҮБХ-ны нийт гишүүдийн 10 хувийн дэмжлэг авч, гарын үсэг зуруулсан, намын сонгуульт гишүүн (ҮБХ, ҮЗХ)-ээр 4-өөс доошгүй жил ажиллаж байсан гишүүн байна гэж заасан байдаг.

Одоогоос хоёр жилийн өмнө болсон АН-ын даргын төлөөх өрсөлдөөнд С.Баярцогт, Л.Гантөмөр нар уг дүрмийн дагуу явагдсан. Түүнээс хойш дүрмийн өөрчлөлт ороогүй учраас уг дүрмийн дагуу АН-ын даргад нэрээ дэвшүүлэх учиртай.

Өөрөөр хэлбэл, АН-ын даргад горилохоо мэдэгдээд байгаа УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу болон Л.Мөнхбаясгалан нар өрсөлдөөнд оролцох боломжгүй болно гэсэн үг. Товчхондоо УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, О.Алтангэрэл нарын хэлж байгаа санаа бол тоглоомынхоо дүрмийг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн шинэчлэн батлаад УДШ-д бүртгүүлсний дараа хэн АН-ын  дарга болох вэ гэдэг байдлаар ах нартайгаа шинэ дүрмээр өрсөлдөх гэсэн санаа.

Учир нь одоо УДШ-д бүртгэлтэй байгаа АН-ын дүрмийн дагуу тоглох юм бол залуу, шинэ гишүүдэд АН-ын даргад өрсөлдөх эрх олдохгүй байгаа нь үнэн. Тиймээс арга ядахдаа ҮБХ-ны гишүүдээсээ учирлан гуйж байгаа нь энэ.

Ардчилсан намын ҮБХ-ны 380 гаруй гишүүдийн олонхын саналаар уг асуудал шийдэгдэнэ. Улс төрийн намын тухай хуульд зааснаар намын даргад өрсөлдөгчдөд ямар нэг хязгаар тогтоогоогүй учраас хуулиас давсан дүрэм гэж байх учиргүй. Тиймээс дүрмээ өөрчлөх ёстой гэж тэд үзэж байна.

Тэгвэл, АН-ын зарим гишүүдийн хувьд УДШ-д бүртгэлтэй 5.17.4-т Намын даргад нэр дэвшигч нь ҮД зөрчиж шийтгэл хүлээгээгүй, намд элсээд 10 жил болсон, тухайн үеийн хүчин төгөлдөр ҮБХ-ны нийт гишүүдийн 10 хувийн дэмжлэг авч, гарын үсэг зуруулсан, намын сонгуульт гишүүн (ҮБХ, ҮЗХ)-ээр 4-өөс доошгүй жил ажиллаж байсан гишүүн байна гэх дүрмээ баримтлах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн.

Учир нь АН-ын даргад өрсөлдөгч нь хэн байхаас үл хамаарч намын бүх шатны сонгуульд ажиллаж, оролцож үзсэн мерит зарчмаар ажилласан хүн байх нь зүйтэй гэдгийг хэлж байгаа юм. Тиймээс АН-ын даргын сунгааг Үндсэн дүрмийн дагуу тодруулж, түүний дараа намынхаа дүрмийн өөрчлөлтийг нийт гишүүдээрээ хэлэлцүүлж арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс өмнө УДШ-д бүртгүүлж явах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

АН-ын даргын сонгууль, намын дүрэм, хөтөлбөрт өөрчлөлт оруулах асуудал нь тус намын дотоод зохион байгуулалтын асуудал бөгөөд бүрэн эрх нь Улс төрийн зөвлөл, Үндэсний бодлогын хороо, намын их хуралд хадгалагдаж буй. Тэндээс ямар шийдвэр гарна түүнийг дагахаас өөр аргагүй.

Залуу гишүүдийн хувьд ийм зүйл болно гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байсан. Мэдсээр байж ниргэсэн хойно нь хаширав болов уу эсвэл тэдэнд бага боловч итгэлийн оч харагдав уу. Барьц илүүтэй нь илүүрхэж барилддаг хойно харж л байя. АН-ынхан дотооддоо хагаралдах, муудалцах бол огтоос гайхах зүйл биш. Анхнаасаа ийм байж ирсэн. Гагцхүү огтоос би, чи дээрээ тулахгүй бол түүнийг нь гайхах учиртай. АН-ын дараагийн дарга хэн болох нь АН-ын ирээдүйтэй цаашлаад улс орны ардчилсан засаглалтай ч шууд холбоотой асуудал. Тиймээс жоомоо алах гээд байшингаа шатаачихгүй байх нь чухал.  Намын даргыг сонгох дүрмийн маргаан ужгирвал дарга, дүрэмтэй холбоотой маргаан УДШ дээр эцэс төгөсгөлгүй үргэлжлэх эрсдэл ч харагдаж байгаа юм. Үнэхээр хуульд нийцүүлж, дүрмээ өөрчилж чадахгүй бол дүрмийн өөрчлөлт нь УДШ-ийн босго давахгүй хүчинтэй, хүчингүй ҮБХ-ны хуралдаан ч удаа дараа хуралдах эрсдэл бий.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж