УИХ-ын нэр бүхий гишүүд “Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл”-тэй холбоотой асуудлаар өнөөдөр /2025.06.30/ мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
-Уг хуулийн төсөл зургадугаар сарын 23-нд өргөн баригдаад, маш хурдан хугацаанд буюу өнөөдөр /2025.06.30/ эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэгдэхээр хүлээж байна. Тэгэхдээ Эрчим хүчний яам үүн дээр мэдээлэл дутуу өгч ажилласан. Тиймээс бусад холбоотой талууд уг хуулийн төсөл дээр саналаа өгч чадаагүй байгаа. Гурван зүйл ангиар 30 шинэ заалтыг энэ хуулийн төсөл дээр оруулж ирж байгаа. Энэ 30 заалтыг ерөнхийд нь тайлбарлах юм бол эрчим хүчний төсөл гэдэг шинэ нэршлийг гаргаж ирж байгаа. Эрчим хүчний төсөл гэдэг нэршилд нэгдсэн сүлжээнд холбогдон ажиллах сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс бусад эрчим хүчний шинэ эх үүсвэрийн зураг төсөл боловсруулах, эрчим хүчний барилга байгууламж барих, ашиглах, өмчлөх, шилжүүлэх, эрчим хүч үйлдвэрлэх цогц үйл ажиллагаа бүхий төслийг хэлнэ гэж зааж өгсөн. Энэ хуулийн төсөлд сэргээгдэх эрчим хүчийг орхигдуулсан байна. Дээрээс нь Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Ингэхдээ эрчим хүчний төслийн түншлэлийн гэрээ гэдэг ойлголтыг оруулж ирж байгаа.
Эрчим хүчний зохицуулах хороон дээр одоогоор олгогдоод явж байгаа зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлыг үндсэндээ Эрчим хүчний яам энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өөр дээр татаж авч байгаа юм.
Энэ ажлын хэсэг эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах гэдэг нэртэй байгаа. Эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх гэж байгаа компаниудыг сонгон шалгаруулах ажлын хэсэг таван хүний бүрэлдэхүүнтэй. Тодруулбал, эрчим хүчний сайд өөрөө ахлаад, Эрчим хүчний яамнаас томилогдсон хоёр хүн, бусад нь эрчим хүчний салбарын төлөөллүүд байна.
Тэгэхээр эдгээр таван хүн бүх эрчим хүчний төслүүдийг дангаар шийдвэрлэх эрхтэй болж байгаа юм. Үүгээр зогсохгүй энэ ажлыг хэсэг эрчим хүч нийлүүлэх үнэ, төслийг төрд шилжүүлэх нөхцөл, төслийн хугацаа, санхүүжилтийн зардал болон хэмжээ, туслан гүйцэтгэгчийн чадал болон төслийн гүйцэтгэгчийн чадавхыг ч гэсэн дангаараа шийдвэрлэнэ.
Эрчим хүчний салбарын томоохон төслүүд хэрэгжихэд тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор ажлууд гацдаг нь үнэн. Гэхдээ ийм том өөрчлөлтийг Эрчим хүчний тухай хуульд оруулж ирж байгаа нь зарчимгүй үйлдэл. Ялангуяа наадмын үеэр олон хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа үед энэ том хуулийн төслийг олон нийтэд хэлэлцүүлэхгүйгээр оруулах гэж оролдож байгаа нь сэжиг бүхий байна. Ийм хуйвалдааны чанартай хуулийн төслийг дэмжихгүй гэлээ.
3,607.57






















































Холбоотой мэдээ