Арван хуруундаа алтан бөгжтэй хууль сахиулагчдыг шударга ёс тогтооно гэдэгт олон нийт эргэлзэж байна. Зайсангийн амнаас Санзайн зуслан хүртэл Жи класс хөлөглөж, тансаг хаусанд амьдарсан төрийн албан хаагчдыг орлогоо нотлохыг ард түмэн шаардаж байна.
/Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгнээс/
Авлига, албан тушаалын асуудалд нэр холбогдсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-аас итгэл үзүүлэхийг хүссэн ч парламентын гишүүдийн дэмжлэг авч чадаагүй тул гүйцэтгэх засаглалын суудлаасаа огцорсноос хойш гурван долоо хоног өнгөрчээ. Энэ хугацаанд дараагийн Ерөнхий сайдаар УИХ-ын дарга асан Г.Занданшатар томилогдож, шинэ Засгийн газар төсвийг 1.8 их наядаар тодотгох төслөө УИХ-д өргөн барьж, ҮАГ-аас Л.Оюун-Эрдэнийн засгийн төсвийн зарцуулалтаас 9.3 их наядын зөрчил илрүүлж, АТГ Ерөнхий сайд асны хүү О.Тэмүүлэнгийн орлогоо нотлох хугацааг сараар сунгаж, эцэг Л.Оюун-Эрдэнэ авлига, албан тушаалын асуудлаараа АТГ-д утсаар байцаалт өгч, Английн сайтад Монголын үндэсний эрх ашигт харшилсан үгүүлэл нийтлэгдэж… гэх мэт үйл явдлууд улс төрд өрнөж байна.
Л.Оюун-Эрдэнэгүйгээр хамтарсан засаг байгуулагдахгүй, тэрбээр Ерөнхий сайдын албан тушаалаас огцорвол Монгол Улс 12 жилээр ухарч, улс орон дампуурна гэсэн херопагандад УИХ-ын гишүүдээс эхлээд улсаараа итгэж уянгалсан, авчиг ардчилсан улсад ганц хүнээр дутдаг төр гэж байдаггүй.
Эсрэгээрээ Л.Оюун-Эрдэнэ огцорсноор улс төр, эдийн засаг, нийгэмд олон эерэг өөрчлөлт харагдаж байна.
- Өнгөрсөн жилүүдэд морь, нохой мэт дарамтлуулсан бизнесийнхний нуруу тэнийсэн,
- Төр дэх энтертаймент шоу төгссөн,
- Төсвийн хэт үрэлгэн байдлыг хумигдаж,
- Нийгмийг талцуулсан хар пиар намжсан,
- Үндэсний эв нэгдэл эргээд сэргэсэн,
- Үр ашиггүй мега төслүүдийг зогсоохоорболсон. Гэх мэтчилэн.
Нэг.
Л.Оюун-Эрдэнэ өөрт нь итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцэх УИХ-ын чуулганы хуралдаанд илтгэл тавихдаа “Хамтарсан засгийн газар байгуулснаар 60 гаруй жил яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл,30 жил яригдсан эрчим хүчний реформ, 28 жил гацсан Монгол-Францын хамтарсан ураны төсөл, 20 гаруй жил улс төржсөн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийг эхлүүлсэн” болохоо дурдсан төдийгүй түүний засаглалын он жилүүдэд “Монгол Улсын экспортын орлого хоёр дахин өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 37.4 их наяд төгрөгөөс 80.0 их наяд төгрөг болж эдийн засаг хоёр дахин тэлсэн, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 4128 ам.доллараас сүүлийн гурван жилд тогтмол өсч, 6898 ам.доллар болсон”-ыг онцолсон. Гэвчиг Л.Оюун-Эрдэнийн хэлсэн эдгээр тоонууд айл өрх, аж ахуйн нэгжид үр өгөөжөө өгсөн үү гэвэл өөр тоо яригдана. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн засгийн реформын үр дүнд эрчим хүчний салбар уналтад орж, ирэх өвөл улаанбаатарчууд “онд мэнд” өвөлжих эсэх нь эрсдэлтэй болсон билээ. Арга ядсандаа нэкст Ерөнхий сайд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд өмнөх засгийн алдааг засах 100 хоногийн гэрийн даалгавар өгсөн юм.
Тэрчлэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төсөл Монголын өмнө тавьсан Хятадын хавх, эдийн засгийн үр ашиггүй төсөл болохыг романтизмдаа хэт автсан Л.Оюун-Эрдэнэ олж хараагүй. Магад "Мөнгө цагаан, нүд улаан" гэгч болсон ч байх.
Үндсэндээ, дөрвөн жилийн дотор 14 мега төслийг хэрэгжүүлнэ гэдэг үлгэр, домог юм. Мега төсөл болгон улс оронд үр өгөөжөө өгдөггүй. Дэлхий дээрх мега төслүүдийн гуравны нэг нурж унадаг нь бичигдээгүй хууль. Тэр тусмаа сэтгэлийн хөөрөл, хувийн эрх ашиг дээр суурилсан, цаг хугацаанд хөөгдсөн мега төсөл нуран унадаг нь жам. Энэ нь улс орны эдийн засагт том гай дагуулах нь ч бий. Үүний тод жишээ гэвэл Гашуунсухайтын болон Зүүнбаянгийн мухар төмөр замууд. Мөн Сайншандын аж үйлдвэрийн төсөл, шинэ сум, Майдар хот гэх мэтээр фэйлдсэн "мийгаа"-чуудын жагсаалт үргэлжилнэ.
Тэр мөртлөө Монгол Улсын нэг хүн оногдох ДНБ 6898 ам.долларт хүрсэн нь үнэн бол гурван монголын нэг нь ядуу амьдрах ёсгүй юм. Монголд ядуурлын төвшин 27.1 хувьтай байгаа. Үндсэндээ, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, иргэдийн амьжиргааны төвшин уруудсан хоёр өнгөрсөн жилүүдэд яг тэнцсэн. Түдэй Монголд Л.Оюун-Эрдэнийн ар гэр, үр хүүхэд, ах дүү, найз нөхөд баян тансаг амьдарч бусад нь амаргүй нөхцлийг туулж явна. Юу үнэн гэвэл энэ үнэн.
Хоёр.
УИХ-ын гишүүн Ж.Баярмааг Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжсэнийх нь төлөө АТГ-аас орлогоо хоёрхон хоногт нотлохыг шаардаж байсан нь болсон явдал. Атал АТГ-аас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнтэй холбоотой гомдлын мөрөөр мөрдөн шалгах ажиллагааг дахин 30 хоногоор сунгажээ.
Төрсөн эцгийнх нь хэлснээр “Херо энтертаймент”-ад ажилладаг гэх О.Тэмүүлэн ямар орлогоороо найз бүсгүйдээ 17 сая төгрөгийн сүйн бөгж, 100 саяын тансаг зэрэглэлийн машин худалдаж авсныг шалгахад уг нь тийм ч хэцүү асуудал биш. Монголд 23 настай хүүхэд энэ зэргийн тансаглал эдлэх хөрөнгө цуглуулах боломжгүй. Эцгийнх нь нэр нөлөө байсан нь гэдэгт бараг эргэлзэх ч хэрэггүй.
Хэрэв МАНай хуулийн байгууллага томилсон хүндээ биш хууль дүрэм, өргөсөн тангарагтаа үнэнч аваас авлига, албан тушаалын асуудалд нэр холбогдсон Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ аль эрт илрүүлчихсэн байх байлаа гэж. Адаглаад л ах дүү хоёрын авсан нэг бүр нь 375 мянган ам.долларын үнэтэй аяллын тансаг зэрэглэлийн “Mercedes-benz” маркийн машиныг хууль ёсны орлогоороо авсан уу, хууль бус орлогоор авсан уу гэдгийг мөрдөн шалгах хангалттай хугацаа өнгөрсөн. Даанч Монгол жалга нэгтэй ах-дүү нарт даабль стандарт л үйлчилдэг. Энэ бол Монгол төрийн бодит байдал.
Авлигатай тэмцэгч Л.Оюун-Эрдэнэ хоёр жилийн өмнө чуулганы хуралдаанд үг хэлэхдээ, ийм мессеж нийгэмд шидэж байлаа.
- Авлига ард иргэдийн шударгаар хөдөлмөр эрхлэх хүсэл эрмэлзлийг мохоож байна.
- Авлига бол Монголын төрд голомтолсон хорт хавдар юм.
- Авлига арилаагүй цагт орлогын тэгш бус байдал арилахгүй, орлогын тэгш бус байдал арилаагүй цагт Монголын ардчилал “доголон” хэвээр байх болно.
Гэх мэт түүний уран яруу романтизм бодит үнэнээс хол зөрсөн, өөрөөс нь өөр үзэл бодолтой болгонд "авлига" гэх шошго хадаж, шонд дүүжлэх гэсэн арга заль байжээ. Системийн алдаа ярьдаг Ерөнхий сайд асан өөрөө системийн гажуудал байсан нь баримттайгаа дэлгэгдсэн.
Хоржоонтой нь, авлигатай тэмцэгчээс ард түмэн орлогоо хууль ёсны мөн эсэхийг нотлохыг шаардаад хоёр сар болох гэж байна. Хоёр сар бол "Херо энтертаймент"-ын 50 хувийг, "Хүлэгү контент"-ийн 100 хувийг эзэмшдэг Л.Оюун-Эрдэнэ орлогоо хуулийн дагуу нотлох хангалттай хугацаа.
АТГ-т 2019 онд өөрийнхөө гараараа бичиж өгсөн ХОМ-т хувь хүнийх нь орлого 233 сая, гэр бүлийн орлого нь 14 сая. 244 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай. 28 саяын "Хайландер" маркийн машинтай. 100 сая төгрөгийн хадгаламж, 100 сая төгрөгөөр үнэлэгдэх малтай. 60 саяын үнэт эдлэлтэй гэсэн байх юм. Түүнээс хойш хөрөнгө орлогын мэдүүлгээ өөрчлөөгүй. Тиймээс түүүний аяллын зориулалттай 375 мянган ам.долларын машин, хүүгийнх нь тансаг хэрэглээ хаанаас эхтэй нь хачирхалтай хардлага мөн.
Тиймээс Л.Оюун-Эрдэнэд орлогоо хуулийн дагуу нотлох, эс бөгөөс өөрийнхөө гараар УИХ-д өргөн барьсан хуулийн төсөлд зааснаар хууль бус орлогоо хураалгах хоёрхон сонголт байна.
3,607.57






















































Холбоотой мэдээ