niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 19:31 UTC Эх: https://news.mn/r/2813596/ 567c1aaead775620… ← niitlelch.mn руу буцах

Тарифын нөлөө: Зэсийн зах зээлийн бууралт

Хуучирсан мэдээ: 2025.07.22-нд нийтлэгдсэн

Тарифын нөлөө: Зэсийн зах зээлийн бууралт

Тарифын нөлөө: Зэсийн зах зээлийн бууралт

Зэс нь технологийн дэвшил, эдийн засгийн хөгжлийн тулгуур түүхий эд гэгддэг. Дэлхийн эрчим хүчний шилжилтийн нөхцөлд энэ нь чухал ач холбогдолтой. Зэсийн онцгой шинж чанарууд нь сэргээгдэх эрчим хүчний технологи, цахилгаан машин болон орчин үеийн эрчим хүчний сүлжээний хувьд орлуулшгүй чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ Олон улсын зэсийн судалгааны групп (ICSG) ирэх хоёр жилийн хугацаанд зэсийн эрэлт хэрэгцээ дэлхий даяар нийлүүлэлтээсээ бага байж магадгүй гэж таамаглаж байна. Тухайлбал, АНУ-ын тарифын нэмэгдлээс болж үүссэн олон улсын худалдааны тодорхойгүй байдал нь зэсийн эрэлтэд нөлөөлөх хэмжээнд хүрнэ гэж үзэж байна. Саяхан Лиссабонд металл үйлдвэрлэгч, томоохон хэрэглэгч зэрэг салбарын гол тоглогчдын уулзалт болжээ.

Уг уулзалтын дараа "ICSG"-гээс дэлхийн зэсийн илүүдэл 2025 онд 289 мянган тоннд хүрч, өнгөрсөн оны 138 мянган тонноос хоёр дахин их байна гэх таамгийг дэвшүүлсэн байна.

Өмнө нь зэсийн илүүдэл 194 мянган тоннд хүрнэ гэж тооцоолж байсан ч 2026 онд 209 мянган тоннд хүрэх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд онцолсон юм. Хэрэв сүүлийн гурван жилийн зэсийн эрэлт хэрэгцээг нийлүүлэлттэй нь харьцуулах юм бол 2023 онд хамгийн тогтвортой байсан аж. "ICSG"-ийн үзэж буйгаар, 2025-26 оны хугацаанд зэсийн илүүдэл нэмэгдэх төлөвтэй байгаа нь уурхайн нийлүүлэлт болон хайлуулах хүчин чадал нэмэгдсэнтэй голлон холбоотой байж болох юм. Мөн эрэлт, нийлүүлэлт харьцангуй хэвээр байвал аажмаар зэсийн олон улсын зах зээлийн үнэ өөрчлөгдөх бүрэн боломжтой.

УУРХАЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙН ӨСӨЛТ

Энэ онд дэлхийн уул уурхайн олборлолт 2.3 хувиар нэмэгдэж, 23,5 сая тоннд хүрнэ гэж "ICSG" тооцоолж байна.

Гол төлөв Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын Камоа-Какула, Монгол Улс дахь Оюу Толгой болон Оросын шинэ Малмызын уурхайн зэсийн олборлолт бусад улстай харьцуулахад тогтвортой байх төлөвтэй байна.

Харин 2026 онд Бразил, Иран, Эквадор, Замби, Чили зэрэг орны уул уурхайн салбар өргөжиж, зэсийн олборлолт энэ оныхоос 2.5 хувиар нэмэгдэж магадгүй гэж үзэж байна. Хэдийгээр эдгээр үзүүлэлт нь магадлал, таамаг төдий ч ирэх хоёр жилийн хугацаанд хэд хэдэн жижиг, дунд уурхайнууд ашиглалтад орохоор төлөвлөж байгаа.

Жишээлбэл, Бразил, Иран, Узбекистан, Эквадор, Эритрей, Грек, Ангол, Марокко зэрэг улсууд уурхайн салбартаа илүү анхаарал хандуулахаар зэхэж байгаа нь олон улсын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна гэж "ICSG" мэдэгдэв.

"ICSG" мөн Хятадын хайлуулах хүчин чадал нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэж, Энэтхэг, Индонези, БНАКУ-д шинэ боловсруулах үйлдвэрүүд ашиглалтад орж байгаа нь энэ онд цэвэршүүлсэн зэсийн үйлдвэрлэл 2.9 хувиар өснө гэж үзэж байна. Харин 2026 онд зэсийн баяжмалын олдоц хязгаарлагдмал байгаатай холбоотойгоор цэвэршүүлсэн зэсийн нийт үйлдвэрлэл 1.5 хувиар буурах төлөвтэй байна. Энэ нь анхдагч цэвэршүүлсэн үйлдвэрлэл удааширч байгааг илтгэх аж.

ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭНИЙ НӨЛӨӨ

"ICSG"-ийн мэдээлснээр, олон улсын худалдааны бодлогын тулга тойрсон тодорхойгүй байдал нь дэлхийн эдийн засгийн төлөвийг сулруулж, зэсийн эрэлтэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Тухайлбал, энэ жилийн цэвэршүүлсэн зэсийн хэрэглээг өнгөрсөн онд 2.7 хувь байна гэж таамаглаж байсан ч 2.4 хувь болтлоо буурч болзошгүй юм. Цаашлаад ирэх онд зэсийн хэрэглээний өсөлт 1.8 хувь хүртэл буурах төлөвтэй байна. Хятад улсад л гэхэд энэ онд зэсийн хэрэглээ 2 хувь байна гэж бүртгэгдсэн бол ирэх онд ердөө 0.8 хувь болтлоо буурна гэх тооцоо гарчээ.

Энэ нь зэсийн эрэлт хэрэгцээ жил ирэх тусам хүчээ алдаж байгааг илтгэж байна гэж мэргэжилтнүүд үзэж буй.

Европ, АНУ, Япон зэрэг зэс нийлүүлэлтийн гол цэгүүдэд мөн адил эрэлт хэрэгцээ буурсан хэвээр байна. Улмаар ирээдүйд зэс нь зөвхөн Ази тивд эрэлттэй болж магадгүй гэх таамгийг дэвшүүлэх болсон аж. Гэсэн хэдий ч "ICSG" эрчим хүчний шилжилтийн технологи, дата төв зэрэг эрэлтийн хөшүүрэг нь зэсийн хэрэглээг үргэлжлүүлэн дэмжиж, удаан үргэлжилсэн худалдааны дайны улмаас үйлдвэрлэлд учирч буй хохирлыг нөхөхөд тус дөхөм үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа юм.

 

 

ЭХ СУРВАЛЖ: MINING, ICSG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж