Улаанбаатар хотод анх кино театрын зориулалтаар баригдсан хоёр барилгын нэг нь "Ард" кино театр. Анхны нь одоогийн Хөрөнгийн биржийн барилга юм. Энэ театр 1930 онд ойролцоох барилгад үйл ажиллагаагаа эхлүүлж, үүдээ нээсэн түүхтэй. Харин одоогийн барилгыг 1965 онд Болгар улсын тусламжаар баригдсан гэдгийг судлаачид хэлдэг. Гэвч өнөөдөр энэ барилга түүх болон үлдэх нь ээ.
Учир нь хуучин кино театрын барилгыг нурааж, 25 давхар өндөр шилэн барилга барих гэж байна.
Болгарын төрийн шагналт архитектор Хадживанев гэдэг хүн "Ард" кино театрын ерөнхий төлөвлөлтөд анхаарал тавин ажилласан гэдэг. Тус кино театр 400 хүний суудалтай үзвэрийн хоёр танхимтайгаар үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Өнгөрсөн 20 гаруй жилийн турш театрын байрыг банк, автомат тоглоомын төв, ломбард, канон, зурагчин, нотариат зэрэг үйлчилгээний байгууллагуудад зориулалтын бусаар түрээслүүлж байсан юм.
"КИНО ТЕАТРЫН БАРИЛГА ИРГЭН Д.СОСОРБАРАМЫН ӨМЧ БИШ БОЛСОН"
Энэ талаар "Од театр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Төгөлдөрөөс зарим зүйлийг тодрууллаа.
-Танайх ямар үйл ажиллагаа явуулдаг компани вэ. "Ард" кино театрын газрыг хэдэн онд худалдаж авсан бэ?
-Манай хөрөнгө оруулагч компани нь IBC гэх 4-5 хүн хувьцаа эзэмшдэг монгол залуус нэгдэж, үүсгэн байгуулсан компани бий. Бид "Од театр" ХХК-ийг 2021 онд худалдаж авахдаа үл хөдлөх хөрөнгө болон газрын эрхийг нь шилжүүлэн авсан. Бид 2022 онд шинээр барих барилгынхаа А даалгавар, загвар зургаа батлуулсан.
Тэгээд 2025 онд Барилгын хөгжлийн төвөөр ажлын зургаа батлуулж, хууль журмын дагуу бүх бичиг баримтаа бүрдүүлсэн.
Одоо шинэ барилгаа барьж эхлэхээр хуучин кино театрын барилгыг буулгах зөвшөөрлөө хүсээд байна. Ингэхийн тулд иргэдийн аюулгүй байдлыг хангасан түр хашааг татсан байх шаардлагатай. Одоо барилга угсралтын ажлаа үргэлжлүүлж байна.
-Хуучин кино театрын суурин дээр ямар зориулалттай барилга барих вэ. Кино театр дотор нь байгуулахаар төлөвлөсөн гэсэн үү?
-Манай компанийн өмчлөлтэй эдэлбэр газар нь 3592 м.кв талбайг хамардаг. Үүнээс 1464 м.кв талбайд нь буюу "Ард" кино театрын суурин дээр 25 давхар барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн.
Шинэ барилга нь доошоо гурван давхар автомашины грааштай, үйлчилгээ оффисын зориулалттай байх юм.
Барилгын 2-3 давхарт нь хүүхэд, залуучуудад зориулсан кино театрыг байгуулахаар зураг төслөө батлуулсан. Хуучин "Ард" кино театрын барилга нь дүүрэг болон нийслэл, улсын соёлын өвд бүртгэгдээгүй барилга юм билээ.
-Барилгын хашааг татахдаа олон нийтийн зориулалттай ногоон байгууламжийг оруулсан юм бэ. Энэ талбайд хүмүүс сууж амардаг. Хотод маань ногоон байгууламж тун цөөн байдаг шүү дээ. Барилга ашиглалтад ороход өөр зориулалтаар ашиглах вий гэх хардлага төрж байна?
-Хашаалчихсан байгаа ногоон байгууламжийн хэсгийг төсөл хэрэгжүүлэх хугацаандаа ашиглана. Төсөл дуусахад ногоон байгууламжийг шинэчлэн тохижуулж, олон нийт амарч суух талбайг хэвээр үлдээнэ. Нийслэлээс 2022 онд баталсан зураг төсөл дээр ногоон байгууламжийг шинэчлэн байгуулахаар тусгасан. Тэр дагуу бид ажлыг гүйцэтгэх болно.
-Нийт 25 давхар барилгыг хэдэн жилийн хугацаанд барьж дуусгахаар төлөвлөсөн бэ?
-Төслийг 3-4 жилийн хугацаанд барьж дуусгана. Бид 2021 онд энэ газрыг нэлээд өндөр өртгөөр худалдаж авсан. Нарийн тоог нь шууд хэлэх боломжгүй.
Өнөөдрийг хүртэл ажлуудад чамгүй хөрөнгө мөнгө зарцуулсан.
Одоо энэ газар 100 хувь манай компанийн өмч. Иргэн Д.Сосорбарамын өмч биш болсон.
СУДЛААЧ: КИНО ТЕАТРЫН БАРИЛГЫГ СОЁЛЫН ӨВД БҮРТГҮҮЛЭХИЙГ ЗӨВШӨӨРӨӨГҮЙ
Энэ барилгын талаар хот судлаач Г.Очбаяраас тодруулахад "Ард" кино театрын барилга анхнаасаа соёлын өвд бүртгэлгүй байсан. Учир нь холбогдох хуульд хувийн өмчийг соёлын өвд бүртгэж авахын тулд өмчлөгчөөс нь зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Тэгээд 2015 онд барилгыг соёлын өвд бүртгүүлэх гэсэн боловч зөвшөөрөл өгөөгүй. Анх "Ард" кино театр 1935 онд байгуулагдаж, одоогийн байр нь хэд хэдэн удаа шинэчлэгдсэн байдаг. Занабазарын музейн урд байгаа Христийн сүмийн барилгад анх "Ард" кино театрыг байгуулсан түүхтэй.
Харин "Ард" кино театрын барилга нь 1990-ээд онд хувьчлагдаж, иргэний өмч болсон. Ингэхдээ кино театрын өмнөх ногоон байгууламжийг нь давхар өгсөн байна лээ. Одоо энэ барилга хэний ч өмч байж болно. Үүнийг нийслэлийн удирдлагууд анхаарч, бодлогоор хамгаалах хэрэгтэй. Хотын захиргаа Бага тойруу буюу хотын төвийн барилгаа аварч хамгаална гэсэн мөртлөө нөгөө гараараа нураах зөвшөөрөл өгсөөр байгаа нь харамсалтай. Гол бодлого барьж байгаа газар нь хуулиа хэрэгжүүлж чадахгүй, зөвшөөрөл өгөөд байна. Хотынхоо түүхэн орон зайг хамгаалж үлдэх ёстой" гэсэн юм.
Холбоотой мэдээ