niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 15:04 UTC Эх: https://news.mn/r/2818450/ f4a61f8a5483a3ba… ← niitlelch.mn руу буцах

Ардчилсан намын ачааг үүрэх лидер хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2025.08.25-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын ачааг үүрэх лидер хэн бэ?

Ардчилсан намын ачааг үүрэх лидер хэн бэ?

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо/ҮБХ/-ны хурал наймдугаар сарын 28-нд товлогдсоноор гишүүд нь хөдөлгөөнд орж, “Нэг Монгол”, Нэг ардчилал”, “Мондэй” фракциуд намрын цугларалтаа хийсэн бол “Гранд Монгол”, МҮДН, “Хийморь” зэрэгфракциуд хараахан хуралдаагүй байна.

Энэ удаагийн ҮБХ-ны хурлаар Ардчилсан намын шинэчлэн боловсруулсан дүрмийг хэлэлцэхийн зэрэгцээ шинэ даргыг тодруулах учиртай. Фракц бүр намын даргын сунгаанд хүнээ сойж мэдэх тестүүд хөвөрч эхэлсэн.  Гэхдээ эцсийн зорилго бол ачаа үүрэх, ардчиллаа хамгаалах, Ардын намын хавсарга байдлаас ангижрах, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд намын гишүүдээ манлайлан, эв нэгдлийг ханган ялалт байгуулж чадах лидерийг гаргаж ирэх учиртай. Өөрөөр хэлбэл, намын дарга гэдэг ачаа үүрдэг, ямар ч цаг үед гал авч ажиллаж чаддаг, үзэл бодолдоо үнэнч, бүлэглэлийнхний гар хөл болж ажиллахааргүй, гишүүддээ хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч байх учиртай.

Ардын намынхны хүсэл бол ирэх сонгуулиудад тус намыг зөөлхөн буулгаж аваад дахин засаглахад БЭТ болж ажиллаж чадах төлөөний хүнээ гаргуулах сонирхол асар их бий. Харин хүслийг нь гүйцэлдүүлэх “найраа”-наас фракциуд татгалзах учиртай.

Үндсэндээ энэ удаагийн ҮБХ-ны хурал ирэх жилүүдэд болох хоёр ч том сонгуулийн хувь заяаг шийдэх тул фракц бүр ач холбогдол өгч байна.

УИХ-ын 2016 оны сонгуульд ялагдал хүлээсэн үеэс эвдрэлцэл нь өндөр авч, тамга ч үгүй болж,  хэдэн хэсэг хуваагдсан байсан намыг Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр үйлээ үзэн байж эвлүүлсэн нь үнэн. УИХ-д дөнгөн данган бүлэг байгуулах хэмжээний суудалтай байсан улс төрийн хүчнийг 2024 оны сонгуулиар 42 суудалтай болгож, Засгийн газарт хамтран том мега төслүүдийг хөдөлгөн улс орноо хөгжүүлэх том амбицтайгаар Ардчилсан намыг чирч явсан нь ч бас маргашгүй үнэн. Гэвч намынхан нь болж бүтэхгүй болгоноо тохож ялласаар итгэл үнэмшлийг нь  ч мохоосон тал бий. Хэдийгээр түүнд Засгийн газарт хамтарч орж, Ардын намын өвөрт шургалсан гэдэг зэм тохдог ч энэ шийдвэрийг ганцаараа гаргаагүй.  ҮБХ, Их хурлаараа хэлэлцэн олонхиороо шийдвэрээ гаргасны дараа Засгийн газарт хамтарсан.

Том амбиц ч байсан. “Бид засагт хамтарч эдийн засгаа тэлж, иргэдийнхээ ашиг орлогыг нэмж, том төслүүдээ хөдөлгөж, гадаадаас хараат байдлаасаа гарахыг амбицалж байна” гэж мэдэгдэж байв. Гэвч хүссэнээр нь болоогүй,  хариуцлагаа хүлээж Ардчилсан намын даргаас чөлөөлөгдөхөө мэдэгдсэн. Энэхүү мэдэгдэл нь өрсөлдөгч улс төрийн хүчинд нь Ардчилсан намын карьерыг буулгаж авах далим болсон. Харин энэ карьерыг өсгөж чадах эсэх нь шинэ даргаар хэнийг сонгохоос ихээхэн хамаарна.

Ард түмэн бол Ардчилсан намыг ялалтад хүргэх лидер хэрэгтэй хэмээн хүлээж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж