Төв банк инфляцид хамгийн өндөр эффект үзүүлж ирсэн тэтгэврийн зээлийг хазаарлах замаар Мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлэхийг хичээсэн ч ахмадуудын өлсгөлөн зарлана гэх “шантааж”, улстөрчдийн попролтод бүдэрч, тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлийн ангиллаас гаргахаар болов.
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ирэх долоо хоногийн Даваа гариг/2025.07.07/-т хуралдан асуудлыг хэлэлцсэнээр шийдвэр хэрэгжиж эхэлнэ. Гэхдээ ахмадуудын тавьсан тэтгэврээ 100 хувь барьцаалж, 36 сар хүртэлх хугацаагаар зээл авах хүсэлт бүрэн хангагдах эсэх нь эргэлзээтэй. Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Тэтгэвэр барьцаалсан зээлд тавих шаардлагыг хуучин горимд оруулна” гэдэг тайлбар хийсэн ч энэ нь 100 хувь тэтгэврээ барьцаалж зээл авах боломжоор хангагдана гэж ойлгох нь өрөөсгөл юм.
Товчдоо бол тэтгэвэр барьцаалсан зээлээс төр гараа татсанаар арилжааны банкууд бүх эрх мэдлийг авна. Иймээс арилжааны банкны дотоод журмаар зохицуулагдах болж байна.
Одоогоор арилжааны банкуудын тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү жилийнх нь дунджаар 18.6 хувь орчим байгаа юм. Нийт ахмад настны 65 орчим хувь нь тэтгэвэр барьцаалсан зээлтэй. Тэтгэвэр барьцаалсан зээлийн нэг онцлог нь богино хугацаатай олгогддог. Энэ нь арилжааны банкуудад буюу эздэд илүү ашигтай тусаж ирсэн юм.
Бизнес эрхлэгчид өнгөрсөн хугацаанд төр засгаас зээлийн хүүг бууруулж, бизнес эрхлэх боломжоор хангаж өгөх хүсэлт тавьж ирсэн ч биелэсэн нь үгүй. Ахмад настнууд ч тэтгэврийн зээлийн хүүг бууруулах хүсэлт тавиад удаж байгаа. УИХ-аас 2020 онд Зээлийн хүүг бууруулах тухай стратеги батлаад ч хэрэгжээгүй. Хэрэгжих үндэс нөхцөл ч бүрдэлгүй явж ирсэн. Учир нь, инфляци өндөр үед Төв банк бодлогын хүүгээ бууруулах боломжгүй.
Инфляцийг өрддөг хүчин зүйл нь хэрэглээний зээл.
Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар арилжааны банкууд ахмад настнуудад 1.8 их наяд төгрөгийн тэтгэврийн зээл олгожээ. Нийт тэтгэвэр авагч 550 орчим мянган иргэний 55 хувь нь тэтгэврийн зээлтэй байна гэсэн үзүүлэлт аж. Дундаж тэтгэврийн зээлийн үлдэгдэл нэг тэтгэвэр авагч дээр 6.5 сая төгрөг бол сарын дундаж төлөлт нь 650 мянга орчим төгрөг байна.
Зах зээл рүү хэрэглээний зээл хэр их хэмжээгээр гарна тэр хэрээр инфляци үйлдвэрлэгддэг. Импортоос өндөр хамааралтай улсад энэ нь эргээд Төв банкны бодлогын хүүнд нөлөөлж ирсэн юм.
Харин бодлогын хүүгээс хамаарч арилжааны банкууд зээлийн хүү, хадгаламжийн хүүгээ тогтоодог хуультай. Нэг үгээр хэлбэл, арилжааны банкуудад бизнесийн зээлээс илүү хэрэглээний зээлийг түлхүү гаргах нь ашигтай тусаж ирсэн юм. Иймээс өлсгөлөнгөөр далайлгасан ахмадуудын тэмцэл банкны эздэд илүү ашигтай тусах болоод байна.
Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалсан зургаан банкны өнгөрсөн онд олсон цэвэр ашиг нь өмнөх оноос 52 хувиар өсч, 1.7 их наяд төгрөгт хүрсэн. Хэдийгээр энэхүү цэвэр ашгийг хийхэд дан ганц тэтгэврийн зээл нөлөөлөөгүй ч зээлийн өндөр хүү , хэрэглээний зээл эргээд эдийн засгийг боомилж байгааг хаа хаанаа бодолцох ёстой юм.
Иймээс Төв банк мөнгөний бодлогоороо дамжуулан инфляцийг удирдахыг хичээсэн ч боломж олгосонгүй. Ирэх өдрүүдэд инфляци хоёр оронтой тоонд шилжиж, банкууд зээлийн хүүгээ өсгөвөл Төв банкныхныг буруутгахаас өмнө тэтгэврийн зээлээр попорсон улстөрчдөөс л хариуцлага нэхэх ёстой шүү.
УИХ-ын чуулганд Төв банкны ерөнхийлөгч орж ирэх бүрийд “Зээлийн хүүг бууруул. Инфляци удирд” гэж зандардаг хэрнээ арга хэмжээ авахаар “Амьдралд нийцэхгүй шийдвэр гаргалаа. Тэтгэврийн зээлд тавьсан шалгуур нөхцөлөө зөөлрүүл” гэж омогддог хууль тогтоогч нартай байхад бизнес эрхлэгчид зээлийн хүү буурна гэж хүлээж, найдах хэрэггүй л болов уу.
Шинээр байгуулагдсан Засгийн газар 2025 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлэхдээ Монголбанкны хэрэгжүүлж байгаа Мөнгөний бодлоготой уялдуулж боловсруулсан байсан ч парламентаар хэлэлцүүлэг ид хийж байх үед тэтгэврийн зээлийг сулд нь тавих шийдвэр гарах болсон нь эдийн засагт олон таагүй үр дүн дагуулах нь тодорхой болж байна.
Г.ХОРОЛ
3,607.57






















































Холбоотой мэдээ