Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.08.19/ Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадад ажиллах үеэр Шадар сайд С.Амарсайхан “ОБЕГ гал сөнөөгчдийг тээвэрлэх гурван нисдэг тэрэгтэй. Нэг нь таван хүний багтаамжтай. Нэг гал руу явахад 5-6 рейс хийх болдог. Тиймээс 20-30 хүний багтаамжтай, гал унтраахад ашиглах нисдэг тэрэг авахаар судалж байна” гэх зовлон тоочив.
Хэдэн жилийн өмнө Засгийн газар Франц улстай зээлийн хэлэлцээр байгуулснаар 57.9 сая евро буюу 145 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлэх ээрболж, УИХ-аар батлуулсан. Төслийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газарт гурван нисдэг тэрэг , гал түймэр унтраах, олон төрлийн, тусгай зориулалтын 42 шинэ автомашин,нисгэгчдийг сургах нэг бага оврын нисдэг тэрэг симулятор, нисдэг тэрэг байрлах ангар, шатахуун цэнэглэх станц нийлүүлнэ гэж мэдэгдэж байсан билээ. Тухайн үед энэхүү зээлийн хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцэх үед хэт өндөр өртгөөр техник хэрэгсэл худалдан авч байна гэх асуудал хөндсөн ч онцгойгийнхон гар нүцгэн шахуу гамшигтай тэмцэж байхад гар татах шаардлагагүй гэдэг хандлагаар батлаад өгсөн.
Гэтэл худалдан авсан нисдэг тэрэг нь ердөө таван хүний багтаамжтай нь дахин нисдэг тэрэг авахаас аргагүйд хүргээд байна.
Гурвын гурван нисдэг тэрэгнээс ядаж нэг нь том оврын буюу Шадар сайд С.Амарсайханы хэлээд байгаачлан 20-30 хүний багтаамжтай байж яагаад болоогүй юм бол. Ой хээрийн түймэр зөвхөн өнөө жил гарч байгаа биш жил бүр гардаг. Түүнтэй тэмцэхэд нэг рейсээр л гал сөнөөгчдөө аваад явах боломжтой нисдэг тэрэг захиалсан бол дахиад нисдэг тэрэг хэрэгтэй талаар яриад суух байсан гэж үү. Судалгаа тооцооллоо олигтой хийдэггүй юм уу, эсвэл таван хүний багтаамжтай нисдэг тэргээр хэдэн сайд, дарга нараа аймгаас аймаг руу зөөнө гэж тооцсон юм болов уу. Ямартай ч онцгой албаныхны ажлын хэрэгцээг хангах нисдэг тэрэг аваагүйг энэ удаагийн Шадар сайдын яриа баталгаажууллаа.
Хэдий энэхүү зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авч байгаа ч татвар төлөгчдийн мөнгөөр л эргүүлэн төлнө. Зээлийн нөхцлийн тухайд эхний 10 жилд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөн 30 жилийн хугацаанд жилийн 0.08 хувийн хүүтэйгээр төлөхөөр тохиролцсон байдаг.
Г.ХОРОЛ
3,607.57






















































Холбоотой мэдээ