УИХ дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий гишүүд цаг үеийн асуудлаар өнөөдөр /2025.08.25/ мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:
-Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал наймдугаар сарын 28-нд болно. Түүнчлэн Ардчилсан нам Их хурлаа наймдугаар сарын 30-нд зарласан байгаа. Эдгээр хурлаар Ардчилсан намын удирдлагын асуудал, дүрмийн асуудлыг шийдвэрлэнэ. Улс төрийн намын тухай хуулийн дагуу бид намын дүрмээ шинэчлэн баталж, үүний дараа удирдлагаа сонгох ёстой.
Гэвч Ардчилсан нам дүрмийн хэлэлцүүлэг гишүүд дээрээ ирсэнгүй. Гишүүдээсээ санал авч, дүрмээ хэлэлцүүлээгүй. Өнөөдөр хэдхэн хүний дунд намын даргын сунгаа яригдаад явж байна.
Бид хуулийнхаа дагуу намын дүрмээ эхлээд хэлэлцүүлж, батлах ёстой. Үүний дараа намын даргын асуудлыг ярих нь зүйтэй. Улс төрийн намын тухай хуулиа эхлээд мөрдье.
УИХ-ын чуулган эхлэхээс хэдхэн хоногийн өмнө хурлаа зарлаад дүрмээ боловсруулаагүй байж даргаа сонгоно гэдэг процесс өөрөө буруу байна. Эхлээд даргаа сонгочхоод дараа нь дүрмээ хэлэлцье гэдэг зүйл байж болохгүй. Бид хуулийн дагуу, дүрмээ хэлэлцээд үүнийхээ дагуу удирдлагаа сонгодог процессыг л хүсч байна.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:
-Хэдхэн хүний тохироон дунд асуудлыг шийддэг байдлын эсрэг шинэ үеийнхэн гэж бид өөрсдийгөө нэрлэж улс төрд орсон. Бид өнгөрсөн хугацаанд яарсан үйлдэл болгон дээрээ даарсан. Тиймээс яараад яахав дээ гэдэг зарчим дээрээ бид санал нэгдэж байгаа.
Одоо намын даргаа сонгох гэж байгаа дүрэм, журам 2005 оны хуучин хуульд нийцүүлсэн зохицуулалт юм. Харин одоо хэрэгжээд эхэлсэн Улс төрийн намын тухай хуульд намын удирдлага болон бусад албан тушаалтыг сонгох тухай нарийн заалтуудыг оруулчихсан байгаа. Тиймээс одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Улс төрийн намын тухай хуулийнхаа дагуу ажиллая гэдэг зарчмын байр суурьтай байна.
Миний хувьд хууль дүрмийн дагуу намын даргын сонгууль явагдвал үүнд өрсөлдөнө. Одоогоор албан ёсоор намын даргад нэрээ дэвшүүлсэн хүн байхгүй. Гэхдээ намын даргад өрсөлдөнө гэдгээ ил зарлачихсан хэд хэдэн хүн байх шиг байна.
Эдгээр хүмүүс ч гэсэн эхлээд шинэ хуульдаа нийцүүлж намын дүрмээ баталсны дараа намыг даргын сонгуулиа явуулъя гэдэг саналтай байгаа.
-О.Алтангэрэл гишүүн намын даргад өрсөлдөх үү?
–Авлигатай тэмцэх чиглэлээр миний дэвшүүлсэн зорилт байгаа. Үүнтэй үзэл санааны хувьд нийцсэн нэр дэвшигч байвал би дэмжиж ажиллана. Хэрэв үүнтэй эсрэг байр суурьтай, дэмжих хүн байхгүй бол миний бие нэрээ дэвшүүлж өрсөлдөнө.
-Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн дагуу намын даргад нэр дэвшигч ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?
-Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байгаа дүрмийн дагуу намын даргад өрсөлдөгч нь зургаан сарын өмнө намд элссэн байх, хуулийн зөрчилгүй байх гэсэн тодорхой шаардлагууд л бий. Цахим орчинд АН-ын өмнөх онуудад хэрэгжиж байсан дүрмүүд холилдоод явж байх шиг байна. Энэ нь нэг талдаа АН-ын ил тод бус байдалтай холбоотой гэж харж байна.
-АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд хурлаа яаралтай хуралдуулъя гэдэг шаардлага тавьсан шүү дээ…
-Үндэсний бодлогын хорооны хурлыг больё гэж байгаа юм биш. Үндэсний бодлогын хороо хуралдаад дүрмээ хэлэлцээд явъя гэдэг зүйл л ярьж байгаа юм. Дүрмээ хэлэлцсэний дараа намын даргын сонгууль яаж явагдах талаар ерөнхий зураг гарах ёстой.
3,607.57






















































Холбоотой мэдээ