niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 18:00 UTC Эх: https://news.mn/r/2815529/ 927df3bc87188c18… ← niitlelch.mn руу буцах

Сурвалжлага: Хятадаас саарал хавтан оруулж ирж байгаа нь үнэн

Хуучирсан мэдээ: 2025.08.05-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Хятадаас саарал хавтан оруулж ирж байгаа нь үнэн

Сурвалжлага: Хятадаас саарал хавтан оруулж ирж байгаа нь үнэн

Нийслэлийн хэмжээнд энэ зун 15 байршилд нийт 59.6 км урттай явган хүний замыг шинэчлэх ажил хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд байгалийн чулуугаар хийсэн, халтирдаггүй, барзгар гадаргуутай шинэ хавтан ашиглаж байгаа талаар албаныхан мэдээлж байгаа ч бодит байдал дээр гүйцэтгэлийн хоцрогдол, материалын зөрүү, стандарт зөрчсөн зэрэг нь олон нийтийн  шүүмжлэлийг дагуулаад байна.

МУИС-ийн баруун талд явган хүний замын шинэчлэлийн ажил ид өрнөж байв. Шинэ хавтангуудыг зам дагуу овоолж тавьсан бол хуучныг нь хуулан авч, хэмжилт хийх аж. Зарим иргэд засварын талбайг тойрч гарахыг хичээж байхад, зарим нь шууд дээр нь алхаж харагдана.

Тус хэсгийн явган замыг шинэчлэх ажлыг гүйцэтгэж буй ажилтан иргэдийн хариуцлагагүй үйлдэл ажилд саад учруулж байгааг онцолсон юм. Тэрбээр “Хүмүүс санаатай болон санаандгүй байдлаар тавьсан хавтангуудыг хөдөлгөж, хэмжээг өөрчилдөг. Үүнээс болж бид тухайн хэсгийг дахин хэмжиж, дахин засварлахаас өөр аргагүй болдог. Үүний улмаас цаг хугацаа алдаж байна. Мөн хүнд хавтанг байн байн өргөж тавих нь биед, ялангуяа нуруунд их ачаалал өгдөг” гэдгийг дурдлаа.

ЗАСВАРЫН АЖИЛ ХЭЗЭЭ ДУУСАХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

Төсөл хэрэгжүүлэгч талуудын хэлж буйгаар шинэ замуудыг дотоодын үйлдвэрүүдийн үйлдвэрлэсэн, 30х60 см хэмжээтэй, халтирдаггүй хавтангаар хийхээр төлөвлөсөн. Гэтэл зарим гүйцэтгэгч байгууллагууд БНХАУ-аас 30х30 см хэмжээтэй саарал хавтан оруулж ирж байгаа бөгөөд зарим хавтан дээр хятад ханз бичиг байгаа тухай иргэдийн дунд шүүмжлэл өрнөөд байна. Мөн энэ хавтангууд бороо орсны дараа халтирч гулгах эрсдэлтэй, стандартын шаардлага хангахгүй байгааг ч олон нийт хэлж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар энэ оны хавар явган замуудын шинэчлэлтэй холбоотойгоор “Энхтайваны өргөн чөлөө, Их, Бага тойруу, Олимпын гудамжны явган замыг бүхэлд нь шинэчлэхээр дөрвөн удаа тендер зарласан. Гэвч компаниуд гараар хийдэг ажиллагаа ихтэй гэх шалтгаанаар оролцохгүй байна. Тиймээс Хот тохижилтын газар, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагуудтай хамтран ажиллана. Зуны сар зургаа биш тул богино хугацаанд ажлаа амжуулах ёстой” хэмээн хэлж байв.

Харин өнөөдрийн байдлаар 13 компани зам засварын ажил гүйцэтгэж байгаа ч зарим нь ажил 40 орчим хувьтай үргэлжилж байна. Явган хүний замын ажил наймдугаар сарын 25 гэхэд бүрэн дуусах ёстой ч энэ төлөвлөгөө биелэх эсэх нь эргэлзээтэй байна.

ИМПОРТООР ХАВТАН ОРУУЛЖ ИРЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ ГЭВ

Харин явган хүний замын шинэчлэлд ашиглаж буй хавтангийн гарал үүслийг тойрсон маргаан, хардлага намжаагүй хэвээр байна. Дотоодын чулуу үйлдвэрлэгчдийн зүгээс гадаадаас хавтан импортлон ашиглаж буй явдалд шүүмжлэлтэй хандаж буй. Тухайлбал, Саппорогийн уулзвараас Баруун дөрвөн зам хүртэлх хэсгийн засварыг гүйцэтгэж буй “ТАСО” ХХК нь Монгол Улсад үйлдвэрлэсэн чулууг ашиглаж байгаагаа онцолсон юм. Тус компанийн ерөнхий захирал Т.Отгонбаяр “Манай орд Төв аймгийн Сэргэлэн суманд байрладаг. Сүүлийн жилүүдэд бид үйлдвэртээ шинэчлэлт хийж, орчин үеийн тоног төхөөрөмж нэвтрүүлсэн. Чулууг хоёр төрлийн аргаар барзайлгаж, халтирдаггүй хавтан үйлдвэрлэж байна. Манай үйлдвэр өдөрт 400 м² чулуун хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай” хэмээн ярьсан.

Гэсэн ч нөгөө талд, гүйцэтгэгч компаниудын зарим нь дотоодын үйлдвэрүүд ийнхүү их хэмжээний захиалгыг богино хугацаанд гүйцэтгэх нөөц бололцоо хангалтгүй байгааг дурдан, БНХАУ-аас хавтан оруулж ирэхээс өөр аргагүй хэмээн тайлбарлаж байна. Монголын чулуун бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны мэдээлснээр тус холбоонд нийслэл болон орон нутагт үйл ажиллагаа явуулдаг 24 компани багтдаг ч, зах зээлийн хуваарилалт, тээвэрлэлтийн хүчин чадал, үйлдвэрлэлийн цар хүрээ гүйцэтгэлд нөлөөлж байгаа тухай хэлсэн юм.

Үүнээс харахад нэг талд дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлого яригдаж байгаа бол нөгөө талд хэрэгжилтийн бодит нөхцөл хязгаарлагдмал хэвээр байгааг харуулж байна. Хамгийн гол нь иргэдэд чанаргүй гүйцэтгэл, хяналтгүй худалдан авалт, мэдээллийн ил тод бус байдал нь хардлага, бухимдлыг төрүүлж байна.

Харин нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нэгдүгээр орлогч “Бид дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих бодлоготой байгаа. Гэвч зарим гүйцэтгэгч байгууллагууд БНХАУ-аас барзгар хавтан оруулж ирэн ашиглаж байгаа нь үнэн. Гэхдээ тухайн компанийн сонголтыг бид хянадаггүй, өөрсдөө шийдэх асуудал” гэсэн тайлбар өгчээ.

А.Тамир

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж