niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 15:34 UTC Эх: https://news.mn/r/2817835/ 3ba759b4d9994fc4… ← niitlelch.mn руу буцах

"Нүүрсний үнэ биднээс хамаарахгүй тул экспортыг нэмэгдүүлэх ёстой"

Хуучирсан мэдээ: 2025.08.21-нд нийтлэгдсэн

"Нүүрсний үнэ биднээс хамаарахгүй тул экспортыг нэмэгдүүлэх ёстой"

"Нүүрсний үнэ биднээс хамаарахгүй тул экспортыг нэмэгдүүлэх ёстой"

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралтай ярилцлаа.


-Монгол Улс энэ онд 85 сая тонн нүүрс экмпортод гаргаж, тонн тутмыг нь 105 ам доллараар зарахаар төлөвлөсөн. Нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байх, үнэ буурсан зэргээс үүдэн Монгол Улсын төсөв тасалдах эрсдэлтэй гэдгийг судлаачид онцолж байсан. Харин сүүлийн нэг сар нүүрсний экспорт 30 орчим хувиар өссөн үзүүлэлт гарлаа. Одоогийн байдлаар хэдэн сая тонн нүүрсийг хэдэн төгрөгөөр экспортлоод байна вэ?

-Экспортыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол өчигдөр /2025.08.20/ батлагдлаа. Экспортыг нэмэгдүүлэх хүрээнд өмнөх Засгийн газрын үед ч Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байсан. Уг ажлын хэсэг над руу шилжиж ирж экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсгийн хүрээнд Засгийн газрын гишүүд гурван дэд ажлын хэсэгт хуваарилагдаж ажиллаж байна. Гашуунсухайт боомтоор хэдэн тонн нүүрс экспортод гарч байна, ямар албан тугшаалтан дээр гацаж байна, хаана аль терминал дээр гацаа саад үүсээд байна вэ гэдгийг  шууд хяналтаар буюу бодит цагаар хэмжиж байгаа.

Экспортын мэдээг цаг минут тутам харж, түүнд үнэлэлт дүгнэлт өгч ажиллаж байна гэсэн үг. Мөн Эрдэнэс Тавантолгой компани дээр хамтын удирдлагын зарчимаар салбарын яамдуудын төлөөлөлийг багтаасан БЭТ-ийн зөвлөл ажиллаж байна. Экспортыг нэмэгдүүлэх гэдэг бол зөвхөн уул уурхайн салбарын асуудал биш учраас салбар хоорондын уялдаа холбоотой шууд хамааралтай. Хамтын удирдлагын зарчимын хүрээнд үүсээд байгаа гацаа саад тотгорыг арилган ажиллаж байна. Богино хугацаанд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ сүүлийн нэг сард үр дүнгээ өглөө. Тухайлбал, долдугаар сарын 19-өөс наймдугаар сарын 19-ныг хүртэлх нэг сарын хугацаанд нүүрсний экспорт өмнөх саруудын дунджаас 30 хувиар нэмэгдэж, 8.4 сая тонн нүүрс экспортолсон байна.

Монгол Улсын нийт экспорт 8.7 тэрбум ам.долларт хүрээд байна. Түүнчлэн биржээр арилжаалах нүүрсний хэмжээ нэмэгдэж байна. Үүнээс уул уурхайн бүтээгдэхүүний биржээр долдугаар сард 2 сая 963 мянган тонн. Наймдугаар сард 2 сая 470 мянган тонн нүүрс арилжаалагдсан байна. Энэ үзүүлэлт нь сүүлийн нэг жилийн хугацаан дахь хамгийн өндөр статистик тоо гэж хэлж болно.

-Биржээр худалдах нүүрсний хэмжээ буурч, зогсонги байдалд орчихоод байсан. Биржийн худалдаа нэмэгдэхэд юу нөлөөлөв?

-Өмнө нь худалдан авагч талд мэдээлэл сайн очдоггүй байсан учраас алддаг тохиолдол их байсан. Одоо алддаг тохиолдол багасаж байгаа учраас биржийн  худалдаа идэвхижих хандлагатай байна. Биржээр худалдаа хийх нь ил тод байдлыг нэмэгдүүлэхээс гадна, худалдагч болон худалдан авагч талууд шууд харилцах боломжийг олгодог учраас авлигагүй ил тод байдалд эерэгээр нөлөөлдөг. Тиймээс уул уурхайн биржээ дэмжих чиглэлийн хүрээнд өмнө нь Гашуунсухайтын боомтоор автомат удирдлагатай тээврийн хэрэгслийн гарцаар жолоочтой тээврийн хэрэгслийг нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг авдаг байсан.

Тэгвэл уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх тогтоолын хүрээнд үүнийг өөрчилж автомат удирдлагатай тээврийн хэрэгслийн гарцаар жолоочтой ачаа тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн тохиолдолд зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүний биржээр зарагдсан нүүрс тээвэрлэх гарцыг нээж өгсөн.

Тухайн гарцаар биржээр арилжаалсан нүүрсийг гаргадаг болснор биржээр худалдаж байгаа нүүрсний үнэ өсөх бололцоо бүрдэнэ. Экспортыг нэмэгдүүлэхийн тулд хүнд суртлыг бууруулах, хил гаалийн олон шаардлагыг багасгах, гааль, татвар,хил хамгаалах байгууллага, боомт хариуцсан байгуулагууд мэдээллээ хоорондоо солилцох боломжийг нэмэгдүүлж гаалиар бараа бүтээгдэхүүн оруулж, гаргахад тавих хяналттай холбоотой журмуудад тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж хүнд хэт их эрх мэдэл олгосон заалтуудыг журмаас авах, системийг хүний оролцоогүй болгох, олон үе шатуудыг багасгах зэрэгтэй холбоотой асуудлыг холбогдох хүмүүсээр хэлэлцүүлж, саналыг нь авсан.

Одоогийн байдлаар 17 мянга орчим санал ирсэн. Тиймээс наймдугаар сарыэ 31-ний дотор Засгийн газрын тогтоолоор тухайн журам шинэчлэгдэн батлагдана. Үүний дараа газар дээр нь ажиллаж үйл явц хэрхэн сайжирсан талаар үнэлгээ хийнэ. Энэ мэтчилэн Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлууд үр дүнгээ өгч байна. Одоо батлагдсан төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд жилд 80 орчим сая тонн нүүрс экспортлохыг зорьж байгаа. Төсвийн хүрээндээ батлагдсан зорилтдоо хүрэхийг хичээж ажиллана.

Ирэх жил болж өгвөл нүүрсний экспортыг 90 сая тоннд хүргэхийг зорьж байна. Эдийн засаг агшиж байгаа  энэ үед бид төсвийг тэлэх, мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлэх ёстой. Эдийн засаг агшиж байгаа ийм үед бодлогуудаа зөв авч явж чадвал ирэх онд батлагдах төсөв, гүйцэтгэлүүд сайн байна гэж тооцож байна.

-Нүүрсний экспорт өссөн үзүүлэлт цаашид хэр хугацаанд хадгалагдахаар байна?

-Нүүрсний экспорт төдийгүй гадаад худалдааны үзүүлэлт гадаад болон дотоодын олон хүчин зүйлээс шалтгаална. Гадаад орчны нөхцөл байдлыг аваад үзэхээр геополитикийн нөхцөл байдал, худалдааны дайн, ойрхи дорнодын мөргөлдөөн зэрэг олон асуудлууд шууд болон шууд бус байдлаар Монголд нөлөөлдөг. БНХАУ-ын элдийн засаг агшиж, Монгол Улсаас экспортолдог бүтээгдэхүүний хэрэгцээ буурахаар худалдан авах эрэлт нь багасна. Гэхдээ бид дотоодоосоо шийдэж чадах асуудлуудаа шийдэх ёстой.  Гашуунсухайт- Ганц мод боомтын хил холболтын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Үүний дараа Шивээ хүрэн, Хангимандал хилийн боомтыг холбох ажлуудыг эрчимжүүлэх ёстой. Экспортыг эрчимжүүлэх ажлын хүрээнд БНХАУ-ын талтай холбогдох уулзалтуудыг хийж, харилцаагаа идэвхижүүлэх бүх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

–Олон нийтээс болон холбогдох яамдуудаар ирэх 2026 оны төсвийг хэлэлцүүлж, саналыг нь авлаа. Жил бүр төсвөө сайн төлөвлөж чадаагүйтэй холбоотой алдаа дутагдал гарч, шүүмжлэл дагуулдаг. Таны хувьд ирэх оны төсөв дээр ямар шинэчлэл хийхийг зорьж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар E Mongolia аппликэйшин ашиглаж олон нийтээс ирэх оны төсөв дээр саналыг нь авсан. Тоон судалгааны үр дүн гарсан. Чанарын үнэлгээ дүгнэлт гарна. Саналыг эрэмбэлнэ. Хуулийн дагуу есдүгээр сарын 1-нд Засгийн газраас УИХ-д 2026 оны төсвийн хуулиа өргөн барина. Нэг зүйлийг ойлгох ёстой. Мэдээж гадаад хүчин зүйл сайнгүй  байгаа учраас хязгаарлагдмал нөөцдөө тулгуурлаж эрх ашгийг хэрхэн эрэмбэлэх вэ гэдэг чухал. Эдийн засаг агшиж байгаа энэ үед эдийн засгаа эрүүлжүүлэх нь чухал байна. Тиймээс энэ асуудалд чиглэсэн бодлогуудыг боловсруулахад түлхүү анхаарч ажиллана.

-Ирэх онд нүүрсээ тонн тутамыг нь 133 ам.доллараар зарахаар төлөвлөсөн гэж ойлгосон. Энэ бодитой юу?

–Тийм зүйл байхгүй. Төсвийн хүрээ батлагдахад 70 ам.доллараар тооцсон. Нүүрсний үнэ биднээс хамаарахгүй байна. Харин бид гарцаа сайжруулж, хил гааль дээр үүсээд байгаа асуудлуудаа сайжруулах ёстой. Гол нь тоо хэмжээгээ нэмэгдүүлэх ёстой. Түүнээс биш үнэ дээр худлаа хэлж болохгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж