Баянхошуунд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 220 айлын орон сууц барьсан бөгөөд барилга угсралтын ажил дууссанаар Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.
Тодруулбал, эхний 110 айлын орон сууцыг ирэх есдүгээр сард хүлээн авахаар Улсын комисс ажиллах юм. Уг орон сууцны 25 хувийг газраа чөлөөлсөн иргэдэд түрээслээд өмчлөх хэлбэрээр олгох бол үлдсэн 75 хувийг зах зээлийн үнээр иргэдэд худалдахаар төлөвлөжээ.
Байрны хувьд 36-70 м2 хэмжээтэй, хоёр болон гурван өрөөний сонголттой. Эхний ээлжийн 220 айлын орон сууцны өрөөний хуваарилалт болон байршлыг айл өрхүүдийн мэдээлэлд үндэслэн боловсруулж, зураг төслөө баталсан” гэдгийг нийслэлээс онцоллоо.
Мөн байрны үнийг урьдчилсан байдлаар 1м2-ыг 3 сая 350 мянган төгрөг байхаар тооцжээ.
Төслийн хүрээнд нийт 800 айлын орон сууц баригдах ёстой бөгөөд үлдсэн байруудыг барихын тулд газар чөлөөлөх ажил үргэлжилж байгаа аж. Мөн дээрх орон сууцыг худалдан борлуулсан орлогыг газар чөлөөлөхөд зарцуулж, "Ногоон орон сууц" сангаар дамжуулан шинэ орон сууц барихад зарцуулах ажээ.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэл нь Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Улаанбаатар хотын ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл” төслийг хэрэгжүүлэн нийт 5000 айлын орон сууцыг гурван шатлалаар барихаар төлөвлөсөн. Үүний нэг нь Баянхошуу дэд төвийг түшиглэн баригдаж байгаа дээрх орон сууц бол Шар хад дэд төвийг түшиглэн мөн орон сууц барих ажил үргэлжилж байна. Ногоон орон сууц төслийн нийт санхүүжилт 228 сая ам.доллар юм. Одоогоор гүйцэтгэл 13 хувьтай, 30 сая ам.долларыг зарцуулжээ.
Дээрх орон сууц нь эко хорооллын зохион байгуулалттай. Эрчим хүчний хэмнэлттэй гэдгээрээ онцлог. Одоогоор хоёр дахь ээлжийн 454 айлын орон сууцны барилгын ажил 43.5 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
А.ТАМИР
3,607.57






















































Холбоотой мэдээ