Засгийн газар бүх шатанд төсвийн хэмнэлтийн горимыг сахин, үр ашиггүй зардлыг танах, төрийн чиг үүргийн давхардлыг арилгаж, орон тоог үе шаттай цөөлөх зорилтын хүрээнд 29 хороо, зөвлөлийг татан буулгах шийдвэрийг гаргасан. Энэхүү 29 хороо, зөвлөлийг татан буулгаснаар цаашид жил бүр 41.6 тэрбум төгрөг хэмнэнэ гэж Тэргүүн Шадар сайд Н.Учрал долоо хоногийн өмнө мэдээлж байв. Данхайсан төрийг цомхотгож, даабль стандартыг нь хумьсан эл шийдвэрийг иргэд алга ташин хүлээж авсан. Атал Засгийн газар хэдхэн хоногийн өмнөхөө үгүйсгэсэн шийдвэр гаргасан нь МАНай төрийн нэг манараа гэлтэй.
Тодруулбал, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орлогод нийцсэн орон сууцжуулалт, хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулах асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Засгийн газраас байгуулсан байна. Тус ажлын хэсгийг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал ахлах гэнэ.
Засгийн газрын албан ёсны мэдээлэлд "Монголбанктай хамтран 2013 оноос “Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр” хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд 9.2 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг 132 орчим мянган зээлдэгчдэд олгожээ. Үнэт цаасанд суурилсан санхүүжилтийн тогтолцоо бүрдсэн ч урт хугацааны тогтвортой эх үүсвэр бүрдүүлэх, зардлыг бууруулах, гаднын хөрөнгө оруулагчдыг татах зэрэг ажил дутагдалтай хэвээр байна.
Сүүлийн дөрвөн жилд хөтөлбөрөөс гадна зах зээлийн нөхцөлтэй зээлийн хэмжээ нэмэгдэж, шинээр олгосон зээлийн хэмжээ хөтөлбөрийн зээлтэй харьцуулбал 1.5 дахин өндөр байгаа нь энэ зах зээл хөгжих орон зай байгааг илтгэж байна.
Ганц хөтөлбөрийн санхүүжилтэд анхаарах бус орон сууцны урт хугацааны санхүүжилтийн тогтолцоо бий болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, нэгдсэн бодлогоор хангах зайлшгүй шаардлага тулгарч байна.
Иймд бусад улс орны жишгийн дагуу Орон сууцны санхүүжилтийн тухай хуулийг баталж, эрх зүйн зохицуулалтаар хангах, хуулийн хүрээнд Орон сууцны санхүүжилтийн корпорацыг шинээр үүсгэн байгуулах, үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан болон барьцаат үнэт цаасыг татварын бодлогоор дэмжихээр болсон"-оо тодотгожээ.
Эндээс дүгнэхэд төрийн, нийслэлийн орон сууцны корпораци дээр Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулахаар болсон нь Монголын төрд цомхотгол хийх сонирхол яг бий юу гэсэн асуулт тавихад хүргэж буй юм. Өөрөөр хэлбэл, нэг амаараа цомхотгол ярьж, нөгөө амаараа төрийг данхайлгадаг нь монгол дарга нарын сурсан зан. Сурсан зангаа засахгүй бол том амлахаа болих хэрэгтэй.
Иргэд шинэ Засгийн газраас хүлээж буй гол ажил нь Л.Оюун-Эрдэнийн бий болгосон данхар төрийг цомхон болгох юм. Гэтэл Засгийн газар өчигдөр ярьснаа маргааш үгүйсгэсэн шийдвэр гаргах аваас иргэдийн хүлээлт талаар болно. Нэмэгдэхүүний байрлалыг солих биш нийлбэр дүнгийн өөрчлөлт төрд хэрэгтэй байна.
Б.ЖАРГАЛ
3,607.57



















































Холбоотой мэдээ