Хичээлийн шинэ жил эхлэх болж байхад нийслэлийн хэмжээнд хэд, хэдэн сургууль, цэцэрлэг тоног төхөөрөмжгүйгээс үйл ажиллагаа эхлүүлэх боломжгүй болсныг Боловсролын яамны зүгээс нийслэл рүү чихэж байгаа бол нийслэл "Боловсролын яам цаг хугацаандаа багтаан тендер зарлаагүйгээс энэ асуудал үүссэн" гэж сөрж буй. Гэвч эцсийн дүнд нь хүүхдүүд хохирох болоод байна. Энэ асуудлыг тойрон "арьс"-аа хамгаалж буй холбогдох албан тушаалтнуудын байр суурийг хүргэе.
Х.Тамираа
Боловсролын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга
-Боловсролын яамны зүгээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээний хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 17 сургууль, цэцэрлэг, дотуур байрны барилга байгууламж ашиглалтад орж, есдүгээр сарын 1-нд үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болсон. Энэ оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд нийт 177 барилга байгууламжийн төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа. Энэ оны арванхоёрдугаар сар гэхэд нийт 72 сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад орох юм.
Өнөөдрийн байдлаар ашиглалтад орсон 17 барилга байгууламжийн ес нь буюу таван сургууль, дөрвөн цэцэрлэг нийслэлд байршилтай, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн.
Тоног төхөөрөмжийн тухайд бид улсын төсвийн хөрөнгөөр хийж буй төсөл арга хэмжээний хүрээнд хэдэн сургууль, цэцэрлэг энэ онд ашиглалтад орохыг тооцоолж, төсвөө гаргадаг. Ингэхдээ Төсвийн тухай хуулийн дагуу анхан шатны нэгж буюу сум, дүүргээс эхлэн төлөвлөж, Боловсролын яам дээрээ салбарынхаа төсвийг нэгтгэдэг. Бид төсвийн төлөвлөлтийг бүтэн жилийн өмнөөс төлөвлөж, ажилладаг. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл арга хэмжээний хувьд бид энэ онд 72 сургууль, цэцэрлэг ашиглалт орно гэдэг тоон дээрээ үндэслэн тоног төхөөрөмжийнхөө тооцооллыг гаргаж, худалдан авалтаа зохион байгуулдаг.
Харин нийслэлийн зүгээс яриад байгаа сандал, ширээгүй сургууль цэцэрлэгийн хувьд, нийслэлийн хэмжээнд нийт 139 барилга байгууламжийн төсөл хэрэгжиж байгаа. Үүний 71 нь улсын төсвөөр, 44 нийслэлийн хөрөнгөөр, 14 нь дүүргийн төсвөөр хэрэгжиж байна. Нийслэлийн болон дүүргийн төсвөөр хэрэгжиж байгаа эдгээр барилгын хяналтыг нийслэл өөрөө бүрэн хариуцаж явдаг. Хэзээ эдгээр барилга ашиглалтад орох вэ гэдгийг нийслэлээс хариуцаж, тоног төхөөрөмжөөр хангах ёстой. Боловсролын сайдын багцын хүрээнд зөвхөн улсын төсвөөр хэрэгжиж буй арга хэмжээг хариуцаж, хяналтаа тавина. Нийслэлийн зүгээс өнгөрсөн хугацаанд Төсвийн тухай хуулиараа санал ирүүлэхдээ голчлон барилга байгууламжийн санал ирүүлж байсан. Өнөөдрийг хүртэл сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмжтэй холбоотой нэг ч санал ирүүлээгүй. Төсвийн тухай хуулиар дүүргүүд саналаа гаргаж, нийслэл дээр нэгтгэн салбар яаманд ирүүлэх ёстой байдаг. Яамнаас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийг тоног төхөөрөмжөөр хангах үүргийг бүрэн хэрэгжүүлж байна. Энэ жилийн тухайд улсын төсвийн хөрөнгөөр нийт 32.4 тэрбум төгрөг 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр батлагдсан төсвөөр тусгасан. Энэ төсөв ашиглалтад орох сургууль, цэцэрлэг, спорт заал, дотуур байрын хэрэгцээтэй тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулсан.
Төсвийн тухай хууль болон Тендерийн тухай хуулийн дагуу худалдан авах ажиллагаагаа зохион байгуулсан боловч харамсалтай нь ширээ сандал болон гал тогооны тоног төхөөрөмжийн тендер Төрийн хэмнэлтийн тухай хуулиараа тавдугаар сарын 31-ний өдөртөө багтаагүй гэдэг шалтгаанаар амжилтгүй болсон гэлээ.
А.Амартүвшин
Нийслэлийн Засаг даргын орлогч
-Боловсролын яам, сайд нь өөрөө сургууль, цэцэрлэгийнхээ нөхцөл байдлыг нүдээр үзмээр байна. Цэцэрлэг, сургуулийн ширээ, сандал, ор дэр, зөөлөн, хатуу эдлэлд 2025 оны улсын төсөвт гэхэд 32 тэрбум төгрөгийн санхүүжилт тавьсан. Гэхдээ өнгөрсөн найман сарын хугацаанд Боловсролын яам тендер зарлаж, ажлаа хийсэнгүй. Хэмнэлтийн тухай хуулийн дагуу зургадугаар сарын 1-нээс өмнө худалдан авах ажил зарлагдаагүй бол төсвийг татдаг. Тиймээс 11 тэрбум төгрөгийн төсвийг татуулсан. Бидний ирсэн 148 дугаар сургууль шиг сургуулиудын сандал, ширээг энэ төсвөөр шийдэх боломж байсан. Түүнчлэн нийслэлээс өнөөдөр 16 сургууль, 20 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулсан боловч сандал, ширээ, тоног төхөөрөмж зэрэг байхгүй учраас хүүхдүүдээ хүлээж авч чадахгүй байна. Нийт 15500 хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй боллоо. Боловсролын яам, П.Наранбаяр сайдаас энэ асуудалд хариуцлага шаардаж байна.
Нийслэлээс өнгөрсөн долоо хоногт дахин 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулаад байна.
Тодруулбал, ХУД, 16 дугаар хороо, Нисэхийн дэнжид 550 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор,
ХУД, 24-р хороо, “Шинэ өргөө” хотхоны хажууд 550 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор,
СХД, 33 дугаар хороонд 550 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулсан. Гэвч мөн л тавилга, ширээ, сандал, ор дэр, хатуу, зөөлөн эдлэл, тоног төхөөрөмж нь шийдэгдээгүй байна. Боловсролын яам сургууль, цэцэрлэгийн сандал, ширээ, зөөлөн болон хатуу хэрэгсэл, гал тогооны тоног төхөөрөмж ханган нийлүүлэх чиг үүргээ нийслэлд хуулийн дагуу шилжүүлбэл ажлыг гүйцэтгэхэд бэлэн байгаа.
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгө, Захирагчийн ажлын албанаас 6.2 тэрбум төгрөгийг боловсролын салбарын өвөлжилтийн бэлтгэлд нэмэлтээр зарцуулахаар ажлууд хийгдэж эхэлсэн. Нийслэлээс нийт 66.2 тэрбум төгрөгийг сургууль, цэцэрлэгийн асуудалд зарцуулж байна. Харин сандал, ширээ зэргийг ханган нийлүүлэх чиг үүргийг Боловсролын яам хуулийн хүрээнд хэрэгжүүлдэг. Давхардсан чиг үүргийг нийслэлээс хэрэгжүүлэх боломжгүй байгаа гэв.
3,607.57





















































Холбоотой мэдээ