niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 17:33 UTC Эх: https://news.mn/r/2815750/ bd13e64356284aa2… ← niitlelch.mn руу буцах

Шинэ засгийн шинэхэн томилгоонууд

Хуучирсан мэдээ: 2025.08.07-нд нийтлэгдсэн

Шинэ засгийн шинэхэн томилгоонууд

Шинэ засгийн шинэхэн томилгоонууд

Намрын чуулган эхлэхийн өмнө эрх баригчид хэд хэдэн томилгоо хийв. Тодруулбал, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дүгэржавыг Ерөнхий сайд Г.Занданшатараас өгсөн үүргийн дагуу чөлөөлсөн бол СЭМҮТ-ийн захирал Г.Анхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа тухай Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Мягмар гаригт /2025.08.05/ мэдээлсэн. Энэ мэт удирдлагын түвшинд хийсэн томоохон томилгоонуудыг нэгтгэн танилцуулж байна.


“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” КОМПАНИЙН ЗАХИРЛААР Х.ПҮРЭВЖАРГАЛЫГ ТОМИЛОВ

“Тавантолгой төмөр зам” компанийн захирлаар Х.Пүрэвжаргалыг томиллоо

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр Х.Пүрэвжаргалыг томилжээ. Х.Пүрэвжаргал нь Зам тээврийн хөгжлийн төв төрийн өмчит компанийн захирлаар ажиллаж байгаад дээрх албан тушаалд томилогдсон аж.

Дээрх шийдвэрийг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргажээ. Сануулахад, тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Дүгэржавыг Мягмар гаригт /2025.08.05/ үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Түүний удаа гаргасан ёс зүйгүй үйлдэлд нь хариуцлага тооцож ийнхүү үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж үзэж байгаа.

“Тавантолгой төмөр зам”ХХК-ийг 2018 оны наймдугаар сард үүсгэн байгуулж байсан. Төмөр замын сүурь бүтэц барих, ашиглах, тээвэрлэх, суурь бүтэц хөдлөх бүрэлдэхүүн засварлах зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг, төмөр замын инженерингийн компани юм. Засгийн газар ижил үйл ажиллагаа эрхэлдэг төрийн өмчит компаниудыг нэгтгэх бодлого барихаа мэдэгдсэн ч одоог хүртэл “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголын төмөр зам “ ТӨХК-ийг нэгтгээгүй, тусдаа үйл ажиллагаа эрхэлсээр буй. “Тавантолгой төмөр зам” компани нь 800 гаруй ажилтан, албан хаагчтай бол Монголын төмөр зам компани нь 600 гаруй ажилтан, албан хаагчтай юм.

СЭМҮТ-ИЙН ЗАХИРЛААР Г.УУГАНЦЭЦЭГИЙГ ТОМИЛЖЭЭ

СЭМҮТ-ийн захирлаар Г.Ууганцэцэгийг томилжээ

СЭМҮТ-ийн хяналт, шалгалттай холбоотойгоор СЭМҮТ-ийн захирал Г.Анхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа талаар ЭМЯ-ны сайд Ж.Чинбүрэн мэдээлсэн. Тэгвэл ЭМЯ-наас өгсөн үүрэг чиглэлийн дагуу СЭМҮТ -ийн захирал Г.Анхболд Мягмар гаригт /2025.08.05/ ажлаа хүлээлгэн өгчээ. Түүний оронд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дарга Г.Ууганцэцэгийг томилсон байна. Тус томилгоотой холбоотойгоор Г.Ууганцэцэгийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн ойрын хүн хэмээн албан бус эх сурвалжууд мэдээлж байгаа. Харин СЭМҮТ-ийн захирал асан Г.Анхболд Эрүүл мэндийн яамнаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажлаа хүлээлгэн өгч байгаа ч удирдлага байх хугацаандаа ямар нэгэн хууль бус зүйл хийгээгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

Б.ДАВААДАЛАЙГ ЕРӨНХИЙ САЙД АХЛАХ ЗӨВЛӨХӨӨРӨӨ ТОМИЛОВ

Ерөнхий сайд ахлах зөвлөхөөрөө Б.Даваадалайг томилжээ

Ерөнхий сайд Г.Занданшатарын танхим бүрдээд хоёр сар болох гэж байна. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байсан Б.Даваадалай Ерөнхий сайд Г.Занданшатарын ахлах зөвлөхөөр томилогдсон байна.
Тодруулбал, Б.Даваадалай өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд 2024 оны УИХ-ын сонгуулийн I тойрогт МАН-аас нэр дэвшиж байсан юм.

  • 2007-2014 онд Монгол банкны Мөнгөний бодлого, судалгааны газарт эдийн засагч,
  • 2013-2014 онд Дэлхийн банкны төв оффисын Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн багт зөвлөх,
  • 2015-2021 онд Дэлхийн банкинд эдийн засагч,
  • Сангийн сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ.

“БАГАНУУР” ХК-ИЙН ЗАХИРЛЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Т.ОТГОНБОЛД АЖИЛЛАНА

Олон нийтээс удаа дараа гомдол хүлээн авсан, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх хөдөлмөрийн аюулгүй байдлын болон татвар, санхүүтэй холбоотой хэд хэдэн зөрчил илэрсэн гэх шалтгаанаар “Багануур” ХК-ийн ТУЗ  хуралдаж, захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргалыг ажлаас нь чөлөөлсөн байна.

Улмаар “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Т.Отгонболдыг томилж, өнгөрсөн долдугаар сард ажлаа хүлээн авчээ.

ХСҮТ-ИЙН ДАРГЫГ ДАХИН СОЛЬЖЭЭ 

Arslan.mn

Өнгөрсөн долдугаар сарын 21-ний өдөр Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар Хүний гавьяат эмч Ц.Батболдыг томилжээ.

Тодруулбал, Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайдаар томилогдсоныхоо дараа ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүг чөлөөлж, түүний оронд өнгөрсөн тавдугаар сард М.Адилсайханыг томилоод байсан юм.

Тэгвэл Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ХСҮТ-ийн захирал М.Адилсайханыг чөлөөлж, түүний оронд Монгол Улсын хүний гавъяат эмч, профессор, зөвлөх зэргийн эмч Ц.Батболдыг томилжээ. Ц.Батболд нь 2006-2016 онд ХСҮТ-ийн эмэгтэйчүүдийн мэс заслын тасагт эмч, 2016 оноос Амгалан, Өргөө амаржих газруудын захирлын албан тушаалыг тус тус хашиж байсан билээ.

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж