niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-25 16:02 UTC Source: https://news.mn/r/2817557/ a6e62e99ec8efd6b… ← back to niitlelch.mn

Тойргийн 5 тэрбумаас татгалздаг шигээ зардлаа танах санаачлага гаргая!

Хуучирсан мэдээ: 2025.08.20-нд нийтлэгдсэн

Тойргийн 5 тэрбумаас татгалздаг шигээ зардлаа танах санаачлага гаргая!

Тойргийн 5 тэрбумаас татгалздаг шигээ зардлаа танах санаачлага гаргая!

Монгол Улсын 2026 оны төсвийн төслөөр олон нийтээс санал авах үед “УИХ-ын гишүүнд сар бүр шатахууны зардал олгодгийг зогсоох, мөн үйл ажиллагааны зардал нэрээр асар их мөнгө гаргадгийг ч зогсоох цаг нь болсон” гэх асуудал хөндсөн ч чоно үүрэндээ өлзийтэй гэгчээр УИХ, Засгийн газрын гишүүнээс нэг нь ч энэ талаар санаачлага гаргасангүй. Гүрийж гүлдийж байгаад гар дээр ирэх мөнгөө ахиухан батлуулахыг санаархаж буй нь тэр болов уу.

УИХ-ын гишүүн Ө.Шижир өнгөрсөн долоо хоногт 2025 оны төсвийн тодотголыг батлах үед Засгийн газраас “шургуулсан” гишүүний тодотголтой тойргийн таван тэрбум төгрөгөөр Ерөнхий сайдаас мэдээлэл авахаар ханджээ.  Төсөв батлахаас урьтаад асуудлыг тавьсан бол 126 гишүүнд ногдсон 630 тэрбум төгрөгөөр юу л бол юу хийж болно. Хөрөнгө оруулалтгүйгээс гацаад байгаа том төслүүдээ санхүүжүүлэх боломж байв.

Харамсалтай нь, Засгийн газар төсвөө батлуулахын тулд ая тал зассан уу, гишүүн бүрийг 5 тэрбумаар "авлигдах" замаар үрэн таран хийгээд байна.

Энэ буруу жишгийг ирэх онд үргэлжлүүлэх ёсгүй эсэргүүцэж, Ерөнхий сайдад асуудал тавьсан нь зөв, ирэх оны төсөвт дахин ийм замаар суулгахаас өмнө зогсоох ёстой.

Дээр нь УИХ-ын гишүүний үйл ажиллагааны зардал нэрээр юунд зарцуулах нь тодорхойгүй асар их мөнгийг төсөвт тавьж, жилийн жилд зардал нэмдэг завхарсан үйлдэл зогсох ёстой.

Парламент 126 гишүүнтэй. Нэг гишүүний сарын цалин хамгийн багадаа 6-7 сая төгрөг. Цалин дээрээ  шатахууны зардлаа хот доторх км –ээр тооцож сар бүр 900 мянган төгрөг авдаг. Дээр нь тодорхой зарцуулалтгүй мөнгө гаргадаг. Түүнийгээ таначихвал төсвийн зардлыг бууруулахад том нэмэр болно.  Учир нь, УИХ-ын гишүүн нь үйл ажиллагааны зардал нэрээр 20 сая төгрөг авдаг, гэвч тэр нь хүрэлцдэггүй тухай  нэр бүхий гишүүн учирласан нь бий. Гэтэл 20 сая төгрөг гэдэг бол их мөнгө шүү дээ. Наад зах нь иргэдэд бол машины мөнгө. Харин УИХ-ын гишүүн нь ард иргэдийнхээ машин худалдан авах эс бол байрны урьдчилгаанд өгөх мөнгийг л “Юу ч болдоггүй” гэж голоод зогсож буй. Хэдий тэдэнд юм болдоггүй байж болох ч хэмнэлт эндээс л эхлэх учиртай.

Мөн гадаад томилолтуудаасаа УИХ-ын гишүүд татгалзах цаг нь болсон.  Өнгөрсөн нэг жилийн хугацаанд юу болов, зарим хууль тогтоогч зөвхөн гадаадад аялах гэж УИХ-ын гишүүн болсон юм шиг нэг орноос нөгөө орон руу “зугааллаа”.

Зөвхөн намрын чуулганы хугацаанд 4-5 орон руу гадаад томилолт угсруулан авч явсан гишүүн бий. Засгийн сайд нарын тухайд бүр тоогоо алдсан. Туршлага судалж явна л гэдэг. Монголын парламентын гишүүд өндөр хөгжилтэй орнуудаас туршлага судалснаараа бол улсын хөгжил бол тасарчихсан байх ёстой. Харамсалтай нь, “ул”-ны амьдралтай иргэдийн тоо өссөөр л байна. Иймээс эдийн засаг хүндрэх нь тодорхой ирэх жилд аль болох бага зардал гаргаж, ажиллах шаардлага байна.

Гадаад руу өндөр зардал гаргаж явахын оронд эх орондоо ажилла. Наад зах нь нийслэлийн захын гэр хороололд ажиллахад л  ажилгүйдэл, ядуурал тартагтаа тулж, архинд живж буйг харж болно. Дөрвөн хананы дундаас цухуйхгүй, гарахаараа гадаад руу “аялаад” явахаар монголчуудынхаа амьдралаас тасарчихаад тэнгэрийн юм ярьцгаадаг. Түүнээс улбаалаад баталсан хууль нь амьдралд хэрэгждэггүй.

Зөвлөхүүдээ ч танаж зардал хэмнэх шаардлагатай.  Зарим давхар дээлтэй сайд "тавхан л зөвлөхтэй байхад есөн зөвлөхтэй гэж ташаарлаа" гэж ажлын албаараа дамжуулан тайлбар хийгээд амжсан. Хэрвээ энэ мэтчлэн сайд бүр хамгийн багадаа таван зөвлөхтэй, тэр бүрийгээ төсвөөс цалинжуулдаг завхарсан үйлдлийг хязгаарлахгүй бол зардал буурахгүй. Таван зөвлөхтэй байх юм бол захын хүн сайдын алба хашчихна. Ажил хийнэ, ачаа үүрнэ гэж давхар дээл нөмөрсөн юм бол төсвөөс санхүүжүүлдэг тэр олон зөвлөхүүдээ цөөлмөөр байна. Газрын дарга нарыг цөөлсөн байж болох ч зөрүүлээд зөвлөхийн тоог өсгөчихөөр зардал буурахгүй. УИХ-ын гишүүд ч ялгаагүй зөвлөх, туслахуудаа цөөл.

Санхүүгийн хамаг дарамтыг нь татвар төлөгчдөд үүрүүлчихээд зөвлөхөөр төрийн ажил нугална гэж юу байдаг юм бэ. Яг үнэндээ салбар яамдын ажлыг самраачид нь зөвлөхүүд болсон тухай яриа чих дэлсэх болсоор удлаа.  Зөвлөх нэртэй ч хувийн бизнесээ өргөжүүлэх зорилготой нь олон болсон. Өөрөөр хэлбэл, улсын эрх ашгийг боддог нь тоотой, амин хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэх санаархалтай нь олон болсон гэх мэдээлэл гарах болсон.

Иймээс УИХ –ын гишүүд 2026 оны төсөвт ач холбогдол өгч өөрсдөд хамаарах төсвөөс танаж болох бүхий л зардлаа хумьж бүсээ чангалах цаг ирлээ.

Төсвийн таналтыг өөрсдөөсөө эхлүүлж, бусаддаа ч үлгэрлэе. Сөрөг хүчин болсон Ардчилсан намын бүлгийн гишүүд энэ санаачлагыг гаргаад давалгаалбал яасан юм бэ…

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж