Ачаалж байна…
Ачаалж байна…
Дэлгэрцэцэг Дээгий

Даланзадгад, 2026 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн шилдэг шүлэгчийг шалгаруулах уламжлалт “Эгшиглэнт говь-2026” яруу найргийн наадмыг энэ сарын 25-нд зохион байгууллаа.
Тус наадам энэ жил 40 дэх жилдээ болж, тэргүүн байр, наадмын цомын эзнээр “Аниргүй хэл” шүлгээр Эрдэнэтөгсийн Санчир тодорлоо.
Наадмыг Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит болгон зохион байгуулснаараа онцлог байв.
“Эгшиглэнт говийн дуулал” төв ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, Өмнөговь аймгийн Төв номын сан, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газартай хамтран зохион байгуулжээ.
Өмнөговь аймгийн 15 сумын шүлэг, найраг сонирхогч, яруу найрагчдын дунд нээлттэй зохион байгуулсан тус наадамд 30 гаруй бүтээл ирүүлснээс хоёрдугаар шатанд 20 найрагч шалгарч, тайзнаа уран бүтээлээ толилуулсан юм.
Энэ жилийн наадамд залуу үеийн төлөөлөл түлхүү оролцож, найрагчдын бүтээлийн сэдэв, агуулга, уран сайхны илэрхийлэл, найруулгын ур чадварын түвшин ахисан нь өрсөлдөөнийг улам сонирхолтой болгожээ. Түүнчлэн шинэ залуу найрагчдын идэвх, оролцоо нэмэгдсэн нь аймгийн утга зохиолын залгамж халаа өсөн төлөвшиж буйн илрэл байв.
Наадмын хоёрдугаар шатанд шалгарсан найрагчид эхний шатанд их зохиолч Д.Нацагдоржид зориулсан “Сэдэв” шүлгээ, дараагийн даваанд чөлөөт сэдвийн бүтээлээ уншиж, уран бүтээлийн ур чадвар, яруу найргийн илэрхийлэл, сэтгэлгээний онцлогоороо өрсөлдсөн юм.
Улмаар тэргүүн байрт “Аниргүй хэл” шүлгээр Э.Санчир шалгарч, наадмын цом хүртсэн бол дэд байрт “Гүн цэнхэр дорно” шүлгээр Б.Тогмид, гуравдугаар байрт “Ардын дуу” шүлгээр Т.Энх-Эрдэнэ, дөрөвдүгээр байрт “Амьдрах учиг” шүлгээр У.Наранбаяр, тавдугаар байрт “Охиндоо” шүлгээр Ц.Чулуун-Эрдэнэ нар шалгарлаа.
Мөн их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит “Нацагдорж” тэмдгээр Даланзадгад сумын 4 дүгээр сургуулийн 11Б ангийн сурагч Б.Цэцэгдэлгэр, С.Үүрийнтуяа, Даланзадгад сумын 1 дүгээр сургуулийн 11Б ангийн сурагч У.Наранбаяр нар шагнуулжээ.
Наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд Өмнөговь аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга Т.Мөнгөнтуул, аймгийн Төв номын сангийн дарга А.Одончимэг, тус номын сангийн дэргэдэх “Их говийн дуулал” утга зохиолын дугуйлангийн багш, СТА, Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Т.Батхүрэл нар ажилласан юм.
Өмнөговь аймагт “Эгшиглэнт говь” яруу найргийн наадмыг 1987 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд говь нутгийн зохиолч, яруу найрагчдын бүтээлийг олон нийтэд хүргэх, шинэ залуу авьяастныг нээн илрүүлэх, орон нутгийн утга зохиолын өв, уламжлалыг түгээн дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буй соёлын үйл ажиллагаа билээ.