Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан болон холбогдох албан тушаалтнууд өчигдөр /2025.08.15/ Говьсүмбэр аймагт ажиллав. Улмаар аймгийн удирдлагуудтай уулзаж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөлтэй танилцаж, аймагт тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх талаар санал солилцсон юм. Энэ үеэр тус аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланд хандан дараах саналыг илэрхийлэв.

Тодруулбал, тус аймгийн Сүмбэр сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт байрладаг халаалтын нэгдүгээр зуух 1989 онд, хоёрдугаар зуух 1988 онд, гуравдугаар зуух 1957 онд ашиглалтад орсон бөгөөд 36-68 жилийн насжилттай дээрх гурван зууханд өргөтгөл шинэчлэлт засвар үйлчилгээ хийх шаардлагатай болжээ.
Тиймээс шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэж өгөхийг хүсэв. Засаг дарга Т.Бат-Эрдэнийн саналыг ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан шийдвэрлэхээ илэрхийлж, хурдан шуурхай уялдаа холбоотой ажиллахыг үүрэг болгов.
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ТӨВИЙН БОХИР УС ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 75 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны сайд Э.Бат-Амгалан өчигдөр /2025.08.15/ Говьсүмбэр аймагт ажиллав. Энэ үеэр тус аймгийн төвийн бохир ус цэвэрлэх байгууламжийн өргөтгөл шинэчлэх, шинээр барих төслийн гүйцэтгэл, хэрэгжилтийн үйл явцтай танилцав. Уг төсөл нь БНПУ-ын 3.25 сая Еврогийн хөнгөлттэй зэээлийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар барилга, шугам сүлжээний угсралтын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Смарт вэйст технолоджис” ХХК, барилга угсралтын гүйцэтгэгч компаниар “Грөвинг Валю” ХХК тус, тус ажиллаж байна. Хоногт 2000 м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг ирэх есдүгээр сард улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа талаар талбайн инженер Б.Цэрэндулам онцлов.
ХББОС-ЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН "УС-ДУ" ОНӨААТҮГ-ЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦАЖ, ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өчигдөр /2025.08.15/ Говьсүмбэр аймгийн “УС-ДУ” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын /ОНӨААТҮГ/ 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын тайлантай танилцав. “УС-ДУ” ОНӨААТҮГ нь 2025 онд 1615 айл өрх, 30 төсөвт байгууллага, 96 ААН байгууллагын хэрэглэгчдийг ус дулаан хангамжаар хангажээ.
Тус газар нь өвөлжилтийн бэлтгэл хангахаар 32 нэр төрлийн ажил төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 100 хувийн биелэлттэй 10 ажил 50-67 хувийн биелэлттэй 5 ажил байна. Төлөвлөгөөний нийт гүйцэтгэл 58 хувьтай үргэлжилж байгаа талаар “УС-ДУ” ОНӨААТҮГ-ын захирал Б.Ганзориг танилцуулгадаа дурдав.

Тус аймгийн нийт шугам сүлжээний 50 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй болжээ. Тиймээс аймгийн төвийн дулаан хангамжийн эх үүсвэрийн өргөтгөл шинэчлэлт хийх, Ганзам багийн 1,2,3 дугаар зуухны насжилт өндөртэй шугам сүлжээг өргөтгөх шинэчлэх ажлын хөрөнгийг шийдвэрлэх шаардлагатай болсон гэв.
ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан дээрх асуудлыг шийдвэрлэх хөрөнгө мөнгийг холбогдох байгууллагуудтай хамтран ирэх оны төсөвт суулгах талаар ярилцана гэдгээ илэрхийлээд салбар яамтай уялдаа холбоотой, хурдан шуурхай ажиллах үүрэг чиглэл өглөө.
3,607.57















































