Узбекистан улс Монгол Улсаас 100 мянган толгой амьд хонь, ямаа худалдан авахаар болжээ. Эхний ээлжийн 15 мянга толгой хонийг тээвэрлэхэд бэлэн болсон талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамаас мэдэгдлээ. Үүнээс гадна Монголын талаас тус улс руу экспортын хураамжийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр батлагджээ.
Түүнчлэн Монгол Улсаас Узбекистан руу экспортолсон малын мах тус улсын хэрэглэгчдийн дунд эрэлттэй байгаа аж. Цаашид Монголд боловсруулсан малын махыг шууд тус улсын сүлжээ дэлгүүрүүдэд борлуулах боломжтой гэдгийг уламжилжээ. Хоёр тал хамтран махны худалдааны сүлжээ бий болгоход хувийн хэвшлүүд голлох үүрэгтэй оролцох бөгөөд Монголын талын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг Узбекистан улсад ажиллах боломжоор хангаж өгнө гэв. Үүнээс гадна ноос, ноолуурын салбарт ч энэ жишгээр хамтын ажиллагааны өргөн боломж байгааг илэрхийлжээ.
Хоёр улсын хамтын ажиллагаа болон цаашид хамтран хэрэгжүүлэх мах, ноос, ноолуур боловсруулах зэрэг хөдөө аж ахуйн төсөл хөтөлбөр, хоёр орны худалдааг өргөжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, улам нягт хамтран ажиллах ажээ. Сануулахад, 2024 оны зургадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистанд анхны төрийн айлчлал хийх үеэр 14 гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурсан нь хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлэх чухал алхам болжээ.
А.ТАМИР
3,607.57






















































Холбоотой мэдээ