Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл нь ажилтан албан хаагчдаа үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж, ажлаас нь халахын зэрэгцээ хорооны Засаг дарга нарыг үндэслэлгүйгээр ажлаас халж, оронд нь МАН-ын гишүүдийг ажилд аван хууль зөрчихөөс гадна намын дүрмийг зөрчсөн ноцтой үйлдлүүдийг гаргах болжээ.
Иймд Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын хорооны тэргүүлэгчид намын дүрэм зөрчин, Ардчилсан намын гишүүдийг халж, Ардын намын гишүүдийг ажилд авч байгаа Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Ардчилсан намын гишүүн М.Алтангэрэлийг хууль зөрчсөн харалган үйлдлээ зогсоож, залруулахыг шаардсан мэдэгдлийг хүргүүлсэн байна.
Учир нь өнгөрсөн 2024 онд болсон орон нутгийн сонгуульд Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн 35 суудлаас 23-ыг нь Ардчилсан намаас нэр дэвшигчид авч олонхи болсон боловч тус дүүрэгт МАН эрх барьж байгаа мэт томилгоо хийгдэх болжээ.
Тухайлбал, сонгуулийн дараа өөр намтай хамтрах, олонхи болсон тохиолдолд Засаг даргын орлогчоор хэнийг томилохыг зөвхөн намын хорооны хурлаар шийддэг намын дүрмийг зөрчин, МАН-тай хамтран дүүрэгт эрх барьж, дүүргийн Засаг даргын орлогчоор тус дүүргийн МАН-ын хорооны дэд дарга У.Өнөрцэцэгийг томилон ажиллуулж байгаа аж.
Энэхүү дүрмийн бус үйлдлийн талаар Ардчилсан намын нэр бүхий гишүүд Дүрмийн хороонд гомдол гаргахад тус хорооноос намын дүрмийг ноцтой зөрчсөнийг тогтоосон.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын долоон хэлтэс албадын дарга нарын хоёр нь Ардчилсан нам, тав нь МАН-ын гишүүн байсан хүмүүс томилогдсон байгаа аж.
Мөн өөрийн үзэл бодол байр сууриа гишүүний хувьд чөлөөтэй илэрхийлсэн, намд олон жил зүтгэсэн гишүүдийн дүүрэгт ажиллаж байгаа үр хүүхэд, хамаатан садныг ялгаварлан гадуурхаж, ажлаас халах явдал газар авсан байна.
Иймээс Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, намын дүрмийг ноцтой зөрчин Ардын намынхантай хуйвалдан төрийн ажил хийдэг болсон Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэлийг хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийж, алдаагаа засахгүй бол улс төрийн хариуцлага хүлээлгэх болно гэдгийг энэхүү мэдэгдэлд анхааруулжээ.

Г.ХОРОЛ
3,607.57















































