Иргэн Нацагийн гэр бүл энэ жил Баян-Өлгий аймгийн Алтай Таванбогд үзэхээр төлөвлөжээ. Тэрбээр жижиг суудлын автомашинаар 1500 гаруй км замыг туулах боломжгүй гэж тооцсон тул томруулахаар "Да хүрээ зах"-аас туулах хүчин чадал өндөр жип машин сонирхож явахтай таарлаа. Гэвч төлөвлөсөн мөнгөн дүнгээс нь үнэтэй байгаа учир банк бус санхүүгийн газраас зээл авч автомашинаа авахаар болсоноо ярилаа.

Сүүлийн жилүүдэд иргэд бэлэн мөнгөөр авто машин худалдан авахаа больсон байна. Дийлэнх нь банк ба банк бус санхүүгийн газраас урьдчилгаа 30-40 хувийн зээл авч унаагаа юүлэх болсон аж. Массын унаа гэгддэг "пирус", "акуа" маркийн автомашины үнэ 18-32 сая төгрөг бөгөөд лизингээр авах нь ихэссэн байна. “Да хүрээ” худалдааны төвийн хамгийн сайн борлуулалтай автомашин бол "акуа" гэнэ. Авто машин үзэхээр ирсэн иргэдийн дийлэнх нь "акуа байна уу" гэж асууж ирдэг гэнэ.
2024 онд 104742 суудлын автомашин импортоор оруулж ирсэн нь өмнөх оны мөн үеэс 71.7 хувиар, ачааны автомашин 24632-ыг оруулж ирсэн нь 43.3 хувиар тус, тус өссөн үзүүлэлт аж.
Зуны сарууд "Да хүрээ"-д автомашин борлуулагчдын хувьд ид сезоны цаг. Гэвч энэ жилийн хувьд өмнө жилүүдтэй харьцуулахад автомашины худалдан авалт эрс буурсан болохыг тус захын ченжүүд хэлж байлаа. Тэдний хувьд өдөрт ганц авто машин зарах нь азтайдаа ордог, зарим өдөр таг суудаг болохоо ч хэлж байлаа. Энэ нь зуун жилүүдийн ой багассан, мөн иргэдийн хэрэглээний зээлийг хумьснаас болсон аж.
“Да хүрээ” худалдааны төвд борлуулагдаж буй машинд “У” серийн дугаар дагалдуулж 1.5 сая төгрөг нэмсэн. Харин “У” серийн дугаар авахгүй гэвэл дугаарын үнийг хасаж өгдөг аж.
Үйлдвэрлэгдээд 10-аас дээш жил болсон авто машинд “У” серийн дугаар олгохгүй гэсэн шийдвэрийг НЗДТГ-аас гаргасан. Иймд борлуулагчид он залуу автомашин оруулж ирж гаалийн үзлэг шинжилгээнд хамруулж зарж борлуулдаг аж. Баяр наадмын өдрүүд ойртсон энэ үед авто машин худалдан авах иргэд нэмэгдэх байх гэсэн горьдлого тээн суух түүнийг Г.Тогтохбаяр гэнэ. Тэрбээр энэ худалдааны төвд автомашин борлуулагч хийдэг. Гэхдээ 2025 оны долдугаар сарын 7-ны байдлаар нэг ч автомашин зараагүй гэв: Г.Тогтохбаяр хэлэхдээ, Да хүрээ автомашины төв 15 саяас 200 саяын үнэтэй автомашин бий. Гэхдээ сүүлийн хэдэн жил авто машины борлуулалт эрс буурсан. Баяр наадмын өдрүүдэд хөл хөдөлгөөнд дарагдах байх гэсэн боловч жирийн нэгэн өдрүүдтэй адилхан болжээ. Энэ нь иргэд, айл өрхийн санхүүгийн байдал муу байгааг харуулж байна. Бид бүхний зарж байгаа машинууд бүгд үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдсан. Машин бүрд Улаанбаатар хотын дугаар авсан. Тухайн иргэд хотын дугаарыг сонирхож байвал дугаар бол 1 саяас 1.5 хооронд байгаа гэв.

Харин өөр нэг борлуулагч хэлэхдээ, ₮Машин сонирхохоор ирж байгаа хүмүүс үнэтэй байна гэдэг. Гэхдээ бид үнийн дүнг хөөргөж тогтоодоггүй. Аль болох хямд байлгах үүднээс их хичээдэг. "Pruis-20" машины хувьд 22-30 саяын хооронд байгаа. Хүмүүсийн хамгийн их асуудаг Акуа машин гэхэд доод талдаа 22 саяар зарагдаж байна. Машин тус бүрийн QR кодыг уншуулан мэдээллийг авч болно. Гэхдээ зарим тохиолдолд үнэ доош буулгах үе гардаг. Худалдан авагч нар хуучин машинаа зөрүүд нь санал болгодог. Тэр бүгдийг аваад байх хэцүү талаараа дурдсан юм.
Одоогоос сарын өмнө "Pruis 20" автомашин 18-20 сая төгрөг байсан бол өнөөдөр 22-30 сая төгрөгт хүрчээ. Энэ мэт баяр дөхүүлж үнээ нэмээд, дахин буулгадаггүй нь иргэдийг худалдаачдаас татгалзахад хүргэж байгаа аж.
Ченжүүдэд ч өнөөдрийн нөхцөл байдал мөн хүндээр тусч буй тул үнээ унагаахгүй барих нь чухал. Ямартай ч "Да Хүрээ" захын үйлчлүүлэгчид наадмын сезонд өртөөгүй байгаа нь эдийн засгийн хямралаас шалтгаалж энэ жилийн гол худалдан авалт уналтад орсныг илтгэж байна.
А.ТАМИР
3,607.57















































