Салбар бүрийн төсвийн төсөлд санал авах танхимын хэлэлцүүлгийг зохион байгуулж эхэлсэн. Эхний хэлэлцүүлэг аж үйлдвэрийн салбараас эхэлсэн бөгөөд тус хэлэлцүүлэгт оролцсон мэргэжлийн байгууллагуудын байр суурийг хүргэж байна.
ХАЙГУУЛ СУДАЛГААНЫ АЖЛЫН ТӨСВИЙГ НЭМСЭН
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв:
–Үндсэндээ 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын ажил төлөвлөгдөөгүй. Харин геологи судалгааны ажилд бид 42,5 тэрбум төгрөгийг төлөвлөөд явж байгаа. Мөн Монгол Улсын хэмжээнд геологи хайгуулын судалгааны ажлыг эрчимжүүлж байж, бид бүхэн дараагийнхаа хөрөнгө оруулалтыг татах хөрс суурь бий болно. Жишээлбэл, ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл олголтын явц одоо эрчимтэй сайн явагдаж байгаа. Зөвхөн сонгон шалгаруулалтаар хайгуулын лиценз олгохтой холбоотойгоор өнөөдрийн гүйцэтгэлээр 77 тэрбум төгрөгийг Монгол Улсын төсөвт төвлөрүүлээд байгаа. Тэгэхээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул судалгааныхаа ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Харин бид бүхэн гүйцэтгэл дээр нь сайн хяналт тавьж чанарыг сайжруулна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Геологи, цөмийн энергийн хэлтсийн дарга Х.Санчигдорж:
-2021-2025 онд төсөв өссөн. Эдийн засаг тэлсэнтэй холбоотойгоор геологи судалгааны ажлыг төрөөс анхааралдаа авч нөөц бэлтгэх үүрэг өгсний дагуу, сүүлийн таван жилд төсвийг 20-25 бүр цаашилбал 32 хувь хүртэл хэмжээгээр нэмсэн. Бид уламжлалт аргаар геологийн судалгааны ажил хийхээс гадна агаарын геофизик буюу олон улсад нэвтэрсэн арга аргачлалаар судалгааны ажлыг хийж эхэлсэн. Үүнтэй уялдуулаад, 2026 оны төсвийг бид олон улсын геологийн судалгааны ажилд нэвтэрсэн шинэлэг техник технологи арга аргачлалыг ашиглаж судалгааны ажил хийх зорилгоор 42 тэрбум төгрөгийг төлөвлөөд байна.
ЗӨВХӨН ОЛБОРЛОХ БИШ ХАЙГУУЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа:
-Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам өнгөрсөн жил бүтэц бүрэлдэхүүнээ өөрчилсөн гэж ойлгож байгаа. Энэ нь Засгийн газрын зорилтод багтсан 14 мега төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой гэж ойлгож байна. Уурхайн салбарын хувьд сүүлийн жилүүдэд олон нийтийн дэмжлэг маш муутай байгаа мөн үйл ажиллагаагаа тэлж чаддаггүй төсвийн хөрөнгөөр ч бай, хувийн хөрөнгөөр ч бай хайгуул судалгааны ажлаа хийж чаддаггүй. Цаашлаад эдийн засгийн эргэлтэд ороход бэлэн болсон төслүүдээ бас хөдөлгөж чаддаггүй. Энэ нь олон нийтэд зөв ойлголт өгч чаддаггүйтэй холбоотой гэж үздэг.
Мэргэжлийн холбоодын хувьд яах вэ, чадах чинээгээрээ холбогдох мэдээ мэдээллийг иргэдэд хүргэдэг. Гэвч иргэдийн хүлээлт Засгийн газар яг ямар зорилготой байгаа тухай сонирхдог. Гэтэл улс төрчид, Засгийн газрын гишүүд иргэдийг хоёр тийш талцуулсан мэдээллийг маш их өгдөг. Нэг бол лицензээ олгочхоод үйл ажиллагаа явуул гэнэ эсвэл ард иргэд дэмжихгүй бол үйл ажиллагаа явуулахгүй гэх мэтчилэн хуулийнхаа эсрэг мэдэгдлүүдийг маш их хийдэг.
Энэ нь иргэдийг энэ салбарын тухай зөвөөр ойлгоход саад болдог. Тэгэхээр энэ салбарыг цаашдаа бас өргөжүүлж тэлэх, экспортын хувь хэмжээг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах тухай Засгийн газрын зүгээс болон холбогдох яамны зүгээс, агентлагийн зүгээс хамтарч ажиллах тал дээр тодорхой хэмжээний төсөв суулгаад явах юм бол цаашдаа боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанууд маань нэлээд идэвхжинэ гэж бид харж байна. Зөвхөн олборлох биш. Геологи хайгуулын үйл ажиллагааг эрчимжүүлснээр Монгол Улсын одоо байгаа баялгийн нөөц арвижих, цаашдаа гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд том түлхэц болно гэж үзэж байгаа. Энэ үйл ажиллагааны төсвийн төлөвлөгөөг харахад геологи болон үндсэн үйл ажиллагааны зардал л байх шиг байна. Энэнээс бусад үйл ажиллагаанд төсөв тусгагдаагүй харагдаж байна. Тэгэхээр эндээсээ тодорхой хэмжээний төсөв мөнгийг батлаад, түрүүн дурдсан ажлуудыг оролцогч талууд буюу иргэний нийгмийн байгууллагууд, орон нутгийн удирдлагуудтай хамтарсан байдлаар хийгээд явбал эдийн засгийн гол салбар гэх энэ салбарт маань үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулахад нэлээн дэмжлэг болох юм болов уу гэж бодож байна.
ГЕОЛОГИЙН СУУРЬ СУДАЛГАА БОЛ ЦОГЦ СУДАЛГАА
Цөмийн энергийн комиссын Тамгын газрын дарга Б.Баатарцогт:
-Геологийн суурь судалгаатай холбоотой төсвийн асуудал дээр хүмүүс хайгуулын ажил гэж холиод байдаг юм. Энэ суурь судалгаа гэдэг дэлхийн бүх оронд хийгддэг зүйл. Суурь судалгаа хийгдэж байж Монгол Улсын хэмжээнд хаана ямар төрлийн ашигт малтмал байна гэдгийг тогтоож мөн геологи хайгуулын ажлыг нарийвчлан хийх талбайнууд сонгогдож байдаг. Зөвхөн ашигт малтмал биш геологийн бүхий л төрлийн суурь судалгаанууд жишээлбэл, чулуулгийн насны судалгаа зэрэг хийгддэг.
Мөн газар хөдлөлтийн төрлийн судалгаанууд давхар хийгдээд явж байдаг. Тэгэхээр энэ бол цогц судалгаа юм. Энэ судалгааг Монгол Улсын хэмжээнд зайлшгүй хийж геологийн хайгуулын ажлын төлөвлөлт мөн олборлолтын төлөвлөлт гэх мэтийг уялдуулан зохицуулах шаардлага байна. Хөрөнгө оруулалтыг жилээс жилд нэмж авах шаардлагатай. Учир нь энэ бол эргэн төлөгддөг ажил юм.
Өөрөөр хэлбэл, геологи хайгуулын ажил хийгдэснээр орд олдож, олборлолт хийгдсэнээр зардал угаас нөхөгддөг. Жишээлбэл, өнөөдөр дэлхийн зах зээл дээр ураны геологи хайгуулын ажил эрчимжиж байна. Нийт дэлхийн зах зээлд 20 орчим тэрбум ам.доллар зөвхөн геологи хайгуулын ажилд зарцуулагдаж байна. Тийм учраас уран гэх мэт дэлхийн зах зээлд эрэлт нь ихсэж байгаа энэ чиглэл рүү геологийн судалгааны ажлаа төвлөрүүлэх шаардлага байгаа. “Хэмнэлтийн тухай хууль” болон бусад төсвийн зарцуулалттай холбоотойгоор зардлууд нэлээн танагддаг болсон. Үүнээс үүдэн тээвэр, шатахуун, шуудан холбоо, техник хэрэгсэл, аудит, баталгаажуулалт гэх зэрэг дотоод үйл ажиллагаатай холбоотой зардлууд үнэхээр хүрэлцэхгүй байна. Байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдахад ч доголдолтой ийм нөхцөл байдлууд үүсэж байгаа. Энэ тал дээр бас манай энэ Сангийн яамныхан бас анхаарч өгөөсэй гэж хүсэж байна. Нөгөө талаас манай Цөмийн энергийн комиссын ажлын албаны хувьд бид Монгол Улсад АЦС барих, суурь судалгааг хэрэгжүүлэх гэсэн хоёр том ажлыг Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан. Энэхүү хоёр ажлыг хэрэгжүүлэхэд тодорхой төсөв мөнгө зайлшгүй шаардлагатай. Бид өнгөрсөн жил 2,7 тэрбум төгрөгийн санал тавьсан хүлээж аваагүй. Энэ жил ч бас адил. Ийм бага зардалтайгаар бид энэ томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд нэлээн хүндрэлтэй байна.
М.Намуун
3,607.57






















































Холбоотой мэдээ