niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 18:32 UTC Эх: https://news.mn/r/2814689/ 6c36a1eff436b28d… ← niitlelch.mn руу буцах

Төсвийн авлигыг засахгүй бол төрийн авлига буурахгүй!

Хуучирсан мэдээ: 2025.07.30-нд нийтлэгдсэн

Төсвийн авлигыг засахгүй бол төрийн авлига буурахгүй!

Төсвийн авлигыг засахгүй бол төрийн авлига буурахгүй!

УИХ-ын гишүүн Соёлын сайд /тухайн үед сайд байв/Ч.Номин: Монгол Улсын хэмжээнд 16-18 насны 186 мянган хүүхэд байгаа. 186 мянган хүүхдээс 30 гаруй мянга нь тусгай хэрэгцээт буюу үндсэн боловсролын хөтөлбөрт хамрагдах боломжгүй хүүхдүүд байгаа юм. Өсвөр насны хүүхдүүдэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх хэрэгтэй болсон. Ингээд бид соёлын эрхийн бичиг болох 18.3 тэрбум төгрөгийг эдгээр хүүхдүүддээ олгоё гэж байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Өсвөр үеийнхэнд мөнгө тарааж бэлэнчлэх сэтгэлгээнд сургах гэж байна. Эцэг эхнийх нь ажил орлогыг нэмэгдүүлж, ажлын байртай болгоё. Өөрсдөө орлого олоод, мөнгөө төлөөд үзвэр үйлчилгээ авах ажлыг хийе. Дөнгөж 18 нас хүрэх гэж байгаа хүүхдүүдийг бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж, соёлжуулах биш улам соёлгүй болгож байна. Өсвөр насныхныг гэгээрүүлэх нэрийн дор сонгуульд бэлдэх ажиллагааг болих хэрэгтэй. Төсвийг хэмнэнэ, үр ашигтай зарцуулна гэж ярьчхаад цагаа тулахаар үнэгүй ваучер тараана гэж байна. 18.3 тэрбум төгрөг бага мөнгө биш. Энэ мөнгийг цэцэрлэг, сургууль, хавдрын эмнэлэгтээ зарцуулъя. Жил болгон 7000 хүн хавдраар өвдөж байна. Гэтэл хавдрын эмнэлэг байхгүй. Энэ 18.3 төгрөгийг эмнэлэгт зориулъя.

Жилийн өмнө 2025 оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын чуулганы хуралдаан дээр Соёлын сайд асан Ч.Номин, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нар 18 ваучерын асуудлаар зөрүүтэй байр суурийг илэрхийлж байв. Ямартай ч Ж.Баярмаа, Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин нарын төсвийн зардлыг бууруулах ордны тэмцэл үр дүнгээ өгч, Ерөнхийлөгч хориг тавьснаар  “Соёлын ваучер”-т олгох 18,3 тэрбум төгрөг төсвөөс хасагдсан.  Тэгвэл өнөөдөр Ж.Баярмаагийн татвар төлөгчдийн мөнгийг зохистой зарцуулах байр суурь хэвээрээ. Харин сайдын суудлаасаа огцорч, сул гишүүн болсон Ч.Номингийн байр суурь 180 градус эргэжээ.

Үндсэндээ, ирэх оны төсвийн төслөөс болж, Төрийн ордонд  гишүүдийн тэмцэл ахиад өрнөж байна.  Парламентын гишүүд төсвийн хуваарилалтаас болж  намаараа бус тойргийн ба жагсаалтын гэж хоёр хуваагдахад хүрэв.

Сангийн яам ирэх 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа тойргийн гишүүдэд таван тэрбум, жагсаалтынханд хоёр тэрбум, бүсчлэлд 15 тэрбумыг олгохоор тооцож, парламентын гишүүдээс санал авсан нь листны гишүүдийн эсэргүүцэлтэй тулжээ. Жилийн жилд тойргийн хөрөнгө оруулалт нэртэй гишүүдийг авлигаддаг төсвийг Сангийн яамнаас оруулж ирдэг нь гэм биш болсон. 2010 оноос тойргийн мөнгө нэрээр анх 10 сая төгрөгийг гишүүдэд хуваарилаж байсан агаад энэ нь жилээс жилд өссөөр таван тэрбумаар яригдах болсон нь энэ юм.  Тойргийн мөнгөөр гишүүд том бүтээн байгуулалт өрнүүлдэг үү гэвэл үгүй. Жорлон барих, хөшөө босгох нэрээр төсвийн мөнгийг завшдаг үзэгдэл бичигдээгүй хууль болсон. Татвар төлөгчдийн мөнгийг жалгын нэг цацсанаар улстөрчдөд ашигтай байснаас улс оронд ашиггүй явж ирсэн худлаа ч юм биш.  Өөрөөр хэлбэл, үр ашиггүй төсвийн мөнгий хуваарилалтаас болоод өнөөдөр, 21 дүгээр зуунд монголчууд гэртээ лаа бариад, нүүрс түлээд сууж байна.

Улсын төсөв бол нийгэм, эдийн засгийн хөгжлийн том бодлого байх ёстой. Атал манай төсөв бол улсын биш жалгын төсөв болсон. УИХ-ын гишүүд аймаг, сум болгондоо сургууль, цэцэрлэг, бассейн, соёлын төв гээд шаардлагагүй барилга барьж, төсвийн мөнгө “угаах" л сонирхолтой. Тэр ч бүү хэл М.Оюунчимэг гишүүн асан татвар төлөгчдийн мөнгөөр Чингэлтэй дүүргийнхний жорлонг шинэчилж өгсөн нь болсон явдал болохоос онигоо биш. Ц.Анандбазар төсвийн мөнгөөр айрагны өргөө барихаар санаачилга гаргаж явсан нь саяхны жишээ. Гэх мэтчилэн, тойргийн хөрөнгө оруулалт гишүүдийн авлигын мөнгө болж хувирдаг болохоос тойргийнхны ахуй амьдралыг өөрчилсөн нь үгүй.

Экс Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар хоёр АН-ыг эрх барьж байх үед буюу Шинэчлэлийн Засгийн газрын үед татвар төлөгчдийн мөнгөөр Шинэ сум төсөл хэрэгжүүлсэн. Баянхонгорын Баянлиг, Бууцагаан, Дорноговийн Замын-Үүд өнөөдөр бахь байдгаараа.

Тиймээс төрийн авлигын хамгийн том, тод жишээ болсон төсвийн авлигыг бууруулахгүйгээр Монголын эдийн засаг тэлэхгүй. Төр дэх мөнгө угаалт, авлига, хулгай, луйвар буурахгүй. Авлигатай жинхэнээсээ тэмцье гэвэл авлигажсан төсвөөс эхлэх ёстой юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж