Монголын борооны улирал эхэллээ. Өнгөрөгч зун Улаанбаатарт хур бороо харьцангуй бага орсон. Харин энэ сард ихэнх нутгаар дуу, цахилгаантай аадар бороо багагүй орохыг Ус цаг уур орчны шинжилгээний газар/УЦУШГ/-аас анхааруулжээ. Улаанбаатарт бороо орохоор тоос, шороо дарагддаг нь үнэн ч хамгийн хүндрэлтэй асуудал нь зам, талбай нь усанд автаж, зарим газар нуур, цөөрөм тогтох нь хэвийн үзэгдэл болсон.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/-аас энэ онд цөөнгүй байршлын зам, талбайг засч, борооны ус зайлуулах шугам шинээр барихаа мэдэгдсэн. Тухайлбал, явган хүний замыг засахад татвар төлөгчдийн 32 тэрбумыг зарцуулж байгаа юм. Харин борооны ус зайлуулах шугам шинээр угсрах ажлыг хамгийн их ус тогтдог 10 гаруй байршилд хийхээ мэдэгдсэн. Энэхүү ус зайлуулах хоолой нь нийт 16 км үргэлжилнэ гэж албаны хүн мэдэгдсэн. Тодорхой газруудад ус зайлуулах шугам барьж, ашиглалтад оруулсан ч Улаанбаатар усанбаатар хочноосоо салж чадсангүй.
Ус цаг уурын мэдээгээр Улаанбаатарт өнөөдөр /2025.08.04/ өдөржин бороотой. Хэдийгээр бороо зөөлөн, намуухан шивэрч буй ч зам талбайд ус хэдийнэ тогтсон юм. Иргэд зам дээрх "тогтоол" усыг тойрон алхаж, авто замд борооны улмаас ачаалал багагүй үүсээд байна. Энэ бол бороо орох бүрд харагддаг нийслэлийн нэгэн дүр зураг. Хэдхэн минутын аадар бороонд Улаанбаатар усандаа живэх нь холгүй болдог нь хэвийн үзэгдэл болсон.
Жил бүр татвар төлөгчдийн мөнгөөр ус зайлуулах шугам хоолойн засвар, үйлчилгээнд багагүй мөнгө зарцуулдаг. Харамсалтай нь, тэр мөнгө устайгаа хамт "урсаад" явчихдаг уу. Эсвэл зам засах, бродюр солих, ус зайлуулах шугам шинэчлэх нь хотын дарга нарын хоолоо олж иддэг бизнес болж хувирсан уу гэлтэй нийслэлчүүд өмнөх жилийнх шигээ ус туучин ажлаа амжуулж байна.
Тухайлбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн 3, 11, 15-р хорооны ус зайлуулах шугам сүлжээг засах компанийг сонгон шалгаруулахаар 2024 оны зургадугаар сард зарлагдсан тендерийн нийт төсөв 80 сая төгрөг байжээ. Гэвч уг замууд өнөөдөр ч усанд автсан хэвээрээ. Харин улсаас гаргасан мөнгө нь усанд хаясан чулуу мэт "ор сураггүй" болжээ. Учир нь, энэ талаар асууж тодруулсан боловч, төрийн дарга нарын дийлэнх нь амралтаа авсан тул эзэнгүй хаалга, үүд л мөргөлөө.

УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМЫГ НЭГДСЭН БАЙДЛААР БУС ӨӨР ӨӨР ХУВИЙН КОМПАНИУД ХИЙЖ, ГҮЙЦЭТГЭДЭГ
Нийслэлд ус зайлуулах шугам дутагдалтайн дээр хамгийн гол стандартын шаардлага хангадаггүйгээс жилийн жилд асуудал үүсдэг гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Хот төлөвлөлт, судалгааны институтээс тодруулахад “50 метр тутамд нэг ус зайлуулах сараалж байх ёстой гэсэн ерөнхий стандарт бий. Гэхдээ тухайн газрын нугалаа, налуу, урсацын хурд, мөн замын өргөн, авто хөдөлгөөний эрчим зэргээс мөн шалтгаалан зураг төслийг гаргадаг.
Хэдий зураг төсөл зөв байх нь чухал боловч суурилуулах ажил түүнээс илүү чухал. Гэтэл нийслэлийн хэмжээнд ус зайлуулах шугам хоолойг нэгдсэн байдлаар бус олон өөр хувийн компаниуд хийдэг.
Үүнээс үүдэн, зарим газрын суурилуулалт чанарын шаардлага хангахгүй байна. Мөн ус зайлуулах шугам бол зөвхөн зам дээрх усыг л авах зориулалттай байдаг. Өндөрлөг хэсгүүд буюу уулын ам зэргээс бууж ирж буй усыг үерийн сан гэдэг зүйл хуримтлуулж авах ёстой байтал Улаанбаатарт харамсалтай нь тийм зүйл байхгүй. Тиймээс уулнаас бууж ирж байгаа ус болон замын усыг бүгдийг нь ус зайлуулах хоолой шингээж дийлэхгүйд хүрдэг. Үүнээс болж зам дээр ус ихээр тогтож, гудамж талбай үерт автаж байгаа юм. Түүнээс гадна, Улаанбаатар хотын хүн амын даац хэтэрснээс болж “цементэн ширэнгэ” болсон. Уг нь борооны усны тодорхой хувь нь байгальдаа шингэх ёстой байдаг боловч тэгэх сул газар үлдээгүй нь ус зайлуулах шугам ачааллаа дийлэхгүй болсон нэг шалтгаан. Өмнө нь хот харьцангуй сийрэг хүн амтай байсан тул одоогийнх шиг үерлэдэггүй байсан нь үүнтэй холбоотой” гэж албаны хүн тайлбарлав.

Албаны хүн ийн тайлбарласан бол иргэдийн зүгээс "Ус зайлуулах хоолой байсан ч стандартаар нь хийхгүй, буруу газарт нь байрлуулаад байхаар чинь ямар хэрэг байх вэ дээ. Хотын дарга нар мөнгө идэх л зорилготой болохоос хотын асуудлыг шийдэх нь чухал биш байх. Хэрэв чухал байдаг бол зүгээр байсан явган хүний замаа хуулаад мөнгө угаагаад байх уу. Үүний оронд ус зайлуулах хоолойг стандартын дагуу тавьсан нь дээр шүү дээ. Шинээр тавьж байгаа авто замд ус зайлуулах шугам суурилуулдаг гэдэг ч ялгаагүй л ус нэвтрүүлэх чадваргүй байгаа" гэлээ.
Сүүлийн жилүүдэд шинээр ашиглалтад орсон орон сууцны хотхон орчмоор ус тогтдог үзэгдэл түгээмэл болсон. Тэр ч бүү хэл саарал ордон тойрсон замууд нь хүртэл усанд автдаг. Гэсэн ч хотын дарга нарт ус зайлуулах хоолойноос илүү Улаанбаатарт жил бүр бродюр солих нь чухал ажил болж хувирсан.
ИРЭХ ЕСДҮГЭЭР САРД УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМУУДЫГ СУУРИЛУУЛЖ ДУУСГАНА
Нийслэлийн хэмжээнд ус зайлуулах шугамыг суурилуулах ажил үргэлжилж буй. Геодези, Усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас “Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 220 км орчим урттай ус зайлуулах хоолой бий. Хэрэв бөглөрч эсвэл гэмтсэн тохиолдолд цэвэрлэх, засварлах зориулалттай 4000 шүүрт худаг, 3800 орчим үзлэгийн худаг байдаг.
Гэвч ихэнх ус зайлуулах шугам болон үерийн далангууд насжилт хэтэрсэн. Тиймээс сүүлийн 1-2 жилийн хугацаанд эрчимтэйгээр шинэ ус зайлуулах шугамуудыг суурилуулж эхэлж байна.
Энэ жилийн хувьд зургадугаар сарын 1-ээс суурилуулах ажил эхэлсэн бөгөөд чадвал есдүгээр сарын 1 гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байгаа” гэлээ.
Нарны гүүрний урд хэсэгт 1003 км-ийн урт бүхий хоолой мөн "Алтай хотхон" орчимд 450 км-ийн урттай хоолойнуудыг тус тус суурилуулж дуусчээ. Үргэлжлүүлэн, “Ажилчны гудамж, вокзал, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс "Мишээл экспо" хүртэл, Энхтайваны гүүрний доор, "Алтжин бөмбөгөр"” зэрэг газруудад ус зайлуулах хоолой суурилуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Өмнөх ус зайлуулах хоолойнууд ихэнх нь 200-300 диаметр бүхий хуванцар хоолойгоор хийсэн байдаг бол одоогийн хоолой нь 600-1000 диаметр бүхий төмөр хоолой тавьж байгаа аж. Энэ нь багтаамж, шүүлтүүр, даацын хувьд өмнөхөөсөө эрс ялгаатай гэнэ.
Гэвч, энэ бол албаны хүмүүсийн яриа. Харин иргэдийн хувьд одоогоор хотын ус зайлуулах хоолой шинэчилсэн ажил харагдахгүй байгааг ч шүүмжилсэн. Харин ч эсрэгээрээ хот хогондоо дарагдаж, нийслэл нь тосгоны дүр зурагтай болсонд олон нийт ч бухимдлаа илэрхийлж байгаа. Хэдий болтол бороо орохоор л байшин барина даа гэх болжморын үлгэр шиг Улаанбаатар усанд автах бүрт ус зайлуулах хоолойгоо санадаг, бусад үед нь мартаж, шинээр суурилуулсан ч шаардлага хангахгүй ажил хийж аргалах вэ. Эвдэрч хэмхрээгүй явган хүний талбайг цементлэхээс илүүтэй стандартад нийцсэн ус зайлуулах шугам барих нь тулгамдсан асуудал болж хувирсныг иргэд хотын даргад дайж байна.
Энэ онд хийх борооны ус зайлуулах шугамын ажлууд:
- Төмөр замын авто зогсоол орчмын борооны ус зайлуулах шугамын ажил, Шугамын голч: 400-1500 мм, шугамын урт: 1793 метр,
- Энхтайвны гүүрний доод хэсгийн зам талбайн ус зайлуулах шугамын ажил
- Алтай хотхоны 14 дүгээр байр орчмын борооны ус зайлуулах шугамын ажил Шугамын урт: 412 метр,
- Энгельсийн гудамжны борооны ус зайлуулах шугамын шинэчлэл, өргөтгөлийн ажил, шугамын голч:400-600 мм, шугамын хүчин чадал: 0.102 м3/с, шугамын урт: 1003 метр,
- ТЭЦ-3-ын арын уулзвараас Дунд голын гүүр хүртэлх борооны ус зайлуулах шугамын шинэчлэл, өргөтгөлийн ажил, шугамын голч:300-1000 мм, шугамын хүчин чадал: 1398 метр, шугамын урт: 1398 метр,
- Хувьсгалын гудамжны борооны ус зайлуулах шугам,
- Чингисийн өргөн чөлөөний борооны ус зайлуулах шугам,
- БЗД, 14 дүгээр хороо, Нарт хотхон орчмын борооны ус зайлуулах шугамын ажил,
- ХУД, 1 дүгээр хороо Наран хотхон, Петровисын ШТС орчмын авто замын борооны ус зайлуулах шугамын ажил, шугамын голч: 300-600 мм, шугамын урт: 1200 метр,
- СХД, 29 дүгээр хороо, "Драгоны арын 22б байр орчмын замын борооны ус зайлуулах шугамын угсралтыг 2025 онд тус тус хийнэ.

















М.Намуун
Гэрэл зургийг О.Болорсувд
3,607.57






















































Холбоотой мэдээ