Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр ТЭЦ-3 ТӨХК-д ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Ерөнхий сайд Г.Занданшатар үнэ нэмж иргэдийн нуруунд ачаа үүрүүлэхийг урьтал болгох биш өртөг зардлаа бууруулах замаар үр ашгаа нэмэгдүүлж ажиллах боломжийг эрэлхийлэх ёстой гэж Ерөнхий сайд байр сууриа илэрхийлэв. Тийм учраас эрчим хүчний салбарын үр ашиггүй өртөг зардлыг бууруулах төлөвлөгөөг танилцуулах хугацаатай үүргийг тус салбарын удирдлагуудад өглөө.
Энэ үеэр тус цахилгаан станцад Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажиллаж буй Н.Тавинбэх мэдээлэл өгөхдөө “Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хоёрдугаар блок 2025 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орвол өвлийн улиралд тог цахилгааны хязгаарлалт хийхгүй.
ТЭЦ-3 цахилгаан станцын галд өртсөн барилгыг 2025 оны долдугаар сарын 25-наас буулгаж, шинээр барих ажлыг эхлүүлнэ” гэдгийг мэдээлсэн юм.
Өнгөрсөн зургаадугаар сарын 02-нд 50 МВт-ын өндөр даралтын станцад осол гарч, үйлдвэрлэлийн барилга галд өртөж, есдүгээр турбогенератор ажиллагаагүй болсон. Ослын улмаас үүссэн уршиг, үр дагаврыг арилгах, хэвийн горимд шилжүүлэх хүрээнд гурван багц арга хэмжээ авч байгааг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавихбэх нар танилцууллаа.
Галд өртсөн барилгыг буулгаж, шинээр барих ажлыг энэ сарын 25-нд эхлүүлж, ирэх арваннэгдүгээр сарын нэгэнд дуусгахаар төлөвлөжээ.

Мөн дулаан үйлдвэрлэлийг тасалдуулахгүйн тулд дулаан үйлдвэрлэх системийн горимыг энэ оны аравдугаар багтаан өөрчилнө. Ерөнхий суурь ажлууд хийгдэж дууссан. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хэлцэл хийж байна.
Гуравдугаарт, ес болон долоодугаар турбогенераторыг бүрэн шинэчилж, 2025-2026 оны өвөл бүрэн ашиглалтад оруулахаар зэхэж байна. Есдүгээр турбогенератор нь осол гарсан хэсгийн цахилгаан дамжуулах өндөр даралтын станц юм. 2014 онд 50 МВт-аар тус станцыг өргөтгөж ашиглалтад оруулсан. 25 МВт-ын долоодугаар турбогенератор ослын улмаас зогсоод байгаа 50 МВт-ыг нөхөх зориулалттай. Засварын ажлыг халаалтын улирлаас өмнө дуусгахаар төлөвлөжээ. Эхний ээлжинд хуучин долоодугаар турбогенераторыг засварлаж, цахилгааны доголдол үүсэхээс сэргийлж ажиллуулах ажээ.

Ирэх жилийн арванэгдүгээр сараас өмнө долоо ба есдүгээр турбогенераторыг шинэчилнэ. Шинэчлэлд зарцуулах эхний төсвийг төсвийн тодотголд суулгасан. Үлдсэн төсвийг ирэх оны төсөвт суулгана. Есдүгээр турбогенераторыг БНХАУ-д захиалж хийлгэхээр судалж байгаа гэж Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавихбэх ярилаа.
Мөн дунд даралтын станц болох 48МВт-ын станцыг ОХУ-тай хамтран шинэчлэх төслийг эхлүүлжээ. 1968 онд ашиглалтад орсон тус станцын ашиглалтын хугацаа дуусаад 33 жил болж байгаа ч ажиллуулж байна. Тиймээс бүрэн шинэчилж хүчин чадлыг нь 250МВт-аар нэмэгдүүлж, 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар засвар, шинэчлэлийн ажлаа эрчимжүүлж, өвөл гал алдахгүй байхад анхаарч, эв нэгдэлтэй ажиллахыг эрчим хүчний салбарынханд сануулаад дараах үүрэг даалгаврыг өглөө. Салбарын хэмжээнд данхар бүтэц, шаардлагагүй орон тоогоо багасгаж, үргүй зардлаа хасаж, саналаа боловсруулаад энэ сард багтаан танилцуулах, салбартай холбоотой тендерийн цавчаа, шахаа, хулгай гэх мэт маш ихээр яригддаг асуудлыг цэгцлэх, данхар бүтцийг багасгаж, шаардлагагүй зардлыг хэмнэх зэрэг арга хэмжээг нүүрсний уурхайнуудад ч авч хэрэгжүүлнэ. Засгийн газар бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны болон санхүүгийн шалгалт хийж асуудлыг цогцоор нь шийдвэрлэнэ. Шаардлагагүй нэгжүүдийг татан буулгах, нэгтгэх, хувьчлах санал боловсруулж ирэх сарын 15-ны дотор Засгийн газарт танилцуулах үүрэг өглөө.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хоёрдугаар блок нь 150 МВт-ын хүчин чадалтай. Энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад орно. Мөн Сэлэнгэ аймагт цахилгаан станц барьж эхэлсэн, Завханы Тосонгийн дулааны цахилгаан станц, баттерей хуримтлуурууд, нарны станцууд нэмэгдсэнээр энэ өвлийг давна гэж Ерөнхий сайд мэдэгдлээ.

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж дуусгах, ажлын явцад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд гарсан хүндрэлийг шуурхай зохицуулах ажлын хэсэг ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 69 зуухнаас ажилд 24, бэлтгэлд 20 байгаа бөгөөд 25 зууханд засвхр хийж байна. Мөн турбогенератороос ажилд 23, бэлтгэлд 13 байгаа бөгөөд 13 турбогенераторт засвар хийж системийн горим ажиллагаа хэвийн, төлөвлөгөөт засварын ажлуудыг хийж байна.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийь 1920 нэр төрлийн ажилд 463.9 тэрбум төгрөг, үүнээс их засварт 770 нэр төрлийн ажилд 157 тэрбум төгрөг, техник зохион байгуулалтын арга хэмжээний 429 нэр төрлийн ажилд 118.3 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын 721 нэр төрлийн хжилд 188.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.
3,607.57




















































Холбоотой мэдээ