"News" агентлаг энэ удаагийн“Хууль төрөхийн өмнө” буландаа УИХ-ын чуулганы хаврын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж түр хугацаагаар хойшлуулаад байгаа Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг онцолж байна. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Түвшин тэргүүтэй 41 гишүүн санаачлан 2025 оны тавдугаар сарын 09-нд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барьсан. Улмаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг 2025 оны зургадугаар сарын 19-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, тухайн үед УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хуулийн төслийг намын бүлгүүдэд танилцуулах үүрэг өгч, ирэх долоо хоногт нь дахин хэлэлцүүлэхээр хойшлуулсан байдаг. Гэсэн ч зургадугаар сарын 23-27-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тус хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг дахин хэлэлцээгүй бөгөөд хуулийг хэлэлцэх эсэх асуудал тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа юм.
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь эдийн засгийн хямралтай байгаа өнөө үед ажлын байр, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой гэдгийг хууль санаачлагчид танилцуулсан.
Хуулийн төсөлд:
- Монгол Улсын өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулах ажил, үйлчилгээ эрхлэх хүнийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулагчаас хасаж, гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах;
- Ажил олгогч ажилтанд олгох хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрс худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлтийг цалин, түүнтэй адилтгах орлого болон нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах;
- Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг ажилтны нэгэн адилаар тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээ тогтоохоор тус тус тусгажээ.
АЖИЛ ГҮЙЦЭТГЭСЭН ОРЛОГООС 20 ХУВЬ ХҮРТЭЛХ НДШ АВЧ БАЙГААГ ЗОГСООНО
Уг хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн П.Ганзориг "Хувийн хэвшил асар олон зээлийн хүүгийн дарамт, татварын дарамт дор хүнд нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт эдийн засгийг либералчлах, бизнесийн орчныг таатай болгох, эдийн засгийг таатай болгох гэсэн тодорхой зорилтууд орсон. Үүний нэг нь Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. Тус хуулийн төсөл батлагдсанаар ажил олгогчийн төлдөг НДШ ийг хөнгөлөх, тогтмол олдог орлого буюу цалингаас бусад төрлөөс НДШ давхар авдаг байсныг болиулах гэх зэрэг өндөр ач холбогдолтой" гэдгийг дурдсан юм.
Тухайлбал, сүүлийн гурван жилийн байдлаар хувийн хэвшлийн улсад төлдөг татвар гурав дахин өссөн буюу 1.2 их наяд төгрөгийн татварын өртэй байсан нь 4 их наяд төгрөгт хүрчээ.
Түүнчлэн тус хуулийн төслийг хэрэгжүүлснээр хөдөлмөрийн зах зээлд 100 мянган хүнийг оролцуулах боломжтой гэж тооцсон байна. Тухайлбал, "одоо байгаа ажиллах хүчний нөөц бололцоогоо нэмэгдүүлэхийн тулд хөдөлмөрлөх орчин, ур чадварыг яаж сайжруулж, дотоод хөдөлмөрийн зах зээлээ тэлэх вэ гэдэг дээр энэ хууль өндөр ач холбогдолтой" гэдгийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг онцолсон юм.
Ажил олгогчоос төлдөг НДШ-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 нугалсан хэмжээгээр тогтоож өгөх нь НДС-д томоохон эрсдэл учруулахгүй мөн ажил олгогчдод ээлтэй шийдвэр болно гэдэгт хууль санаачлагчид санал нэгдсэн аж.
Хууль санаачлагчид болоод иргэдийн зүгээс ирэх намрын УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэх хүлээлттэй байгаа юм.
Иргэд та бүхэн D-Parliament.mn сайтаар орж хуулийн төсөлтэй бүрэн танилцах боломжтой.
3,607.57






















































Холбоотой мэдээ