-Тэрбээр, "Энэ жилийн наадам өргөн дэлгэр сайхан болох шинжтэй. Нэг аймаг, 24 сумын 100 жил тохиож байна. Үүнээс өмнө хэлэхгүй бол болохгүй нэг асуудал байна. Энэ бол замбараагүй тарааж байгаа одон медалийн асуудал. Үнэхээр одон медаль тараагаад хөгждөг бол бүх хүнд медаль өгөх сөн. Гэвч харамсалтай нь тийм биш юм" гээд шагнал, одон медаль тараахад зарцуулсан төсөв, тоо баримтыг дурдав.
Тодруулбал, жилд улсын байгууллагаас олгож байгаа нийт шагналын тоо “Алдарт эхийн одон”-г тооцохгүйгээр 40,000 гаруй байна. Одоо энэ хэвээрээ одон, медаль шагнал тараавал 10-20 жилийн дотор МУ-ын насанд хүрсэн бүх хүн төрөөс ямар нэг шагнал бүгд авч дуусах төлөвтэй.
Монгол улсын 21 аймаг нийлээд жил бүр зөвхөн шагнал тараахад 1.5 тэрбум төгрөгийг төсвөөс зарцуулдаг.
ХХААХҮЯ улсын аварга малчин, хошой аварга малчин, тариаланч, тариаланч хамт олон, саальчин, фермерүүдэд жил бүр 2.5 тэрбум орчим төгрөг зарцуулж байна.
2024 онд шинээр “Улсын аварга малчин” 195 төрсөн. 2024 онд Хөвсгөл аймаг “Аймгийн аварга малчин” 160-ыг шинээр төрүүлсэн бол мөн онд улсын хэмжээнд “Аймгийн аварга малчин” шинээр 1029 төрсөн.
Боловсролын яам 2024 онд 7400 орчим шагнал, тэмдэг тараасан тоогоороо тэргүүлсэн бол ЭМЯ 4400 шагнал тарааснаараа хоёрдугаар байрт орж бусад яамдуудаа манлайлжээ. Харин Батлан Хамгаалах яам 2024 онд 2700 орчим цэргийн цол, одон, медаль, өргөмжлөл тараасан байна.
Би үүнд төрийн одон медаль авч байгаа иргэдийг буруутгахгүй. Харин төрийн бодлогыг шүүмжилж байна"
Одон медаль өвөртлөөд сайн хүний дүрээр айл хэсэж, айраг ууж, наадам, цагаан сар тэмдэглэх нь сайд дарга нарын сонгуульд санал цуглуулах арга нь болжээ. Учир нь сонгуулийн өмнөх болон сонгуулийн жилүүдэд төрийн шагнал, одон медаль өмнөхөөсөө хамаагүй олноор тараагддаг юм байна.
Ийм замбараагүй тарааж байгаа нь хууль, эрхзүйн зохицуулалтгүй байгаатай холбоотой. Ерөнхийлөгчийн 1999 оны 71-р зарлигийн хавсралтаар “МУ-ын цол хүртээх, одон медалиар шагнах журам” гэж байна. Үүнээс болоод ч тэр үү манай Ерөнхийлөгч зөвхөн медаль тараадаг хүн шиг болчихсон нь харамсалтай.
Зарим аймагт шагнал авсан хүн нь шагналаасаа ичээд тэмдгээ зүүхээ больж байна. Медаль угаах найр, наадам гээд бүр их санхүүгийн хүндрэлд ордог гэнэ.Тиймээс шийдэл нь хуулийн төсөл санаачилж, төрийн цол, одон медалийн тухай хууль гаргахаас өөр сонголт алга. Ингэснээр одон, медалийн үнэ цэнийг өсгөх, шагнал авч байгаа болон шагналд нэр дэвшигчдийн хүсэлт, хяналт, бүртгэлийг олон нийтэд шилэн, нээлттэй болгож жилд олгож байгаа шагналуудын төсөв, зардлыг хэмнэх шаардлагатай. Эрээнээс захиалсан 5000 төгрөгийн тэмдэг аваад төрийн хайр хишиг хүртэж байна гэж бодвол маш том эндүүрэл. Төрдөө үнсүүлэх биш өөрсдөө хөдөлмөрлөж, бизнес эрхэлж, ашиг орлогоороо өөр, өөрсдийнхөө амьдралыг сайжруулах боломж олгохыг төр, засгаасаа шаардъя.
-5000 төгрөгийн эрээний хог авч байна гэж бодсондоо биш төр засаг нь хөдөлмөр зүтгэлийг нь үнэллээ гэж талархаж баярладаг үеийн хүмүүсийг ойлгохгүй, үгүйсгэж гутааж байгаа нь шинэ үеийн дэвшил биш. Энэ цаг үе бол дан ганц шинэ залуу үеийн амьдарч буй цаг биш. Хоёр өөр нийгмийн суурьтай хоёр төрөл хүмүүсийн хамтын нийгэм учраас харилцан хүлээн зөвшөөрөлцөх ойлголцох асуудал чухал юм.
Шагнал аваад талархан нулимс дуслуулж байгаа эмээ өвөөгөө ээж аавыгаа 5000 төгрөгийн эрээний хогонд баяссан тэнэгүүд гэж болохгүй.
Миний хувьд шагнал авъя гэж боддоггүй ч шагнал аваад баярлаж байгаа авах юмсан гэж зүтгэж хөдөлмөрлөдөг хүмүүсийг бол үгүйсгэхгүй. УИХ-ын гишүүн С.Цэнгүүний санаа нь зөв, ойлгож байна. Шинэ үе шагнал урамшуулал гэдэг зүйлээс ангид байхыг хүсч байгаа нь сайн хэрэг. Гэвч энэ бол улсын нэн тулгамдсан зовлонт асуудал биш гэж бодож байна. Төмөр нь зэвэрдэг ч сэтгэл нь зэвэрдэггүй юм билээ.
Холбоотой мэдээ