niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 22:32 UTC Эх: https://news.mn/r/2809951/ de748a36ee138982… ← niitlelch.mn руу буцах

Төрийн албаныхны нэмэгдлийг бууруулах Засгийн газрын төлөвлөгөө бүтэлгүйтэв

Хуучирсан мэдээ: 2025.06.28-нд нийтлэгдсэн

Төрийн албаныхны нэмэгдлийг бууруулах Засгийн газрын төлөвлөгөө бүтэлгүйтэв

Төрийн албаныхны нэмэгдлийг бууруулах Засгийн газрын төлөвлөгөө бүтэлгүйтэв

Шинээр байгуулагдсан Засгийн газар 2025 оны төсөвт тодотгол хийх хүрээнд төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг бууруулах зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд оруулж ирсэн ч УИХ өчигдөр /2025.06.26/ хүлээн зөвшөөрсөнгүй.

Иймээс энэ оны тухайд төрийн албан хаагч нар цалин, урамшуулалтай холбоотой бүхий л нэмэгдлүүдээ хасалтгүйгээр авах боллоо.

Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд төрийн албанд 15 жил ажилласан хүн тэтгэвэрт гарахдаа 36 сарын тэтгэмж авдаг байх, цалингийн нэмэгдлийг 40 хувьд багтаах, 230 орчим мянган төрийн албан хаагч дотор докторын эрдмийн зэрэг хамгаалсан 1215 албан хаагчдын ТЗ, ТТ, АА, УТ ангилалд ажиллаж байгаа 500 хүрэхгүй докторын эрдмийн зэргийн нэмэгдэл тооцохгүй байх зэрэг зохицуулалтыг тусгасан байсан юм.

Энэ асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг мөн хэлэлцээд төслөө татан авахыг Засгийн газарт чиглэл болгосон.

Мөн Үндэсний аудитын газар нь Монгол Улсын 2025 оны төсвийн тодотгол болон дагалдан өргөн мэдүүлсэн төслүүдэд хийсэн дүгнэлтдээ "Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд заасан  төрийн албан хаагчдын тоог 9 хувь бууруулахаар заасныг нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан энэ оны хоёрдугаар хагасаас хэрэгжүүлж эхлэхээр тооцсон. Энэ нь бодлогын хувьд зөв боловч ажлын байрны чиг үүргийн давхардал, ажлын ачаалалд бүрэн шинжилгээ хийлгүйгээр бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарын харьяа орон тоог жигд бууруулах нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулж болзошгүй. Иймд төсвийн ерөнхийлөн захирагчдад өөрийн хариуцсан салбартаа чиг үүргийн шинжилгээ, ажлын байрны ба бүтээмжийн үнэлгээг хийсний үндсэн дээр ажлын ачааллыг оновчтой хуваарилах зорилгоор харьяа байгууллагуудынхаа орон тоонд зохицуулалт хийх боломжийг  олгох асуудлыг судалж үзэхийг анхааруулсан.

Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг шууд бууруулах биш, ажлын бүтээмжээс хамаарсан нэмэгдэл урамшуулал болон хуульд заасан нэмэгдэл, үндсэн цалин гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй болгох зэргээр бүтээмж, үр дүнд чиглэсэн цалин хөлсний тогтолцоог бий болгох чиглэлээр судалгаа тооцоолол хийж, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгох нь зүйтэй хэмээн санал болгосон байв.

Төрийн нууцад хамаарах байгууллагууд болон орон нутгийн төсвийн байгууллагын орон тоог оруулахгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын харьяа сул орон тооноос бусад цомхотголд орж буй албан хаагчдад Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-т заасны дагуу  олгох 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн дүнг дунджаар тооцоолж үзэхэд 26.8 тэрбум төгрөгийн зардал шаардагдахаар байгааг энэ хуулийн төслийн хэлэлцүүлэгийн үед шийдвэрлэх, гарц, шийдлийг олох шаардлагатай. Ингэснээр УИХ-аас хууль батлагдаж, хэрэгжилтийг хангахад төсөв захирагч нарт тулгарах хүндрэлээс сэргийлж чадна хэмээн үзсэн байв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
11
ХахаХаха
4
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж