Халхын Сэцэн хан аймагт одоогийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр аймаг, Төв аймгийн зүүн сумд, Дорноговь аймгийн хойд сумд , Дундговь аймгийн зүүн талын сумдын газар нутаг харьяалагддаг байжээ. Тэгвэл өнөө жилийн баяр наадмаар Сэцэн ханы хүчтэнүүд амжилт дүүрэн сайхан наадлаа. Наран ургах зүгээс монгол бөхийн үргэлжлэл болсон ханагар эрс тодорч, зон олноо, уул усаа жаргаав.
- Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Нямдоржийн Өсөхбаярт УЛСЫН ГАРЬД цол олголоо.
- Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, Мөнхжаргалын Бэлгүтэй УЛСЫН ХАРЦАГА
- Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат, Шаравдоржийн Отгонтөгс УЛСЫН НАЧИН
Хэнтийн Ш.Отгонтөгс өнгөрсөн сар шинийн барилдаанаар цойлж, өөрийгөө улсын цолонд ойртсон гэдгийг харуулсан. Их шөвөгт үлдэхдээ тэрбээр улсын заан Д.Анар, Н.Жаргалбаяр, дархан аварга Н.Батсуурь нарыг давсан түүхтэй. Энэ жилийн баяр наадамд ч өнгөтэй барилдаж, дөрвийн даваанд улсын заан Б.Серикийг давж, тавын даваанд улсын арслан Э.Оюунболдоор начин цолны босго давсан билээ.

Дорнодын М.Бэлгүтэй мөн л улсын цолонд тулчихсан бөх байсан. Зал танхимын барилдаанд тогтмол барилддаг, шөвгөрдөг бөх. Нэг харайхдаа шууд харцага цол руу харайчихлаа. Хурдан хүлэг гэхээс улсын цолтой бөх ховор тал нутгаас харцага цолтон тодров. Ингэхдээ дандаа сайн эрсийг хазайлгасаар тавын даваанд нутгийн заан Д.Анар нь тавын давааны өндөр босгыг гэтлүүлсэн. Зургаагийн даваанд энэ жилийн төрийн наадмын түрүү, үзүүрт яригдаж байсан Б.Орхонбаярыг өвдөг шороодуулж, бүсгүйчүүдийг зурагтнаас холдуулсан.

Сүхбаатарын Н.Өсөхбаярыг өнгөрсөн жил улсын цолтон болно гэж дээр дооргүй ярьж байсан ч санаснаар болоогүй. Харин энэ жил татсан нумаар тавьсан сум шиг нэвт ниссээр түрүү булаалдах аж. Өөрийг нь амласан бүх хүчтэнүүдийг дийлж, есийн даваанд яахын аргагүй яарсан, тэвдсэн гэлтэй. Гэхдээ баргийн аавын хүүгийн хүрдэггүй гарьд цолонд хүрлээ. Төрийн наадмын түрүү булаалдана гэдэг ховор хувь заяа билээ.
3,607.57






















































Холбоотой мэдээ