Үе, үеийн Засгийн газар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн амьдралын хар ухаанд нь найдсаар Дулааны III цахилгаан станцаа зогсоох хэмжээнд хүргэснээс энэ өвлийг нийслэлчүүд хөлдчихгүй давж чадах уу гэдэг асуулттай тулгараад байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар Дулааны III цахилгаан станцад осол гарсны дараа “Нойр ч хүрэхгүй байна” гэж учирласан нь арга нь мухардсан хүний л үг юм. Учир нь, жилээс жилд Монгол Улсын эрчим хүч, дулааны эрэлт өсөн нэмэгдэж, эх үүсвэрийг шинээр барьж ашиглалтад оруулах шаардлага тулгарч байсан цаг үед нийслэлийн зүрх Дулааны III цахилгаан станцад өнгөрсөн зургадугаар сард осол гарсан нь мууд муухай, муухайд улцан гэгч болж буй.
Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх тус станцын нийт тоноглолын 70 хувь ашиглалтын хугацаа нь дууссан тул цаашид засвар хийж, насжилтыг уртасгах боломжгүй гэж мэдэгдсэн. Иймээс станцын үйл ажиллагаа хэдийд ч доголдох эрсдэлтэй бөгөөд ойрын хугацаанд шинэ эх үүсвэрийг барьж, ашиглалтад оруулах нь Монгол Улсын хувьд нэн тулгамдсан зорилт юм. Иймээс Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд зарлагдсан дулааны V станцыг барих сонгон шалгаруулалтыг чих тавин чагнаж, гүйцэтгэгч нь хэл амгүй шалгарахыг хүсэж буй юм.
Нийслэлээс зарласан уралдаант шалгаруулалтад заасан хугацаанд багтаан нэр бүхий хоёр компани материалаа ирүүлсэн нь “Митайм Интернэшнл” ХХК, “Шунхлай Холдинг” ХХК юм.
Тодруулж хэлбэл, дээрх хоёр компаниас хамгийн өндөр үнэлгээ авсан оролцогч нь түншлэлийн гэрээ байгуулснаар ажил эхлэх юм. Энэ ажил ирэх есдүгээр сард багтан шийдэгдэх төлөвтэй байна.
Төлөвлөсөн ёсоор Дулааны V станцыг нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, II цахилгаан станцын үнсэн сангийн дэргэд барина. Гэрээг үзэглэснээс хойш 30 сарын хугацаанд буюу 2.6 жил орчмын хугацаанд барьж, ашиглалтад оруулах нөхцөлтэй.
Тус станцыг ашиглалтад оруулснаар шинээр 40 мянган айлыг дулаанаар, 100 мянган өрхийг цахилгаанаар хангах боломж бүрдэнэ.
Товчхондоо, дутагдаж буй хэрэгцээний багагүй хувийг нийлүүлж, эрчим хүчний хэрэглээний импортыг бууруулах өгөөжтэй гэдгээрээ ач холбогдолтой. Нийт өртөг нь 658 сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар 2.27 их наяд төгрөг. Үүний 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэл гаргана. Уг станц нь 300 мВт цахилгаан эрчим хүч, 340Гкал/цаг дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Түүнчлэн CFB зуух, агаарын хөргөлттэй, олон шатлалт агаар бохирдлын хяналттай байгальд ээлтэй технологийг ашиглах юм.
Уралдаант шалгаруулалтад материалаа ирүүлсэн дээрх нэр бүхий хоёр компанийн хувьд тодотгоход “Митайм Интернэшнл” ХХК нь Камбожийн хаант улсад бүртгэлтэй, 2018 онд байгуулагдсан. Монгол дахь оффисоороо дамжуулж эрчим хүчний төслүүдэд оролцдог байна. Тодруулбал, өмнө нь Завханы Тосонцэнгэлийн дулааны станцын зөвлөхөөр ажиллаж байсан. Тавантолгой дулааны цахилгаан станц төслийн 300 мВт төслийн гүйцэтгэгчээр тодорч байсан ч сонгон шалгаруулалтад асуудал үүссэнээр эрх нь цуцлагдаж байжээ. “Шунхлай Холдинг” компанийн хувьд үндэснийх бөгөөд эрчим хүчний төсөлд анхлан оролцож байна гэж тодотгож болно. Аль нь ч шалгарсан байлаа гэхэд Дулааны V станцыг төлөвлөсөн хугацаанд барьж ашиглалтад оруулах нь хамгаас чухал.
Учир нь уг станцыг барьж байгуулах асуудал сүүлийн 20 орчим жил яригдаж, үе, үеийн Засгийн газар шийдвэр гаргаж ирсэн ч бүтэлгүйтэж ирсэн төсөл юм.
Тодруулбал, хамгийн анх буюу 2007 онд тус станцыг Улиастайн аманд барих шийдвэрийг тухайн үеийн Засгийн газар гаргасан ч судалгаа хийж үзэхэд газар хөдлөлтийн идэвхтэй бүс гэх дүгнэлт гарснаар газрыг өөрчлөх шаардлага үүссэн.
Үүний дараа Ургах наран хороолын урд талын автозам болон төмөр замын хооронд Хөлийн голын хөндийд 43 га газарт тус станцыг барих шийдвэр гарсан ч мөн л өөрчилж, II цахилгааны станцын дэргэд байгуулахаар шийдвэрлэсэн юм. Олон ч Засгийн газрын нүүр үзэн, гараас гарт дамжсаар ирсэн эл төсөл хэрэгжвэл Монгол Улс цахилгааны эх үүсвэрээс бусдаас хараат явж ирсэн асуудал буурах төдийгүй үйлдвэрлэл хөгжих боломжтой болно.
Г.ХОРОЛ
3,607.57

















































Холбоотой мэдээ