niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-25 17:01 UTC Source: https://news.mn/r/2816486/ e301c8c367693e20… ← back to niitlelch.mn

Гантай сумдын малчдыг өөр бүсээс хадлан бэлтгүүлнэ

Хуучирсан мэдээ: 2025.08.13-нд нийтлэгдсэн

Гантай сумдын малчдыг өөр бүсээс хадлан бэлтгүүлнэ

Гантай сумдын малчдыг өөр бүсээс хадлан бэлтгүүлнэ

Баруун болон төвийн бүсийн аймгуудын малчид хадлан, тэжээл бэлтгэх ажилдаа гарчээ. Хадлан тэжээлийн гарц болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар баруун аймгуудын Засаг дарга болон Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нараас тодрууллаа.


ХОВД АЙМАГ 300-500 МЯНГАН ТОНН ӨВС БЭЛТГЭНЭ

Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа:

-Ховд аймгийн хувьд хадлан тэжээл бэлтгэх ажил долдугаар сарын сүүлчээр эхэлсэн. Ажлын явц ид дундаа үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногт аймгийн Онцгой байдлын комисс хуралдаж хот суурин газар, малчдын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлыг зохион байгуулж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил хангах хоёр ажлын хэсэг гарч шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Манай аймгийн хувьд жилдээ 180-200 мянган тонн өвс бэлтгэж, хурааж авдаг. Харин энэ жилийн хувьд зуншлага сайн байсан тул хадлан тэжээлийг төлөвлөгөөт дүнгээс давуулан бэлтгэхээр боллоо. Нэг үгээр манай аймаг сумд 300-500 мянган тонн өвс бэлтгэхээр зорьсон. Аймгийн Засаг даргын хувьд нөөц бэлтгэх ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байгаа. Харин хаяа залгаа аймаг, сумдын хувьд хадлан тэжээлийн нөхцөл байдал хүндрэл үүссэн байна.

Ховд аймгийн хувьд 3.5 сая толгой малтай, онд орохгүй малаа мах нядалгааны газар өгч нөөцийн мах бэлтгэх ажил яригдаж байгаа. Үүнээс гадна нийслэл Улаанбаатар хотод оршин сууж байгаа нутгийн иргэдэд мах борлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ХАДЛАН МУУ БАЙНА

Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан:

-Баян-Өлгий аймгийн хувьд малчид хадлан тэжээлээ хураахаар гарсан. Манай аймаг жилд 58-64 мянган тонн хадлан тэжээл бэлтгэж ирсэн. Гэвч энэ жил өмнөх жилийн хэмжээнд хүрэхээргүй боллоо. Учир нь сумдын мэдээллээр 60 хувь бага хадлан тэжээл бэлтгэх урьдчилсан төлөв гарлаа. Хадлан тэжээлийг ихэвчлэн гол дагасан газраас бэлтгэдэг.

Энэ жил Баян-Өлгий аймгийн хэмжээнд хур тунадас бага орсон учир голын ургац олон жилийн дунджаас бага түвшинд хүрсэн нь хадлан тэжээлд бэлтгэхэд сөргөөр нөлөөллөө. Иймд аймгийн Засаг дарга болон аймгийн онцгой байдлын коммис ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Хадлан тэжээл, малчдын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 40 мянган тонн хадлан, тэжээл бэлтгэх ёстой гэх урьдчилсан төлөв байгаа. Тиймээс аймгийн хэмжээнд 470 мянган тонн хадлан тэжээл шаардлагатай гэж үзсэн. Харин үүнээс 40 гаруй мянган тонн өвсийг малчид  өөрсдөө хадаж бэлдвэл үлдсэн 400 мянган тонн өвсийг дотоод, гадаадын зах зээлээс нийлүүлэх шаардлага тулгарсан. Баян-Өлгийн аймгийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2.8 сая толгой малаас 2 сая толгой мал өвөлжих юм. Үүнээс 800 мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, мах бэлтгэнэ гэсэн тооцоололтой байгаа. Үүнээс гадна онд орохоор төлөвлөсөн малын 50 гаруй хувийг нэмэлт тэжээлээр хангахаар болсон.

ТӨВ АЙМАГТ 8.9 САЯ ТОЛГОЙ МАЛ ӨВӨЛЖИНӨ

Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Л.Даваасүрэн:

-Төв аймгийн 27 сумаас 9 сум нь газар тариалангийн бүсэд хамаардаг. Энэ жилийн хувьд зарим газар тариалангийн сумд хур тунадас бага орсон учир өвс тэжээл бэлтгэх ажилд саад тулгарсан. Тухайлбал, газар тариалангийн бүсээр хур тунадас бага орсон нь ургац хураалт болон хадлан тэжээлд нөлөөлж байна.

Одоогийн байдлаар хадлан тэжээлийн бэлтгэх ажил гурван суманд хийгдэж байна. Аймгийн хэмжээнд 8.9 сая толгой мал өвөлжих урьдчилсан мэдээлэл гарсан. 2025-2026 оны өвөл Төв аймгийн хувьд 149 мянга гаруй тонн өвс бэлдэх чиглэлийг 27 суманд өгсөн. Харин гар тэжээл 52 мянган тонн, ногоон тэжээл 8900 тонн шаардлагатайг мэдэгдсэн.

Аймгийн Засаг дарга болон Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нар салбар яаманд хүсэлт хүргүүлсэн. Тухайлбал, гандуу сумдын малчдыг хадлан тэжээл бэлтгэх боломжтой бүс нутгийн руу явуулсан. Үүнд, Дорнод, Хэнтий аймагт гурван ажлын хэсэг ажиллаж 40 гаруй салаагаар хадлан тэжээл бэлтгэх ажлыг наймдугаар сарын 20-ний өдрөөс эхлэх төлөвтэй байна.

Төв аймгийн хадлан тэжээлийн санд өнгөрөгч 2024 оны нөөцөөс тодорхой хэмжээний үлдэгдэл бий. Аймгийн нөөцөд 250 мянган тонн өвс, ногоон тэжээл 5000, үйлдвэрийн тэжээл 50 гаруй тонн тэжээлээ энэ ондоо ашиглана.

А.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж