НЭМЭЛТ:
Улаанбаатар хотод 19:55 цагт орох төлөвтэй байна. Эрч хүч, хамрах нутгийн хувьд 17.00 цагт орсон борооноос бага байх төлөвтэй байна.
НЭМЭЛТ:
Нийслэл хотод түр зуурын усархаг бороо орж эхлэж байна. Мөндөр, нөөлөг салхи болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байна уу. Өнөөдрийн 12.00 цагийн байдлаар Тэрэлж голын усны түвшин өглөөний 8.00 цагаас хойш 18 см нэмэгдэж, үерийн түвшинг 5 см даван үерлэж байна.
Маргааш буюу наймдугаар сарын 22-ны өдөр Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 50 см орчим нэмэгдэж, үерийн түвшинд дөхөн үерлэх төлөвтэй байгаа тул Туул, Тэрэлж голын татам, эрэг хөвөө, хөндийгөөр суурьших айл өрх, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд үерийн аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.
Хөвсгөлийн уулсаас усжих Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Шарын гол, Сэлбэ, Улиастай, Хангай нуруунаас эхтэй Хөгшин Орхон, Богд, Таац, Заг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдэж, Тэрэлж, Сэлбэ, Туул гол Босгын гүүр орчимд олон жилийн дундаж түвшинг 25-30 см давсан байна. Мөн түүнчлэн Улз гол үерийн аюултай түвшинд хүрсэн хэвээр байна.
СЭЛЭНГЭ, ДАРХАН, УЛААНБААТАРТ АЮУЛТАЙ ҮЗЭГДЛИЙН ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ
Сэлэнгэ, Дархан, Төв аймаг, Нийслэл Улаанбаатар хот орчмоор 30-54 мм бороо орж аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн гэдгийг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадасны хувьд, өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар 0-54 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна. Үүнээс хоногийн нийлбэрээр хамгийн их нь Сэлэнгийн Мандалд 54 мм, Баянгол 48 мм, Сүхбаатар 38 мм, Бугант 36 мм, Хүдэр 35 мм, Ерөө, Хушаат 33 мм, Дарханы Шарын голд 48 мм, Орхон 39 мм, Хонгор, Дархан, 30 мм, Төв аймгийн Борнуур 49 мм, Лүн 44.5 мм, Жаргалант, 43 мм, Батсүмбэр 38 мм, Аргалант 35 мм, Угтаалцайдам 33.4 мм, Баян-Өнжүүл 33 мм, Баянчандмань 30 мм, Өндөрширээт 29 мм, Эрдэнэ 28 мм, Өмнөговийн Даланзадгад 34 мм, нийслэлийн Баянзүрх дүүрэгт 43 мм, Налайх дүүрэгт 35 мм, Сүхбаатар дүүрэгт 32 мм, Хан-Уул дүүрэгт 30.9 мм, Сонгинохайрхан дүүрэгт 28 мм, Дорнодын Чойбалсанд 27 мм, бусад нутгаар 0-26 мм бороо орсон байна.
Өнөөдөр өдөртөө энэ процессийн зүүн хэсэг Монголын нутгаас бараг гарч байна. Процессийн хойноос тонгойж буй хэсгээс Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно.
3,607.57






















































Холбоотой мэдээ