Өвөлжилтийн бэлтгэл, арга хэмжээний явцтай танилцах өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2025.08.18/ Төрийн ордонд болж байна.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:
-Гэнэт зарласан хурал болж байна. Өнөөдрийн хурлаар Ерөнхий сайд Г.Занданшатар мэдээлэл хийнэ. Улсын онцгой комиссын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар С.Амарсайхан сайдаас гадна холбогдох сайд нар мэдээлэл өгнө.
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Хоёр сарын өмнө Засгийн газар байгуулагдаж, холбогдох сайд нарт өвөлжилтийн бэлтгэл хангах үүрэг даалгаврыг өгсөн. Ихэнх нутгаар зуншлага тааруу, гандуу байна. Цаг уурын байгууллагаас энэ өвөл хатуухан өвөл болох эрсдэлтэй байгааг анхааруулж байна. Тиймээс зуны сар шувтарч, өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангах шаардлагатай. Өнөөдөр гэнэтийн шуурхай хурал зарлаж, шалгаж байна. Гол нэрийн бараа бүтээгдэхүүний нөөц, хангамжид онцгой анхаарах шаардлагатай байна. Ган, зудын эрсдэлтэй аймаг, сумдад мах бэлтгэлийн ажлыг оновчтой зохион байгуулж, агуулах болон нөөцийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэх зэрэг намрын ажлуудаа цаг хугацаандаа сайн хийж, өвөлжилтийн бэлтгэлийг сайтар базаахыг дахин анхааруулж байна. Олон улсын нөхцөл байдал болон дотоодын хангамжийн нөхцөл байдлаас шалтгаалан ОХУ-аас нийлүүлэх шатахууны нийлүүлэлтийн асуудал үүсч, хангамж тогтворгүй болох эрсдэлтэй байгаа. ОХУ-ын Рофнефть компанийн Ангарскийн нефтийн үйлдвэр засварт орж, тээвэрлэлтийн зардал нэмэгдэнэ.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хоёр долоо хоногийн дараа эхэлнэ. Гэтэл түгжрэлээс авхуулаад хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг сайтар хангах хэрэгтэй байна. Жил бүр иргэдийн уур бухимдлыг төрүүлж байдаг утаа, ханиад томууны асуудал байна.
"ШАТАХУУНЫ ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ БАТАЛГААЖУУЛАХ ШААРДЛАГАТАЙ"
Шадар сайд С.Амарсайхан:
-Бид жил бүр ган, зудын эрсдэлийн үнэлгээг хийдэг болсон. Энэ жилийн эрсдэлийн үнэлгээг хур тунадас бага, хуурайшил өндөртэй, ган ихтэй байгаа учраас эрт буюу 2025 онд долдугаар сарын 25-ны өдөр эхний байдлаар урьдчилж авсан. Үнэлгээгээр нийт нутгийн 330 сумын 220 гаруй суманд хуурайшилт өндөр, гантай, ургамлын гарц тааруу, малын тарга тэвээргэ сайнгүй байна гэж дүгнэсэн. Тухайлбал, Өвөрхангай, Баян-Өлгий, Ховд, Дорноговь, Өмнөговь аймаг өндөр эрсдэлтэй гэсэн бол Увс, Завхан, Архангай, Говь-Алтай, Төв, Дорнод, Дундговь, Баянхонгор, Дархан, Сэлэнгэ, Хэнтий аймаг дунд түүнээс дээш эрсдэлтэй бол Хөвсгөл, Булган, Орхон аймаг харьцангуй бага эрсдэлтэй гэж байгаа боловч эрсдэл байна. Нийт нутгийн 60-70 орчим хувь нь эрсдэлтэй бөгөөд өвөл хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ гэж дүгнэж, аймаг орон нутгийн Шуурхай штабт хүргүүлсэн.
- Зуншлага тааруу байгаа аймгууды бусад боломжтой бүс нутгаас өвс тэжээлээ бэлтгэх, хадлангийн талбайг хэмжээтэй нь гаргаж өгөх, есдүгээр сарын 15-ны дотор гүйцэтгэлийг хангуулах,
- Мах бэлтгэл, малын тэжээл үйлдвэрлэлийн чиглэлээр зудын эрсдэлийг бууруулж, дотоодын хэрэгцээг хангах нарийн төлөвлөгөө гаргах,
- Өвс тэжээлийн экспортыг түр хугацаагаар хязгаарлах /Нийт нутгийн 60 гаруй хувь ган зудтай байх төлөвтэй байгаа учраас дотоодын нөөцийг бүрдүүлэхийн тулд зогсоож байна/
- Отор нүүдлээр явах бэлтгэлийг хангаж, малчдад заавар зөвлөгөө өгөх, малчдын мэдээллийг цахимаар бүртгэж, гоц халдварт өвчнөөс сэргийлэх, бэлчээрийн маргаан гаргахгүй байх үүднээс анхаарах
- Бэлчээрийн даац, цаг агаарын төлөв, зудын эрсдэлийн талаар тогтмол олон давтамжтайгаар мэдээлэх
- Эрчим хүч дулааны эх үүсвэрийн талаарх бэлтгэлийг хангах
- Шатахууны нийлүүлэлтийг хийж, шаардлагатай бол бодлогын дэмжлэг авах асуудлыг танилцуулах
- Иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулт үзэгдлийн үед тусламж үзүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбарын санхүүжилтэд анхаарах гэх мэт 16 төрлийн ажлыг зохион байгуулж, УОК-ын дэд дарга Г.Аринбуянаар ахлуулсан ажлын хэсэг хяналт тавьж ажиллаж байна.
2025-2026 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа нь тодорхой байгаа учраас улсын болон орон нутгийн төсөвт нөөц хөрөнгийг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай байна. Ялангуяа аймаг, сумын хэмжээнд машиныхаа дугуйгаа ч нөхөж чаддаггүй байдалтай байдаг. Тиймээс аймаг, сумдад тодорхой төсөв хөрөнгийг зайлшгүй тусгах шаардлагатай. Шатахууны тогтвортой нийлүүлэлтийг баталгаажуулах шаардлагатай. ОХУ-ын баруун аймгуудын боомтоор орж ирдэг АИ-92 шатахууны хэмжээ багасч, долдугаар сард баруун аймгуудад АИ-92 шатахуун болон бусад шатахууны хангалт тасалдсан. Гэхдээ салбар яамнаас бүх зохицуулалтыг хийж, тасалдал үүсээгүй гэдгийг мэдээлсэн.
"БӨӨРӨЛЖҮҮТИЙН 2 ДУГААР БЛОКИЙГ АШИГЛАЖ ЭХЭЛВЭЛ ХЯЗГААРЛАЛТ ХИЙХГҮЙ"

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
-Энэ оны наймдугаар сарын 15-ны өдрийн байдлаар дулааны цахилгаан станцуудын үндсэн 69 зуухнаас ажилд 27, бэлтгэлд 18 байгаа бөгөөд 24 зууханд засварын ажил хийж байна. Мөн 49 турбогеноратороос ажилд 24, бэлтгэл ес, 16-д нь засварын ажил хийж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд их засварт 759 нэр төрлийн ажилд 154,9 тэрбум төгрөг, техник зохион байгуулалтын арга хэмжээний 436 нэр төрлийн ажилд 91,6 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын 598 төрлийн ажилд 185,5 тэрбум төгрөг гээд нийт 1793 нэр төрлийн ажилд 432,1 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн бөгөөд 2025 оны наймдугаар сарын 15-ны байдлаар 64 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 1,2 хувиар илүү байна.
2025-2026 оны өвлийн их ачааллын горим ажиллагааны үед оргил ачааллыг 12 дугаар сард 1800 мВт байх тооцооллыг гаргасан. Үүнийг дотоодын эх үүсвэрээс 1197 мВт, батеррей хуримтлуураас 160 мВт, салхин станцаас 30 мВт, импортоор 300 мВт-ыг хангаж, 113 мВт чадлын хөнгөлөлт, хязгаарлалт хийхээр байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 мВт-ын хүчин чадалтай хоёрдугаар блокийг 12 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд тус станц ашиглалтад орсноор ямар нэгэн хязгаарлалт хийхгүй болно. Өвлийн оргил ачааллын үед нүүрсний 15 хоногийн нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж, нийт 372,9 мянган тонн нүүрсний нөөц, 2000 тонн азотын нөөцтэй байна.
Харин зүүн бүсийн хэрэглэгчдийг цахилгаан дулаанаар хангадаг "Дорнод бүсийн эрчим хүчний систем" ТӨХК-ийн нүүрсний нөөц бүрдүүлэлт тасраад байна. Энэ нь тус станцад нүүрс нийлүүлэгч МАК ХХК нүүрс худалдах, худалдан авах гэрээг шинэчилж, нүүрсний үнийг нэмэгдүүлэн Эрчим хүчний зохицуулах хороо руу тогтоол авах хүсэлтэй холбоотойгоор нүүрсний нийлүүлэлт тасраад байна. Тарифыг нь дахин хянаж, зөвшилцөлд хүрэх шаардлагатай байна. Мөн Бөөрөлжүүтийн станцын хоёрдугаар блокийг 12 дугаар сарын эхний долоо хоногт ажиллагаанд залгах, БНХАУ-аас шаардлагатай тохиолдолд чадал импортлох боломжийг бүрдүүлэх 220 кВт-ын хуваарилах байгууламжийг аравдугаар сарын 1-нд хүчдэл залгах, үйлдвэр компаниудын өвлийн бэлтгэлийг цаг хугацаанд нь чанартай зохион байгуулах саналтай байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин:
-Нийслэл хотын агаарын чанарыг сайжруулах бүсийг 2025 оны долдугаар сарын 22-ны өдрийн Байгаль орчны сайд болон нийслэлийн Засаг даргын хамтарсан захирамж батлагдсан. Үүнд, ногоон бүсэд 103.090 өрх, шар бүсэд 67.765 айл өрх хамрагдаж, түүхий нүүрс түлэхгүй. Бид энэ жил хийн халаагуурын нэвтрүүлж эхэлнэ. Нийт 2025 онд таван хорооны 5000 өрхөд энийг суурилуулна. Тодруулбал, Гандан, Зурагт, Дэнжийн мянгын гурван хороо буюу Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны 1566 айл, 10 хорооны 1152, 11 дүгээр хорооны 926 айл, Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны 635 айл, 16 дугаар хорооны 550 айл хамрагдана. Үүнээс 3361 сууцны, 1468 айлыг газад холбоно. Бид айл өрхүүдийн байшингийн гадна фасадны дулаалгын энэ долоо хоногоос хийж эхэлж байна.
Хийн халаагуур зуухын шинэ он эхлэхээс өмнө дэлхийн нэртэй компаниуд руу санал хүргүүлсэн. Тэднээс БНХАУ-ын Haier болон Hisense компанийн Монголд зориулсан төхөөрөмжийг нийлүүлнэ. Одоо гэрээний шатандаа явж байгаа. Дараа долоо хоногоос үйлдвэрлэлийн шат руу орж, ирэх аравдугаар сарын 1-н гэхэд айлуудад холбож дуусна гэж төлөвлөж байна. Нэг өрхөд нийт 900 мянган төгрөгийн урамшууллыг олгоно. Шахмал түлш буюу БНХАУ-аас 51 мянган хөх нүүрс, аравдугаар сард 60 мянга, гээд нийтдээ 306 мянган тонныг оруулж ирнэ. Мөн "Тавантолгой түлш" ТӨҮК-ийн үйлдвэрлэж буй шахмал түлштэй хамт борлуулна. Нийт 400-аас ихгүй борлуулалтын цэгээр нэг бүрийн үнийг 25 кг шуудайг нь 5000 төгрөгөөр зарна. Хөх нүүрс, хийн түлшийг нэвтрүүлснээр агаарын бохирдлыг хамгийн багадаа 30 хувиар буурах тооцоолол байна. Гэр хорооллын агаарын бохирдол 45-50 хувиар буурна.
НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан:
-Өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийг дэмжих чиглэлээр арга хэмжээ авч эхэлсэн. Энхтайваны өргөн чөлөөнд 44 хяналтын камер, 30 замын цагдаа, 38 нийтийн тээврийн албан хаагчтай штаб байгуулан ажиллаж эхэллээ. Манай Энхтайваны өргөн чөлөөнд 52 чиглэлийн 624 автобус иргэдэд үйлчилдэг. Долоо хоногийн хугацаанд 2542 иргэнээс санал асуулга авч, наймдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаанд автомашины дугаарыг тэгш, сондгойгоор зорчуулах санал авч, 63 хувь нь дэмжсэн байгаа. Ирэх Даваа гаригаас эхлэн тэгш, сондгойгоор зорчино. Харин есдүгээр сарын 1-ний өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
- Энхтайваны өргөн чөлөөнд нийтийн тээврийн эгнээг бүрэн чөлөөлөх
- Нэгдүгээр эгнээнд машин байршуулж, хөдөлгөөнд саад учруулдаг 19 байршлын зөрчлийг арилгах
- Машины үзлэг оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй
- Явган хүний гарц дээр машины байршуулсан бол хариуцлага тооцох
- Түгээлт, хүргэлтийн машинд тавих хяналтыг сайжруулах
- Зориулалтын газар байршуулаагүй скүүтер, мопедыг түр саатуулах
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Эрчим хүчний сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, салбарт үүссэн аймгуудын асуудлыг шийдвэрлэнэ. Ирэх Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгож байна. Могойн голын уурхайтай холбоотой асуудлыг Г.Дамдинням сайд ажиллаж, танилцуул. Хүмүүсээ явж ажлаа хий. Булганы Засаг даргын ярьснаар уурхайнууд, цахилгаан станц дээр үүссэн өр төлбөрийн асуудлыг Сангийн яамнаас танилцуулмаар байна. Эрчим хүчний салбарын их засвар, техник, хөрөнгө оруулалтын ажлуудыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, хяналт тавьж, үр дүнг танилцуулж байхыг салбарын сайдад даалгаж байна. Өвлийн оргил ачааллын үед 15 хоногийн түүхий нүүрсний нөөц бэлтгэх, Бөөрөлжүүтийн хоёрдугаар блокыг хугацаанд нь ашиглалт оруулах шаардлагатай. Түгжрэлийг бууруулах бодитой арга хэмжээг авч хэрэгжүүлмээр байна. Нэг ч хүүхэд зам тээврийн аваар осолд өртөхгүй байх үүднээс анхаарч ажиллах ёстой. Хотын зоорины хүчин чадлыг нэмэгдүүлэх анхаарах хэрэгтэй. Бид ирэх долоо хоногоос хөрөнгө хураах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Өрөнд хураагдсан объект болон авлигын, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийн хөрөнгө хураах ажлыг АТГ-тай хамтран зохион байгуулна. Энэ жил өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа учраас отор нүүдэл хийх зураглал, урьдчилсан төлөвлөгөө гаргахыг аймаг, сумын дарга нарт даалгаж байна. Ган, зудын үнэлгээ хийх аргачлалаа өөрчлөх шаардлагатай байна
3,607.57






















































Холбоотой мэдээ