Нийслэлийн алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд наймдугаар сард хоёр удаагийн дуудлага худалдаагаар нийслэлийн алдагдсан өмчийг худалдах ажлыг нийслэлийн Өмчийн харилцааны газраас зохион байгуулахаар болжээ. Дурдвал, “Баруун Сэлбэ” үйлчилгээний төв буюу хуучнаар Нарны Титэм барилгын “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах "Улаанбаатар Радио" ХХК-д хамаарах нийт 1222 ам метр талбайг наймдугаар сарын 25-нд дуудлагаар худалдах юм. Мөн Улаанбаатар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр тухайн байршил нь өндөр барилга барих боломжтой бүсэд хамаардаг тул 19 болон түүнээс дээш давхартай барилгын төсөл хэрэгжүүлэх боломжтой. Уг объектын дуудлага худалдаанд оруулах анхны үнийг 1,920,014,738.00 төгрөг байхаар тогтоосон бөгөөд дэнчин нь 192,001,473.80 төгрөг байна.
Мөн энэ хүрээнд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3, 4 дүгээр хороололд байрлах Шуудангийн 24 дүгээр салбар буюу Гар утас худалдааны төвийн барилгын нэгдүгээр давхрын 198 ам метр талбайг өнгөрсөн оны нэгдүгээр сард нийслэл өмчдөө буцаан авч, нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар болсон. Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг энэ сарын 25-ны өдрийн 10:00 цаг хүртэл нийслэлийн Өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнд хүлээн авч байна. Уг объектын дуудлага худалдаанд оруулах анхны үнийг 769,377,475.50 төгрөг байхаар тогтоосон байна. Ийнхүү өнгөрсөн оны нэгдүгээр сард нийслэл өмчдөө буцаан авч, 28-30 түрээс эзэмшигчтэй шууд гэрээ байгуулан, 20 сая төгрөгийн орлогыг нийслэлд шууд төвлөрүүлж байжээ. Тус барилга нь 1981 онд үйлчилгээний зориулалтаар баригдаж, ашиглалтад орсон. Цутгамал бетон суурь, угсармал төмөр бетон хучилттай, тоосгон ханатай, вакум цонх, шилэн хаалгатай, төвлөрсөн дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны шугам сүлжээнд бүрэн холбогдсон.
Одоогоос жилийн өмнө Хангарьд ордныг, газартай нь 13.7 тэрбум төгрөгөөр үнэлж байсан. Нийслэлийн өмчид байсан "Хангарьд" ордныг төрийн өмчийн Улсын дээд шүүхэд шилжүүлсэн. Ингэхдээ улсын бүртгэл дээрх 13.7 тэрбум төгрөгийн үнэлгээгээр шилжүүлэх саналтайгаар НИТХ-аар дэмжсэн юм. Хуулиараа нийслэлийн өмчийн эзэн нь НИТХ байдаг. Энэ барилгыг хувьчлах, арилжаалах зорилгогүй учраас улсын бүртгэл буюу балансын үнэлгээгээр орон нутгийн өмчөөс төрийн өмч рүү шилжүүлсэн гэсэн үг. Цаашид барилгын зах зээлийн үнэлгээг нэмэх боломж журмаараа Улсын дээд шүүхэд бий гэж албаныхан мэдэгдэж байсан.
Харин 2020 оноос хойш нийслэлийн хэмжээнд төрийн өмчит газрыг худалдаалах дуудлага худалдаа зохион байгуулагдаагүй аж. Энэхүү дуудлага худалдаанаас олсон орлогыг санхүүжилт нь шийдэгдэхгүй байгаа сургууль, цэцэрлэгийг барих бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрт зарцуулдаг гэх мэдээллийг нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа хэллээ.
Үүнээс гадна өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэлийн өмчид шилжүүлж авав. Түүнчлэн 2008 оноос хойш нийслэлээс 4.6 тэрбум төгрөг зарцуулан тус хүрээлэнд тохижилт, урсгал засвар хийсэн ч энэ хугацаанд 49 хувийг эзэмшиж буй нийслэлд зөвхөн 32.7 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилжээ. Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх спортын зориулалтаар олгосон 38.6 га талбайтай байсан ч өнөөдөр 12.6 га газар эзэмшилд нь үлдээд байв. Тэгвэл “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн хувийн өмчийн хувьцааны хууль ёсны өвлөгчид өвлөх эрхээсээ татгалзах хүсэлт гаргасныг үндэслэн өр төлбөрт суутган тооцох хэлцэл хийж, Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлж авсан байдаг. Энэ мэтчилэн нийслэлийн алдагдсан өмчийг эргүүлэн авах, хууль бус өмчийн ашиглалтыг таслан зогсоох ажил үргэлжилж байна.
3,607.57















































