niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 18:01 UTC Эх: https://news.mn/r/2815500/ 7cd76ad800d1fc4b… ← niitlelch.mn руу буцах

Зорилго тодорхойгүй бол БНСУ-ын хилээр нэвтрүүлэхгүй

Хуучирсан мэдээ: 2025.08.05-нд нийтлэгдсэн

Зорилго тодорхойгүй бол БНСУ-ын хилээр нэвтрүүлэхгүй

Зорилго тодорхойгүй бол БНСУ-ын хилээр нэвтрүүлэхгүй

Сүүлийн жилүүдэд БНСУ-д зорчиж буй Монгол иргэд хил дээрээс буцаагдах тохиолдол нэмэгдэж байгаа. Гадаад хэргийн яамны мэдээлснээр, иргэд виз авсан ч хилээр нэвтрэх эрх нь баталгааждаггүй, учир нь хил дээр байрлах тухайн улсын хилийн алба, гаалийн алба, цагаачлалын алба эцсийн шийдвэрийг гаргадаг байна.

Хил хамгаалах ерөнхий газрын мэдээлснээр:

  • 2023 онд БНСУ-ын хилээс буцаагдсан 1487
  • 2024 онд БНСУ-ын хилээс буцаагдсан 1804
  • 2025 оны наймдугаар сарын 4-ний байдлаар БНСУ-ын хилээс буцаагдсан 716 Монгол Улсын иргэн байна.

Харин эхний хагас жилийн байдлаар нийт 62 мянган иргэн БНСУ-ын хил рүү нэвтэрсэн гэсэн тоон мэдээлэл байгаа юм.

Иргэд олноороо БНСУ-ын хилээс буцаагдаж байгаа асуудлаар Гадаад хэргийн яамны төлөөлөгч Р.Нямдаваагаас тодруулахад, “Виз авна гэдэг хилээр нэвтрэнэ гэсэн баталгаа  биш. Тухайн улсын Элчин сайдын яам, Гадаад харилцааны яамнаас зөвшөөрөл авч байна гэсэн үг. Иргэд ихэвчлэн шалтгаан тодорхойгүйгээр буцаасан гэж хэлдэг. Гэвч тодорхой үндэслэлээр БНСУ-ын хилийн алба нь буцааж байгаа. Ихэвчлэн аялах зорилго тодорхойгүй, бичиг баримтын зөрчилтэй иргэдийг хил дээрээс буцаадаг.

Хил дээрээс буцаагдах асуудал аль ч улсын хувьд дотоод хэрэг гэж үздэг. Манайх түүнд нь оролцоод ямар нэгэн шахалт үзүүлэх юм уу, эсэргүүцэл гаргах юм бол БНСУ-ын дотоод хэрэгт орсон асуудал болно. Зарим тохиолдолд манайх ч гэсэн гаднын иргэдийг хил дээрээс буцаадаг. Гэхдээ энэ тоо харьцангуй бага. Бид энэ жил хэд хэдэн удаа БНСУ-ын талд хүсэлт тавьсан.  Тухайлбал, визний нөхцөл, хил дээрээс буцаадаг явдлаа багасгах зэрэг саналуудыг удаа дараа тавьсан. Үүнээс илүү шууд оролцох боломж хязгаарлагдмал” гэв.

Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих нөхцөл болон тус улсын виз мэдүүлэхтэй холбоотой дараах асуудлуудыг солонгосын талд тавьж тодорхой, бодит шийдвэрүүдийг гаргуулахаар ажиллаж байгаа аж. Үүнд:

  • БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авсан иргэд зургаан сарын хугацаанд виз мэдүүлэх боломжгүй байгааг цуцлах
  • Монгол Улсын иргэд БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд хариу авах хүртэлх хугацаанд өөрийн гадаад паспортыг буцаан авах боломжгүй байгаа нь иргэдийн чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлаж байгаа тул визийн хүсэлтийг шийдвэрлэх хугацаанд гадаад паспортыг эх хувиар нь авах бус, харин гадаад паспортын нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсхүл төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал (Е-Mongolia)-аас олгодог гадаад паспортын лавлагааг материалд нь хавсаргадаг болох
  • БНСУ-ын виз мэдүүлгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, Монгол Улсын иргэдэд визийг цахимаар олгох
  • Эмчилгээний зорилгоор БНСУ-д зорчих иргэд болон тэдний асран хамгаалагчийг 30 хүртэл хоногийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөх, Монгол Улсын шилдэг аж ахуйн нэгжүүдийн холбогдох албан тушаалтнуудад олгох олон удаагийн визийн олголтыг нэмэгдүүлэх
  • БНСУ-д зорчих хүчин төгөлдөр визтэй Монгол Улсын иргэдийг тус улсын хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтнууд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр саатуулах, гар утас болон бусад эд зүйлсийг хураан авч хувийн мэдээлэлд халдах, улмаар албадан буцааж байгааг зогсоох зэрэг нөхцлийг тавьжээ.

Мөн, хүчин төгөлдөр визтэй монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж байгаа, хил дээр саатуулагдсан иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаатай холбогдуулан БНСУ-д суугаа ЭСЯ-ны нэг дипломат ажилтныг Инчеоны олон улсын нисэх онгоцны буудал дээр тогтмол ажиллуулж эхлээд байгаа билээ.

С.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж