niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-25 17:04 UTC Source: https://news.mn/r/2816212/ 228a6f324254d0c1… ← back to niitlelch.mn

Хахир өвөлдөө бэлдэцгээнэ үү, малчид аа!

Хуучирсан мэдээ: 2025.08.11-нд нийтлэгдсэн

Хахир өвөлдөө бэлдэцгээнэ үү, малчид аа!

Хахир өвөлдөө бэлдэцгээнэ үү, малчид аа!

Улсын онцгой комисс, Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх өвөл маш хүйтэн, хахир хатуу болох төлөв гарсан тул мал хуйгаа багасгаж, хадлан тэжээлээ сайтар бэлтгэхийг анхааруулж эхэлсэн ч малчид тун тоомжиргүй хандсаар… Хадлан тэжээлээ базаахаар гарсан нь тун цөөн байна. Олонхи нь найр наадам хэсэн, аймаг, сум дамжин давхилдсаар… Аймаг, сумын удирдлагуудад ч өвөлд санаа зовж буй шинж алга,  малчдын нэгэн адил найр наадмын ард гарчихвал өвлийг давчих мэт амгалан царайлсаар…

Улсын онцгой комиссоос мэдээлснээр энэ жил нийт нутгаар хур бороо бага орж, хуурайшилт ихэссэнээс 200 гаруй сум гантай байна.

Мэргэжлийн байгууллагын хийсэн судалгаагаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 0.5 хувь нь маш хүчтэй гантай, 3.2 хувь нь хүчтэй гантай, 9.9 хувь нь гантай, 18.7 хувь нь гандуу, 67.6 хувь нь гангүй хэвийн зуншлагатай байна. Гангийн зураглалаас үзэхэд Увс, Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул аймгийн ихэнхи, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Сэлэнгэ аймгийн зарим сумдад гантай болон гандуу байна. Нийт 320 гаруй сумаас 200 гаруй нь гантай байна гэдэг нь маш муу мэдээ. Уржнан зунаас ч муу зуншлага болж байна гэж хэлж болно. Гэтэл гантай аймаг, сумын удирдлагуудад ч өвөлд санаа зовж буй шинж алга.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны мэдээгээр энэ жил гангийн улмаас ургац их хэмжээгээр алдаж эхэлсэн нь малын тэжээл импортолж болзошгүйг сануулж буй юм.

Гэтэл УИХ-аар өнгөрсөн зургадугаар сард импортоор орж ирэх гурил, тэжээлд Гаалийн албан татвар ногдуулах хуулийн төслийг баталсан. Энэхүү хуулиа дахиад хүчингүй болгох уу гэдэг асуудал сөхөгдөж эхэлж байна.

Ер нь цаг уурын байгууллагаас өвөлжилт хүндэрч болзошгүйг эртнээс анхааруулдаг ч хүлээж авдаг малчин, нутгийн удирдлага цөөн.

Анхны цаснаар л “Авраарай туслаарай” болцгоодог.  Хураасан, бэлтгэсэн өвс, тэжээл байхгүй.  Хашаа саравч нь мал амьтан тогтохын аргагүй  нөмөр нөөөлөггүй.

Байгальд л бүх малаа даатгаж ирсэн. Цас дарж мал бэлчээрлэх боломжгүй болохоор өвс  тэжээл зээлээр ч болов өгөөч гэж царайчилна.  Аймаг, сумын нөөцөд бэлтгэсэн өвс тэжээл байдаг ч юм уу, үгүй ч юм уу, анхны цаснаар шахам л Улсын комисс нь Улаанбаатар хотоос хэдэн арваар нь машин хөдөлгөн, өвс тэжээл, гурил будаа тээвэрлэн орон нутгийг зорино.  Нутгийн зөвлөлүүд ч хандив тусламжийн аян өрнүүлэн, машин машинаар нь өвс тэжээл ачин нутгаа зорино. Өнөөх хэдэн малчид нь хүний мал, улсын мал маллаж байгаа аятай аяглана.  Орон нутгийн удирдлагууд ч ялгаагүй, Улсын онцгой комиссыг л бүх зүйлийг зохицуулах ёстой юм шиг аашилцгаана. Тойргоосоо УИХ-д сонгогдсон гишүүд рүүгээ утас цохин, өвс тэжээл Улсын онцгой комисс шийдэж өгөхгүй байгаа мэт алтан хошуу өргөнө. Өнөөдүүл нь ч сүр дуулиантай Улсын онцгой комиссынхноо загнана, зандарна. Угтаа бол халуун зунаас л өвөлжилт хүндэрч болзошгүйг сануулж байхад тойргийнхонтойгоо уулзаж байх үеэрээ хадлан тэжээлээ сайтар бэлтгэхийг сануулж хэлэх хүмүүсийн нэг атлаа энэ талаар ганц үг ганхийхгүй хэрнээ асуудал үүсэхэд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Улсын онцгой комиссыг арга хэмжээ авсангүй гэж аашилцгаах нь бий.

Эцэст нь өвөлжилт хүндэрсэн, шилэн зуд, төмөр зуд болсон гэцгээн татвар төлөгчдийн мөнгийг хэдэн зуун тэрбумаар нь зарцуулдаг жишиг тогтсон.

Т ухайлбал, уржнан жил болсон зудыг даван туулахын тулд хэдэн арван тэрбумаар нь мөнгө цацсан. Үргэлжлүүлээд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлснээр одоогоор 769 тэрбум төгрөгийн зээлийг 22691 малчинд олгоод байна. Хоршоонд нэгдсэн малчин дээд тал нь 50 сая төгрөг хүртэлх зээл авах боломжтой. Жилийн хүү нь зургаан хувь тул малчны зээлтэй харьцуулахад хүү бага. Дээр нь улсаас 100 хувь батлан даалтыг нь хариуцдаг. Анхны зорилго нь малчид нэгдэж малын түүхий эдийг анхан шатанд боловсруулан нэмүү өртөг шингээн үйлдвэрлэл хөгжүүлэх, нөгөө талдаа малчид малын хашаа саравчаа шинэчлэх, малын үүлдэр угсаагаа сайжруулах зорилготой байсан ч эцэс сүүлдээ машин болж хувирсан мэдээлэл бий.

Импортоор орж ирэх автомашины тоо эрс өссөнийг “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр дамжуулан гаргасан зээлтэй уядаг. Иймээс нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр өнгөрсөн хугацаанд олгосон 800 орчим тэрбум төгрөгийн зээл үр дүнгээ өгсөн эсэхийг энэ өвөл шалгах болж байна.

Зээлийг үр дүнтэй ашиглаж чадсан нь өвлийг өнтэй давна, ашиглаж чадаагүй нь өвс тэжээлээ гуйдгаараа гуйж, хүний төлөөнөөс амьдарч байгаа мэт л аашилцгаана даа.

Уг нь хатуу өвөл ирэх дохиог эртнээс өгөөд байхад хаа, хаанаа анхаарч, бэлтгэл хангаж чаддагсан бол цас зудыг ажралгүй давсан малчид олон бий. Харамсалтай нь, өмнөхөөсөө сургамж авдаггүй, хатуухан өвөл бүрийн бурууг "зудад" наадаг сэтгэхгүйгээс нь болж амьжиргаа нь ч дээшлэхгүй, мал аж ахуй ч хөгжихгүй, буурин дээрээ эргэсээр хэдэн арван жилийг өнгөрөөв. Эцсийн эцэст төр бөөцийлөх тусамж малчид даварсаар татвар төлөгчид л нуруугаа авахуулж гүйцэж байна даа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
9
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж